“1.2 сая еврогийн авлигад дэд сайд асан О.Эрдэнэбулган холбоотой”
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Тус хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэхийг дэмжээгүй бөгөөд уг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 97.7 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм. Манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж байдаг. Цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт өсөх төлөвтэй байна. Гэтэл уг хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих шаардлага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт гарчээ. Түүнчлэн хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчилж Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсээд байгаа аж. Дээрх бэрхшээлийг арилгах үүднээс Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Тэсэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг 20 үйлдвэр Улаанбаатар хотод ажиллаж байна. Гэтэл Монгол Улсын хүн амын 50 хувь нийслэлдээ амьдарч байгаа. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэж, тэсэрч, дэлбэрэх бодис үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг нийслэлээс хол байрлуулахгүй бол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Цаашлаад салютаас эхлээд хий хүртэл тэсэрч дэлбэрдэг бүх асуудлыг нэг хуулиар зохицуулдаг болох шаардлагатай гэдгийг хэлэв.
Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Засгийн газрын гишүүд 10 сая, 1.2 ам.доллартай холбоотой авлигын хэрэгт холбогдсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Ер нь аливаа мэдээлэлд холбогдох хүмүүс нь тухай бүрт нь хариу тайлбар өгч баймаар гэхэд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 10 сая ам.доллар гэдэг худлаа зүйл болохыг хууль хяналын байгууллагынхан хэлж байгаа. Энэ бол цуу үг. Хоёрдугаарт 1.2 сая еврогийн асуудал дэд сайд асан О.Эрдэнэбулган гэдэг хүнтэй холбоотой. Өнөөдрийн Засгийн газартай огт холбоогүй. Үүнийг АН болон тухайн үеийн Засгийн газар тайлбарлах ёстой. Холбогдох материалууд нь ирсэн.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-10 сая ам.доллартай холбоотой асуудал хамгийн анх нэг сонинд гарсан. Энэ талаар АТГ, тагнуул, цагдаагийн байгууллагад ямар ч мэдээлэл ирээгүй. ХХБ-тай холбоотой туйлын ноцтой мэдэгдлийг зарим хүмүүс телевизээр цацсан. Тэгээд шалгах гэхээр улс төрийн зорилгоор шалгах гэж байна гээд ирдэггүй. Худлаа тараасан мэдээлэл болгоны төлөө шуугих учир утгагүй байна. Хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх нь улстөрчдөд, тэр дундаа нэг номерт явж байсан хүмүүс дээр байх ёстой. Үнэхээр асуудал ярьсан бол үнэн мөнийг нотлох хэрэгтэй.
Үргэлжлүүлэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн олонх буюу 70 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Уг хуулийн төсөл нь “Монголросцветмет” ХХК-ийн талаар ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болсонд тооцож, улмаар уг аж ахуйн нэгжийг 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд болгож ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. Учир нь Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаа ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс шилжсэн тул Монгол-Оросын “Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан “Хэлэлцээр соёрхон батлах тухай” 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай болсон байна.
Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа.
Хуулийн төслүүд батлагдлаа
Үдээс хойших чуулганы хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслөөр санал хураалт явуулахад тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй тул санал хураахад гишүүдийн 53.5 хувь дэмжиж батлав.
Төрийн албаны тухай хуульд заасанчлан, төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналд үндэслэн УИХ тогтоохоор тусгасан. Ингэхдээ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалтанд хамаарахгүй байхаар боловсруулжээ. Эдгээр албан тушаалтны цалингийн хэмжээ, сүлжээг УИХ-аас тусгайлан тогтоож байгаа учир давхардал үүсгэхгүй байх зарчим баримталжээ. Итгэлцүүрийг батлахдаа, Яамны төрийн нарийн бичгийн даргын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах хэмжээг суурь болгосныг хэвээр мөрдөнө. Ингэснээр төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэх, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрт итгэлцүүрт харгалзах коэффициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг, түүнтэй адилтгах зэрэглэлийн албан тушаалтны цалингийн хэмжээ нь дагаж нэмэгдэж байх юм гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Төрийн албаны тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн тул, үүнтэй уялдуулж тус тогтоолын төслийг дээрх хугацаанаас хүчинтэй болгохоор зохицуулжээ. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж Засгийн газар үзсэн байна.
Дараа нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь дэмжлээ.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Дамба-Очир нарын зургаан гишүүн өнгөрсөн оны 10 дугаар сард өргөн барьсан юм. Хуулийн төсөлд дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд хязгаарыг 8 ам.цент хүртэл байхаар тусгажээ. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Мөн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг
батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав. Хуулийн төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хүрээг нарийвчлан уялдуулж, хууль хоорондын хийдэл, зөрчлийг арилгаж ажиллалаа. Үүнд Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хууль, хүүхэд хамгаалалттай холбоотой нийтдээ 20 гаруй хууль тогтоомжид заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
ЖДҮХС-аас 300 хүртэлх сая төгрөгийн зээлийг олгох хуулийн төсөл батлагдлаа
УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын өргөн барьсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
2017 оны байдлаар бүртгэлтэй 155,065 аж ахуйн нэгжээс 78,585 нь үйл ажиллагаа явуулж байгаагаас эдгээрийн 86 хувь нь жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт хамаарч 800 гаруй мянган хүн ажиллаж байгааг хууль санаачлагчид дурдсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид 1 хувийн татвар ногдуулах болсонтой холбогдуулан хуулиудын уялдааг хангаж, дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид онцолж буй.
Уг хуулийн төсөл ийн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд дараах боломжууд нээгдэх юм. Тухайлбал,
-Жилийн 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН нэгж “бичил" гэсэн ангилалд хамаарч байсныг 300.0 сая төгрөг,
-250-500.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч"-д хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.
Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох юм.
Үдээс хойших чуулганы хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслөөр санал хураалт явуулна.
ҮХЦ-ийн гишүүнээр Г.Баясгаланг томиллоо
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг дэвшүүлж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан.
ҮХЦ-ийн гишүүн Г.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул түүнийг чөлөөлөхийг гишүүдийн 79.6 хувийн саналаар дэмжсэнээр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Цэцийн гишүүнээр томиллоо.
Г.Баясгалан 1981 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр 10 жилийг, 1985 онд Москва хотын улсын сургуулийг дүүргэсэн. Эрхзүйч мэргэжилтэй. 1991-1999 онд Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын туслах, прокуророор, 1999 оноос ХЗДХЯ-ны Газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2018 оноос ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байна.
Тус томилгоотой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
Г.Баясгаланг хувь хүнийх нь хувьд дэмжиж байна. Сүүлийн үед Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулийг ноцтой зөрчдөг болсон. Улстөрийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон. Үндсэн хуулийн цэц өөрсдийнхөө санаанд нийцсэн зүйлийг авч хэлэлцдэг, санаанд нийцээгүйгээ хав дардаг болсон. Үндсэн хуулийн цэцэд итгэх итгэл, Үндсэн хуулийн манаач гэдэг ойлголт нь бүр холдсон. Хамгийн сүүлд нөхөн сонгуультай холбоотой гаргасан шийдвэр нь . Үндсэн хуулийн цэцийн тухай хууль гэж бий. Энэ хуульд Цэцийн гишүүдийг хугацаанаас нь өмнө огцруулдаг үндэслэл байгаа юу. Үндсэн хуулийн цэцийн улс төрийн шийдвэрт нь бид тоглоом болж суугаад байх юм уу. Ийм Үндсэн хуулийн цэц Монголд орших ёсгүй. Үндсэн хуулийн цэцийн Одбаяр тэргүүтэй нөхдүүдийг хугацаанаас нь өмнө огцруулах шаардлагатай. Үндсэн хуулийн цэц ингэж Монголын төрөөр тоглож болохгүй. Ээлжит болон нөхөн сонгуулийг зарлах хугацааг мэддэггүй Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр яах юм бэ. Мөн улсын төсвийн бүрэлдэхүүнд юу юу ордгийг ойлгодоггүй Цэцийн гишүүдийн толгойг нь илээд суугаад байх юм уу.
Бүхэл бүтэн нэг тойрог УИХ-д төлөөлөлгүй байхад нөхөн сонгууль болбол иргэдийн бухимдал нэмэгдэн гэсэн хачин логик гаргаад сууж байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг яах юм бэ. Монголын төрийг хуульгүй болгохд Үндсэн хуулийн цэц маш том хувь нэмэр оруулж байна шүү. Үүнд надад хариулт өгөөч. УИХ-аас томилогдож Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр очих Г.Баясгалан энэ байдал руу маргааш нь гулгаад орчихов. Онцгой анхааруулж хэлье.
Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татдаг хуулийн зохицуулалт бий. Үндсэн хуулийн цэц өргөдөл дардаг болж хувирсан гэдгийг өчигдөр би байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн. Дарсан олон өргөдөл бий. Үндсэн хуулийн цэц өөрийн санал нийлж байгаа өргөдөл, гомдлыг хэлэлцээд эсрэгээрээ санал нийлэхгүй асуудалд гар дүрэхгүй, алсаас хараад сууж байдаг газар байж болохгүй. Үндсэн хуулийн цэц ирсэн маргаан бүрийг цаг тухайд нь шийддэг байх ёстой. Гэтэл ойлгомжгүй байдлаар ажилладаг болсон. Үндсэн хуулийн цэцийн гишүүн дархлагдсан хүн гэж бодох хэрэггүй. Хуулийн хариуцлага тооцох боломж бүрэн бий. Өөрсдийнх нь дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшиж буй Г.Баясгаланг дэмжиж байна. Үндсэн хуулийн цэцийн талаар хэлж байгаа гишүүдтэй санал нийлж байна. Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага уг нь нэр хүндтэй, анхаарлын төвд байдаг том байгууллага. Гэтэл сүүлийн үед Үндсэн хуулийн цэцээс гаргаж байгаа шийдвэрүүд Үндсэн хуулийн цэцийн нэр хүндийг унагаалаа. Сүүлд нөхөн сонгуулийн талаар гаргасан шийдвэр нь гээд өмнө нь Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуультай холбоотой гомдол Үндсэн хуулийн цэцэд ирсээр байтал өнөөг хүртэл хэлэлцээгүй. Үүнээс харахад Үндсэн хуулийн цэц хэн нэгэн албан тушаалтны захиалгаар ажилладаг болсон гэдэг нь шууд харагдаж байна. Цэц улс төрийн хамааралтай болчихвол хууль зөрчсөн тухай асуудал ярих хэрэггүй болж байна. Бид асуудалд зарчимтай хандаж сурмаар байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүх шүүгчдээс дээгүүр ноён өндөрлөг юм. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн улс төрч хүн очиж болохгүй. Би мэргэжлийн хуульчид орж ирвэл дэмждэг. Г.Баясгалан даргыг УИХ-аас нэр дэвшүүлж байгаад би баяртай байна. Энэ хүнтэй өнгөрсөн гурван сарын хугацаанд амаргүй сорилт дундуур хамт ажиллалаа.Өнжин хононо, нойргүй олон ээдрээт асуудлын дундуур хамт ажилласан. Мэргэжлийн гаргалаатай, Монгол Улсын бэлтгэгдсэн боловсон хүчин юм байна гэдгийг хараад хувьдаа би баярласан. Энэ хүнийг явуулснаар ЗГХЭГ хохирол амсана. Гэхдээ Үндсэн хуулийн цэц чадавжих гэдэг утгаар УИХ-ын саналыг Засгийн газар хүлээж авсан. Цаашид Үндсэн хуулийн цэцэд шинэчлэлт хийх ёстой шүү гэдгийг Г.Баясгалан даргаас хүсье. Г.Баясгалан даргад амжилт хүсч байна.
Д.Эрдэнэбат гишүүний хэлсэнтэй холбогдуулж хэлэхэд, хүний өөдөөс харж байгаад улайхгүй худлаа ярьдаг хүмүүс улс төрөөс зайлаасай гэж бодох юм. Бусад руу булзааж болохгүй. Д.Эрдэнэбат дарга өөрөө Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар УИХ-ын гишүүнээсээ татгалзаад шалгуулчих. Ийм хүмүүс Монголын төрийн босгоор дахиж алхахгүй байх талаар бодох хэрэгтэй. Энд орж ирээд их сайхан зүйл ярих юм.
“Үндсэн хуулийг өөрчлөх гээд улайрч байгаа нөхдийг сонгуулиар хусах хэрэгтэй шүү, ард түмэн"
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлаас өмнө гишүүд үг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Цаашдаа УИХ-аар хэлэлцмээр байна. Ажлын хэсэг сайн ажилласан гэдгийг МАН-ын бүлэг болон Эдийн засгийн байнгын хороо дүгнэсэн. Одоо ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар оруулж албан ёсны шийдвэрээ гаргах хэрэгтэй. Би энэ талаар олон удаа яримааргүй байна. Бүтэн жилийн хугацаанд ажиллаж дүгнэлт саналаа гаргасныг УИХ-аар оруулж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Гадна, дотоодын хүлээлтээс гадна Монгол Улсын Засгийн газар Рио-Тинто компанитай ширээний ард суух зэрэг чиглэл гарахгүй бол нийгмийн хүлээлт өндөр байна. Энэ асуудлыг маргааш УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах шаардлага байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Оюутолгой"-той холбоотой асуудлаа Эдийн засгийн байнгын хороо шийдвэрийн төслөө гаргана. Шийдвэр гараагүй байхад УИХ шийдвэр гаргахгүй. Байнгын хороо шийдвэрээ гарга" гэлээ.
Ингээд хэлэлцэх асуудалдаа орлоо. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Үндсэн хуулийн цэц дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар зөвлөлдөх санал асуулгатай холбоотой гомдол гаргасан байна. Тавдугаар сарын 20-ны үеэр хэрэг маргаан ч үүсгэсэн байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг явуулах үеэр 1500 хүнийг 21 аймгаас түүврийн аргаар авчирч хийчхээд гарсан төслөө 21 аймгийн ярьсан гээд одоо УИХ-д өргөн барих гэж байгаа энэ үед чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуулийн төслийг нь хэлэлцэх гэтэл Үндсэн хуулийн цэц дээр анхны зөвлөлдөх санал асуулга Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал яах уу. Ер нь Үндсэн хуулийг хэлэлцэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдлыг гаргавал яах юм бэ. Үүнийг Дэгийн тухай хуульдаа зохицуулсан уу. Манайх өнөөдөр Үндсэн хуулийн цэцгүй болсон. Яагаад гэвэл Цэц нь өргөдлөөр маргаан үүсгэдэг болсон. Уг нь бол өргөдлөөр бус Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэл бүхий өргөдлөөр маргаан үүсгэх ёстой. үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс үүдэж нөхөн сонгуулиа ч хийж чадахгүй байгаа ийм үед дэгийн хуулийг хэлэлцэх ач холбогдол байгаа юм уу.
Хоёрдугаарт, энэ хуулиар УИХ-ын гишүүн босож үг хэлэх заалтаа хассан уу. үүнийг хасахгүй бол хэцүү. МАН-ын бөхчүүд, хүнд гарууд олонтой. Ганц микрофоныг тэврээд хэвтчихвэл мань мэт шиг хүмүүс нь түлхэж чадахгүй үг хэлэх эрхээ алдана шүү дээ. Бөөн ноцолдоон болно байх. Дэгийн хуулиа мөрдөхгүй бол хариуцлагыг нь тусгасан уу.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөх хуулийн төслийн талаар явуулсан зөвлөлдөх санал асуулга Үндсэн хууль болон чуулганы дэгийн тухай хуулийг зөрчөөгүй.
Өнөөдөр хэлэлцэж байгаа хуулийн төсөлд гишүүд босож үг хэлэх гэсэн асуудал байхгүй. Тусдаа хууль. Гишүүд босох үг хэлэх заалт Х.Нямбаатар нарын гишүүдийн санаачилсан Дэгийн тухай хуульд бий. Босож үг хэлэх тухай заалтыг хэлэлцүүлгийн явцад хасах талаар ажлын хэсэг дээр ярьж байгаа юм билээ.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын дагуу дэмжсэн, дэмжээгүй гэж гишүүд үг хэлж байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
Болгоомжилсон үүднээс хэлэх зүйл байна. Одоо баяр дөхөөд эхэлсэн. Үндсэн хууль руугаа гар дүрчих гээд л эхэллээ дээ. Чуулганы дэгийн тухай хуулийг янз бүр болгох гээд, хүн үхтлээ УИХ-ын гишүүн байх шаардлагагүй. Цаг хугацаа хүнийг хязгаарлана. Залуу үе төрж гарна. Улайраад л хамгийн олон сонгогдсон нь манлайлаад л сүргийн тэргүүн болж ямаа шиг авирлан Үндсэн хууль руугаа гар дүрэх гээд гүйж байна. Үндсэн хуулийг анх баталсан хүмүүс та биднийг бодоход нийгмээсээ шалгарсан, мөнгөнд автаагүй ийм үед хийсэн. Гэтэл бид сайжрууллаа гээд долоо дордуулсан. Одоо 70 дордуулах гээд улайрч байна. Энэ нөхдүүдийг ард түмэн сонгуулиар очихоор нь нам хусах хэрэгтэй шүү. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, зүтгүүлж байгаа гишүүдийг сайн тогтоох хэрэгтэй. Тэгээд сонгуулиар очихоор нь хариуцлага тооц. Надад одоо үүнээс өөр арга алга. Би цөөнх болох байх. Хэлэх үгээ хэллээ.
Ингээд зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж дууссанаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эхэллээ. Хуралдаанаар нийт 12 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,
1.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлүүлэг/;
3.“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
4.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
5.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
6.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
7.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
8.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
9.“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
10.Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
11.Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлт;
12.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
Холбоотой мэдээ