Мобиком Корпораци Онцгой Байдлын Ерөнхий Газарт ой хээрийн түймэр унтраагч үлээгч багаж хандивлалаа
2015 оны 6 дугаар сарын 10 – Монгол Улсын тэргүүлэгч харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч Мобиком Корпораци нийгмийн хариуцлагын үйл ажиллагааныхаа хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газарт 25 ширхэг ой хээрийн түймэр унтраагч үлээгч багажийг хандивлан өгч байна.
Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагаа дээдлэн, алслагдсан орон нутгуудад сурч, амьдарч байгаа хүүхдүүдийн ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн нөхцөл байдлыг сайжруулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, устаж үгүй болох аюул тулгараад буй нэн ховордсон ан амьтдыг авран хамгаалах, онцгой байдал, гамшгийн үеэр олон нийтэд мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлд өргөн хүрээний нийгмийн хариуцлагын үйл ажиллагаа хэрэгжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулдаг билээ.
Бид өмнө нь хиймэл дагуулын холбооны төхөөрөмж бэлэглэх, олон нийтэд зориулсан мэдээлэл түгээх зэрэг чиглэлээр Онцгой Байдлын Ерөнхий Газар болон түүний орон нутаг дахь салбар байгууллагуудтай хамтран ажиллаж байсан арвин түүхтэй. “Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Онцгой Байдлын Ерөнхий Газарт дэмжлэг үзүүлж байгаадаа туйлын таатай байна. Энэхүү төхөөрөмжүүдийн тусламжтайгаар манай зоригт аврагчид олон мянган хүний амь нас, эд хөрөнгө, бэлчээр нутаг, ой мод, буянт малыг авран хамгаалж чадна гэдэгт итгэл төгс байна.” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй хэлсэн юм.
Мобиком Корпораци нь байгуулагдсан цагаасаа хойш нийт 5 орчим тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаандаа зарцуулсан бөгөөд эдгээрийн заримаас нь дурдвал орон нутгийн ЕБС сургуулиудад ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих төсөл, орон даяар хэрэгжүүлж буй Хүүхдийн тусламжийн утас 108 төсөл болон Улаанчулуутын хогийн цэг дээр амьдарч буй хүүхдүүдийн боловсролыг дэмжих төсөл зэрэг болно.
Мобиком Корпорацийн тухай
Мобиком Корпораци нь 1996 оноос үүрэн холбооны үйлчилгээг анх нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл эдийн засаг, бизнесийг хөгжүүлэх шинэ арга замыг нээх мэдээлэл, харилцаа холбооны нэн чухал үйлчилгээнүүдийг олгосоор ирсэн билээ. Мобиком 64 салбар, 2200 диллерийн сүлжээ, 11,000 гаруй борлуулалтын цэгээр дамжуулан, Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувийн тасралтгүй өсөн нэмэгдэж буй харилцаа холбооны хэрэгцээг хангахыг зорин ажиллаж байна. Мобиком Корпораци Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 болон Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 27001 стандартуудаар баталгаажсан цорын ганц харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч билээ.