Цэцэг тасдахгүйгээс л байгалиа хайрладаг болж төлөвшинө

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Цэцэг тасдахгүйгээс л байгалиа хайрладаг болж төлөвшинө

Цэцэг тасдахгүйгээс л байгалиа хайрладаг болж төлөвшинө

Сургуулийн босго алхаж, эрдмийн их өргөөний эзэд болсон зургаан настнуудын зуны амралт хэдийнэ эхэлж, зуслангууд үүдээ нээгээд байна. Хүүхэд багачуудын цовоо цолгиун дуунаар өвлийн турш нам гүм, эл хуль байсан зуслангийн жавар үргэж, амь орсон гэлтэй хөл хөдөлгөөн ихэсчээ. Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн аваад хэдхэн хонож буй энэ үед “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлттэй танилцав. ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй уг төслийн нээлт өчигдөр болж, “Найрамдал”-ын “зочин” 500 орчим хүүхэд үр шимийг нь хүртсэн анхны амрагчид болсон юм.

Энэхүү төслийн хүрээнд зусланд амрагч хүүхдүүдэд экологийн боловсрол олгох зорилгоор “Найрамдал” цогцолборын Хөгжлийн төвийн хоёр танхимыг “Хангайн бүс” болон “Говийн бүс” болгон засаж тохижуулжээ. ХААН Банк Сангаас өнгөрсөн оны сүүлчээр “Ногоон төсөл”-ийн уралдаан зарлаж, тус цогцолборын төсөл шилдгээр шалгарсан бөгөөд бүх санхүүжилтийг банкнаас гаргаж, ийнхүү хүүхэд багачуудад эх дэлхийгээ хайрлах, судалж танин мэдэхэд маш хэрэгтэй, эко орчин бүрдүүлсэн юм байна.

 БИ НОГООН ДЭЛХИЙН ХҮҮХЭД” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД  ХҮҮХЭД БАГАЧУУДЫН МЭДЛЭГ БОЛОВСРОЛД АНХААРНА

  ХААН Банкны Гүйцэтгэх захирал ЖОН БЕЛЛ:  

-Анх удаа хүүхэд багачуудын өмнө үг хэлж байна. Энд маш сайхан юм. Хүүхэд насны минь дурсамжийг санагдуулсан энэ газарт хүүхдүүд та бүхний боловсролд хувь нэмрээ оруулж буйдаа маш их баяртай байна. ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ бага ч атугай оруулж байгаа. Үүний нэг нь “Би ногоон дэлхийн хүүхэд” төсөл юм. Энэ төсөл нь тогтвортой, урт хугацаанд хэрэгжин олон мянган хүүхэд багачуудын мэдлэг боловсролд, цаашлаад төлөвшилд хувь нэмрээ оруулах юм гэлээ.

ХААН Банк хоёр жилийн өмнөөс компанийн нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөжүүлж, НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бодлогын хүрээнд дэмжин, урт хугацаанд банкны үйл ажиллагааны түвшин бүрт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж буй.

        ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛООР ДАМЖУУЛАН ХҮҮХДҮҮДИЙГ ЗӨВ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШИХӨД АНХААРНА

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын дэд захирал Б.ОТГОНБАТ:  

-Бидний зүгээс “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн хүрээнд хүүхдүүдэд Монгол орны байгаль, бүс бүслүүрийн тухай ойлголтыг орчноор нь дамжуулан өгөхөөс гадна сургалтын хөтөлбөр боловсруулахаар агуулга арга зүйн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна. Нэг удаагийн төсөл хэрэгжүүлээд орхичихгүй. Цаашид ХААН Банктай хамтран дараа дараагийн хэрэгжүүлэх төслүүдээр дамжуулан хүүхдүүдэд жигүүртэн амьтан, Монгол орны ан амьтдын тухай мэдээлэл өгөх орчныг бүрдүүлэхэд анхаарна. Зөвхөн байгаль экологийн мэдлэг мэдээлэл олж авахаас гадна хүүхдүүд гадаад орчны айдсыг даван туулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, урлагийн хөтөлбөрүүдээр дамжуулан урлагийн боловсрол олгохыг бид зорьж байна. Зусланд хүүхдүүд тоглож амрахаас гадна ямарваа нэгэн зүйл хийж өөрийгөө олоход нь туслахад бидний гол зорилго оршино. Хүүхдүүдэд экологийн боловсролоор дамжуулан байгаль орчноо хайрлах сэтгэл, мэдлэг боловсрол олгосноор ирээдүйд зөв хүн болж төлөвшинө. Нэг цэцэг тасдахгүй, гишгэж буй өвс ургамлаа арчилж хайрлахаас л байгаль орчноо хайрлах сэтгэл, зөв төлөвшил сууна. Цэцэг тарьж үзсэн хүн хүнийг хайрлах сэтгэлтэй хүн чанартай зөв хүн болно шүү дээ гэлээ.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 40 орчим багш ажиллаж байна. Тус зуслан нэг ээлждээ зуны улиралд 600 орчим, өвөлдөө 250 гаруй хүүхэд хүлээн авдаг бол жилдээ 40 мянга орчим хүүхдэд үйлчилдэг аж. Зусланд амарч буй хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ тоглож наадахын зэрэгцээ хөгжмийн боловсролоор дамжуулан авьяасаа нээн илрүүлэх, баримлын шавраар бүтээл урлах, ханан авиралтаар хичээллэж, өндөрт гарч айдсаа даван туулах гэх мэт өөрсдийн сонирхож буй клубт хамрагдан амрангаа их зүйл сурч мэддэг аж. Тус цогцолборт амарч буй хүүхэд багачууд мөн цэцэг тарьж, дуу шүлэг сурч, байгаль орчныхоо тухай ан амьтдын талаарх мэдлэг мэдлэгтэй болсноо энэ үеэр хэлж байсан юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж