Итгэлийн зээлд 200-300 тэрбум төгрөг гаргахаар тооцоолж байна

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Итгэлийн зээлд 200-300 тэрбум төгрөг гаргахаар тооцоолж байна

Итгэлийн зээлд 200-300 тэрбум төгрөг гаргахаар тооцоолж байна

­УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга, Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Яагаад Итгэлийн зээл олгох тухай хуулийн төслийг боловсруулах болов гэдгээс яриагаа эхлэх үү?

-2016 оны МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтанд “Итгэлийн зээл”-ийг олгож өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээр тусгасан. Дээрх заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг болон мэргэжлийн багаас бүрдсэн дэд ажлын хэсэг байгуулагдан богино хугацаанд маш сайн ажиллаж хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төслөө МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлснээс гадна  Хууль тогтоомжийн хуулийн дагуу Засгийн газраас болон холбогдох ТББ-уудаас санал авахаар албан тоот явуулсан байгаа. Засгийн газар болон бусад байгууллагуудаас санал ирэнгүүт бид УИХ-д өргөн барина.

-Хуулийн зорилго, үндэслэлийг товчхон дурьдахгүй юу?

-Өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч, ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 45-аас доош насны бие эрүүл, ухаан саруул иргэн байна. Монголын хөгжлийг сэвхийтэл татах учиртай залуус маань өнөөдөр ажилгүйчүүдийн эгнээнд багтаж амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна. 2011 оны эдийн засгийн өсөлт 17,6 хувийн огцом өсөлттэй үед ч 3 хүн тутмын нэг нь ядуу,  ажилгүйдлийн түвшин 7.1 хувьтай байсан. Гэтэл 2018 оны хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5,5 хувь, 3 хүн тутмын нэг нь ядуу, ажилгүйдлийн түвшин 7.5 хувь байсаар байна. Монгол улс 30 орчим жил ажилгүйдэл, ядууралтай тэмцэж  ирсэн ч бодитой үр дүн өгөхгүй байна. Орлогын тэгш бус хуваарилалт улам газар авч иргэд улам бүр бухимдсаар. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, өрхийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлийн төрөл бүрийн хөтөлбөрүүдийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлүүд олон байдаг ч эзэндээ очиж чадахгүй байна. Гол шалтгаан нь тэдэнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгө байдаггүйд л байгаа юм.

Иймээс энэ хуулийн төсөл нь Монголын төр иргэддээ нэг удаа итгээд барьцаа хөрөнгө шаардахгүйгээр өрхийн бичил бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл олгож  өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой л үйлчилгээг бий болгох явдал юм. Өрхийн орлого нэмэгдсэнээр Монгол Улсын  эдийн засгийн эргэлтэд эерэг нөлөө үзүүлж, ажилгүйдэл, ядуурал тодорхой хэмжээнд буурч тухайн орон нутгийн тогтвортой хөгжилд дэмжлэг болох эерэг нөлөөтэй гэж харж байгаа. Мөн зээл олголтоор хөшүүрэгдэн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх замаар өрхийн болон хувь хүний хөгжил, санхүүгийн сахилга батыг төлөвшүүлэх олон талын ач холбогдолтой.

-Итгэлийн зээлийг хэн авч болох вэ, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Хуулийн төслөөр зээл хүсэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй, өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэх бизнес төлөвлөгөөтэй Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн байна. Үүнээс гадна санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хамрагдсан байх ба орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээдээр батлан даалт гаргуулах шаардлагыг тавьж байгаа. Хууль батлагдсаны дараа бид журмаар нарийн зохицуулалт хийж бүрдүүлэх материалын жагсаалт гаргана.

-Санхүүгийн ямар байгууллагаас итгэлийн зээл хүсэх боломжтой вэ?

-Төсөлд арилжааны банкаар дамжуулан олгоно гэсэн байгаа. Итгэлийн зээлийг “өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл тул төрөөс үүсгэн байгуулагдсан Төрийн банкаар дамжуулан олгохоор төлөвлөж байна. Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа банк юм.

-Итгэлийн зээлийг хэдэн удаа авах боломжтой вэ?

-Итгэлийн зээлээ хугацаанд төлсөн хэн боловч дахин зээл хүсэх эрх нь нээлттэй.

-Зээлээ хугацаанаас нь өмнө төлөх боломжтой юу?

-Мэдээж хэрэг зээл аваад, үр ашгаа өгсөн тохиолдолд тэр зээлдэгч хугацаанаасаа өмнө зээлээ төлөх боломжтой. Дараа нь зээл авах хэн нэгэнд тэр санхүүжилт хэрэгтэй шүү дээ.

-Ипотекийн болон бусад зээлтэй хүмүүс энэ зээлийг давхар авч болох уу?

-Хугацаа хэтэрсэн өр зээлгүй байгаад хуулийн шаардлага хангаж байвал болно.

-Итгэлийн зээл авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Хууль батлагдсаны дараа журмаар нарийн зохицуулалт хийж бүрдүүлэх материалыг нарийвчлан гаргана.

-Итгэлийн зээл хэзээнээс олгож эхлэх вэ?

-Итгэлийн зээлийн хуулийг 2019 оны хаврын чуулганд багтаан өргөн барина.  Энэ ондоо багтаан баталчихвал 2020 оноос олгож эхлэх болов уу.

-Санхүүгийн эх үүсвэрийг нь яаж шийдэх вэ?

-Төрийн тусгай сангууд, улсын төсвөөс 200-300 тэрбум төгрөгийн санхүүжилт  гаргахаар тооцоолж байна.

-Төрд ийм хэмжээний мөнгө байгаа юу?

-Олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, Засгийн газрын тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүрдүүлнэ гэхээр бүрэн боломжтой гэж үзэж байгаа.

-Хэдэн төгрөг хүртэл зээл авч болох вэ? Зээлийн хэмжээг ямар үндэслэлээр тогтоож байгаа ?

-Эрхлэх бизнесийнхээ хүрээнд хэрэгцээндээ тулгуурлаад иргэд 5, 10, 15 сая гээд өөрт шаардлагатай хэмжээгээрээ хүсэлтэй гаргаж зээл авч болно.  Харин ажлын хэсэг ярилцаад эхний ээлжинд дээд хязгаарыг 20.0 сая төгрөг байхаар саналаа оруулсан. Зээлийн сангийн судалгаанаас үзэхэд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20.0 сая дотор зээл авсан байна. Итгэлийн зээлийн дээд хязгаарыг 20 сая төгрөг гэж тооцоход нийт зээлдэгчдийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, хүү багатай, барьцаагүй зээл авах боломж бий болохоор байна.

-Ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй олгох вэ?

-Жилийн гурван хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай олгох санал оруулаад явж байна.

-Инфляцийг улам хөөрөгдөх юм биш биз дээ?

-Итгэлийн зээл нь хэрэглээний зээл биш монгол иргэнийг ажилтай орлоготой болгоход чиглэсэн бизнесийн зээл учраас инфляцийг хөөрөгдөнө гэж үзэхгүй байна.

-Итгэлийн зээлийг яг ямар хүмүүс, аж ахуйн нэгжид өгөх өөрөөр хэлбэл зорилтод бүлэг гэж хэнийг хэлээд байна вэ?

-Зорилтот бүлэг гэж үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүгийн дэмжлэг, эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байгаа тийм өрхийн болон бичил бизнес эрхлэгч иргэнийг хэлж байгаа юм. ААН энэ зээлд хамаарахгүй.

-Санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтад хаана хамрагдах вэ?

-Хуулийн төсөлд энэ асуудлыг журамлахаар зохицуулсан байгаа. Ер нь Монголбанк, СЗХ, БСШУСЯ, Олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэл нилээд ажил хийдэг, сургалт зохион байгуулдаг. Тиймээс иргэдийг төслөө үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд зориулан богино хугацааны сургалтууд явуулах боломжтой гэж харж байгаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд 2002 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Тогтвортой амьжиргаа” төслийн зээлийн гэрээний хүрээнд Бичил санхүүгийн хөгжлийн санг байгуулж тус сан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү Бичил санхүүгийн хөгжлийн сан олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үндэсний компанит ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд дотоодын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг тул энэ үйл ажиллагааг бас хамтран зохион байгуулах боломжтой байх гэж үзэж байгаа.

-Зээлийг зориулалтын бусаар ашиглаж байгааг яаж мэдэж, хянах вэ?

-Зээл олгож байгаа банк өөрөө тухайн зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналтаа тавиад явна.

-Зээлээ хугацаанд нь төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Итгэлийн зээлийг хугацаанд нь эргэн төлөөгүй иргэний зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд 20 жилийн хугацаанд хадгална. Энэ нь өөрөө тухайн иргэн дахин ямар ч зээлэнд өөрийгөө хамруулах боломжгүй болгож байна гэсэн үг юм. Мөн зориулалтын бусаар зарцуулсан нөхцөлд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор байгаа.

-Барьцаагүй зээл олгохоор эргэн төлөгдөх хөшүүрэг нь юу юм бэ?

-Орлогын тогтвортой эх үүсвэртэй гуравдагч этгээд батлан даалт гаргахаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. Өрхийн нэг гишүүн зээл хүссэн тохиолдолд өрхийн өөр нэг гишүүн болон өөр хэн нэгэн батлан дааж болно. Тэр батлан дааж байгаа хүн нь харин орлогын тогтвортой эх үүсвэртэй байх ёстой.

-Итгэлийн зээлийн эрсдэлийг хэн хариуцах вэ вэ?

-Энэ төрөөс санхүүжих бодлогын бага хүүтэй зээл. Дэлхийн жишгийг харахад хамгийн эргэн төлөлт сайтай зээл байдаг. Тухайн зээлдэгч төлж чадахгүйд хүрвэл батлан даагчаас нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

-Өрхийн аж ахуй, бичил бизнес хийж байгаа хүмүүсийг яаж тодорхойлж мэдэх вэ?

-Арилжааны банк нь өөрийнхөө журмын дагуу зээл хүсэгч иргэнийг судална. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж, тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болсон боловч үнэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг хэрэгтэй тэр айл өрх болон бичил бизнес эрхлэгчдийг тодорхой, сайн судалж энэхүү итгэлийн зээлийг олгох ажлыг хийх ёстой.

-Зээл авсан иргэн зээлээ эргүүлэн төлж чадахгүй асуудал үүсвэл яах вэ?

-Хариуцлагын асуудал яригдана. Бусад зээлийн нэгэн адил зарчмаар зээл олгосон арилжааны банк хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

-Иргэд барьцаагүй зээл авчихаад эргэн төлнө гэдэгт та хэр итгэлтэй байна? Таны бодлоор энэ зээлийн үйлчилгээнээс хэр үр дүн гарах бол.

-Эд хөрөнгийн барьцаа тавиагүй ч “Итгэл”ээ  барьцаалж байгаа. Мөн ойр дотны чинь хүн таныг зээлээ төлөхгүй бол би өмнөөс нь төлнө гэсэн батлан даалт гаргана. Хамгийн их итгэсэн хүний итгэлийг алдахгүйн тулд  хүн ер нь их хичээнэ дээ. Үүнээс гадна Зээл хүсэгч заавал санхүүгийн суурь мэдлэг олгох сургалтанд суусан байх шаардлага тавьж байгаа. Энэ бас санхүүгийн хариуцлагыг ойлгуулах чухал үүрэгтэй. Санхүүгийн боловсролгүйгээс өөрийгөө хохироох, илүү зардалд унах, орлого, зарлагын харьцаа алдагдах, зээлийн мэдээллийн санд муугаар хадгалагдах, бизнесээ хаах зэрэг нөхцөл байдалд хүрдэг. Итгэлийн зээл бол зорилтод бүлэгт чиглэсэн, өрхийн болон бичил бизнес эрхлэх, гарааны нөхцөлийг дэмжих зорилготой  бодлогын зээл юм. Үүнийг зөв, шударга, ухаалаг хэрэгжүүлж чадвал  олон айл өрх ядуурлаас гарч, ажил орлоготой болж,  улсын эдийн засгийн бааз суурь өргөжих нөхцөл бүрэлдэнэ.  Ийм замаар бичил бизнес эрхлэгчид өргөжиж, өөрсдийнхөө асуудлыг шийдэх төдийгүй айл хөршийнхөө, улмаар орон нутгийнхаа ард иргэдийн хэрэгцээг хангаж, цаашлаад бүс нутаг, улс орныхоо эдийн засагт эерэг нөлөөлдөг энэ үзэгдлийн ард бидний эргэлзэж гайхаад дэмжээд бас хардаад байгаа итгэлийн зээл л хөгжлийн эх сурвалж нь болж байгаа улс орон цөөнгүй байна.

-Олон улсын туршлагыг судалсан гэсэн. Энэ зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн олон орон байна уу? Үр дүнгийнх нь талаар мэдээлэл өгөхгүй юу. Үр дүн гарсан ямар улс орнууд байна.

-Энэ санаачилга, үзэл санааны хэрэгжилтийн суурин дээр  “Орон нутгийн эдийн засгийн хөгжил”  (Local Economic Development) нэртэй, өдгөө ихэд моодонд орж байгаа   онол хүртэл бий болж, дэлхийн улс орнууд туршиж амжилтанд хүрсээр байна.  Жишээ нь Өмнөд Солонгос Улсад 1970-аад онд тухайн үеийн ерөнхийлөгч Солонгосын эдийн засгийн орчинг шинэчлэх зорилгоор Saemaul Undong буюу “Шинэ тосгон”  нэртэй төсөл- санаачлага гаргаж, аж үйлдвэржилт хурдацтай хөгжиж байсан хот суурин газрын амьжиргааны түвшин, ядууралд өртсөн жижиг тосгод хоорондын ялгааг арилгах,  амьдралын үндсэн нөхцөл, орчныг сайжруулахад төвлөрч байсан бол  хожим төслүүд нь орон нутгийн томоохон асуудлыг шийдэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх загвар болж хөгжсөн гэдэг.

Манай хөрш ОХУ болон БНХАУ-д бага хүүтэй, барьцаагүй зээлийн бүтээгдэхүүнийг төрийн дэмжлэгтэйгээр иргэддээ олгож, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх стратегийг баримталж байна. Ялангуяа ОХУ-д 2013 оноос хойш  бичил зээлийн зах зээл хурдацтай хөгжсөн. Бичил бизнес эрхлэгчдэд жижиглэнгийн зээл олгож эхэлснээсээ хойш бараг 5 дахин өссөн нь хүлээгдэж байсан хүлээлтээс ч илүү үр дүнд хүрсэн гэсэн судалгаа бий. Өнөөдөр 2400 гаруй бичил санхүүгийн байгууллагаар дамжуулан 10 сая орчим иргэнд зээл олгожээ. Энэ арга хэмжээг зарим судлаачид барууны эдийн засгийн хоригийг хохирол багатай давах нэг чухал нөхцөл болсон гэж дүгнэх нь бий.

-Сүүлийн жилүүдэд БНХАУ энэ төрлийн зээлийг дэмжээд иргэдээ ядуурлаас гаргаад байна уу?

-БНХАУ-ын төрөөс бичил зээлийн бодлогыг түлхүү дэмжиж байна. Ашгийн бус байгууллагууд, засгийн газрын хөтөлбөрүүд, бичил зээлийн компаниуд, арилжааны банкууд, хөдөө тосгоны зээлийн хоршоодоор дамжуулан 2012 оноос хойш 6000 гаруй бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай байсан бол өнөөдрийн байдлаар хэдэн мянга дахин нэмэгдсэн байна.

Тэгэхлээр бидний итгэлийн зээл нэртэй энэхүү бичил зээл зорилтод бүлгийг дэмжих төдийгүй улс орны эдийн засгийн хөгжлийг тэтгэх, солонгоруулах, дороос ургаж тэлэх нөхцөлийг бүрдүүлдэг бодлогын чухал шийдэл гэж харж болно.

-Энэ төрлийг зээлийг санаачлагч нь Нобелийн шагнал хүртсэн гэсэн үү?

-Бангладеш улсын залуу эдийн засагч, доктор Мухаммед Юнус 1976 онд Итгэлийн зээлийн төслийг анх санаачилж эхлүүлсэн. Уг төсөл нь  1983 онд ядуу, бага орлоготой иргэдэд зориулагдсан банк болтлоо өргөжиж 100 мянган иргэнийг  ядуурлаас гаргасан туршлагаараа Нобелийн шагнал хүртсэн гэдэг. Энэхүү санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, зорилтот зах зээлээ тодорхойлж, үнэлгээ, шалгуур, зээл олгох, буцаан төлүүлэх өөрийн гэсэн өвөрмөц системийг бий болгосон  чадсан байдаг.

Өмнөд Африкт хэрэгжүүлсэн ядуурлыг бууруулах олон хөтөлбөрүүдийн нэг нь 2005 онд Сэргээн босголт, хөгжлийн хөтөлбөр нэртэйгээр Микро эдийн засгийн шинэчлэлийн стратегийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү стратеги нь газар зүйн тархалт, интеграцчилал, эдийн засгийн хараат бус байдал, санхүүгийн боловсрол, хувь хүний ур чадварын хөгжил зэрэгт төрийн оролцоотойгоор дэмжлэг үзүүлж, хүн амын олон тулгамдсан асуудлыг шийдсэн мэдээ бий.

-Маш сайхан санаачлага байна. Хуулиа хурдан батлуулж хэрэгжүүлж эхлүүлэхийг хүсье.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж