Сүүлийн жилүүдэд эх дэлхийн хязгаартай нөөц баялгийг хүн төрөлхтөн хязгааргүй мэт хэрэглэж байснаа ухаарч, байгаль орчинд ээлтэй, минималист буюу цомхон амьдрах хэв маягийн талаар эрчимтэй ярих болсон билээ. Бид гэр орондоо онцын ач холбогдолгүй хэрнээ байж байвал зүгээр, хэзээ нэг өдөр хэрэглэх байх гэсээр маш олон зүйлийг хурааж хуримтлуулсаар байдаг нь үнэн.
Гэтэл орчин тойронд байгаа юм бүхэн яг өөрт хэрэгтэй юү, өөрийн дуртай хайртай зүйлс мөн үү гээд бодохоор ихэнхидээ тийм биш болж таарна. Тийм учраас хамгийн түрүүнд зоригтой ХАЯХ хэрэгтэй гэж нэгэн япон бүсгүй хэлсэн байдаг. Энэ бол монголчуудад төдийгүй дэлхий дахинд “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номоороо танигдсан зохиолч, цэгцлэх урлагийн мэргэжилтэн Мари Кондо юм. “Ньюс агентлаг” долоо хоног бүрийн пүрэв гаригт уншигч та бүхэнд хүргэдэг “ХҮМҮҮС” булангаараа Мари Кондогийн ажил амьдралын тухай, мөн түүний үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
Бага сургуульд байхаасаа л аливаа зүйлийг эмхэлц цэгцлэх дуртай байсан Мари Кондо 1984 оны аравдугаар сарын 9-ний өдөр Японы нийслэл Токио хотноо төрж өсчээ. Хувийн амьдралаа дэлгээд байх дургүй түүний бага насны тухай болон хувийн амьдралын талаар тийм ч их мэдээлэл байдаггүй аж. Ерөнхийдөө түүний амьдрал “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамигт ид шид” номтой салшгүй холбоотой, энэ номын нэр түүний амьдралыг тодорхойлдог гэж хэлж болно.
Монголчууд ч мөн түүний энэхүү номыг шимтэн уншиж, уншсанаа амьдрал дээр хэрэгжүүлэн эмх цэгцийн гайхамшгийг мэдэрсээр байгаа билээ. Дэлхийн 40 гаруй хэл дээр орчуулагдсан уг номыг орчуулагч М.Саруултөгс монгол хэл рүү хөрвүүлэн монголчуудад Мари Кондо хэмээх бүсгүйг анх танилцуулсан юм.
Нийт 11 сая хувь борлогдсон тус ном нь 27 долоо хоногийн турш "Нью-Йорк Таймс" сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад бичигдсэн. “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” ном нь анх 2011 онд Японд, 2014 онд АНУ-д зарагдаж эхэлсэн байна. Өдгөө тэрбээр “Амьдралыг өөрчлөх гайхамшиг” хэмээх сэтгүүл, “Баяр баясгалан” зэрэг номыг англи хэл дээр, мөн бусад хэд хэдэн номыг Япон хэл дээр бичиж, худалдаанд гаргаад байгаа аж.
Өдгөө 35 настай Мари социологийн чиглэлээр их сургуульд суралцсан ч 19 настайгаасаа эхлэн эмх цэгцтэй амьдралын зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Тухайн үед түний таван цагийн ажлын хөлс нь 100 ам.доллар байв. Хэдхэн жилийн дараа гэр цэвэрлэх “шидэт арга” буюу Конмари нь маш алдартай болж, түүнийг гэртээ авчрах гэсэн хүмүүс зургаан сарын өмнөөс урт дараалал үүсгэн, захиалга өгөх болсон байна. Тэрбээр 2015 онд “Time” сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдэж байв.
Мари Кондо хоёр хүүхдийн ээж. Нөхөр Такүми Кавахаратайгаа 2012 онд танилцаж байжээ. Тухайн үед нөхөр нь нэгэн хувийн компанид маркетингийн чиглэлээр ажилладаг байсан бөгөөд хожим ажлаасаа гарч эхнэрийнхээ менежерээр ажиллаж болж, удалгүй тэд “Konmari Media” компаниа үүсгэн байгуулсан байна.
Кавахарагийн гэр бүл Токиод амьдарч байгаад одоо АНУ-ын Лос Анжелес хотноо амьдарч байгаа. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолд уригдан оролцсон нь түүний нэр хүнд аль хэдийнэ дэлхийн тавцанд гарсан гэдгийг баталсан юм.
Нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад тэр өмд өмсөх дургүй. Мөн тэрбээр үргэлж цагаан өнгийн хувцас өмсдөг аж.
Мари Кондо “Tidying Up With Marie Kondo" буюу "Мари Кондогийн хамт гэрээ цэгцлэцгээе" реалити шоугоо олны хүртээл болгоод таван сар болж байна. Шоуны эхний улирал 2019 оны нэгдүгээр сарын 1-нд “Netflix”-д нээлтээ хийсэн юм.
Уг шоуны үеэр Мари Кондо айлуудад зочлон очиж, тэдний гэрийг цэгцтэй болгоход туслан, илүү зай гарган, амьдралд нь шинэ орон зай, цэгцтэй байдлыг санал болгосноор сэтгэл санаа болон хувийн амьдралд нь гарах өөрчлөлтийг харуулдаг. Энэхүү цуврал цацагдаж эхэлсэн цагаасаа хойш дэлхий даяар ихэд шуугиан тарьж, олон хүний амьдралд өөрчлөлт авчраад байгаа талаар түүний шүтэн бишрэгчид ярьж байна.
"Tidying Up With Marie Kondo" шоуг үзсэн хүмүүс сүүлийн үед "Мари Кондодох" гэх шинэ үг зохиож, гэрээ цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж байгаа гэж хэлж болно. Хүмүүс түүний "Хэрэв танд тухайн эд зүйлс ямар нэг баяр баясгалан, эерэг мэдрэмж төрүүлэхгүй л байвал шууд хая!" гэх алдарт уриаг амандаа давтаж, урам зоригтойгоор хэрэггүй эд хогшлоо гарган хаясаар байгаа билээ. Мари Кондо өөрийн эмхэлц цэгчлэх аргачлалыг “Конмари” хэмээн нэрлэсэн. Энэхүү нэр нь түүний нэрний эхний үеүдээс бүрдэж байгаа юм.
Мари Кондо олон гэр бүлүүдэд зөвлөгөө өгч, тэдэнд гэр орноо зөв зохион байгуулж, эмх цэгцтэй болоход нь тусалдаг. Ингэхдээ тэрбээр сонирхолтой арга барилуудыг тайлбарлах ч, түүний баримталдаг хамгийн гол зарчим нь аливаа эд зүйлийн танд өгөх мэдрэмжийг дүгнэхэд оршино. Хэрвээ тухайн зүйл танд баяр баясгалан, дулаан, эерэг мэдрэмж төрүүлээгүй бол тэр зүйлийг шууд л хаях хэрэгтэй гэж Кондо захидаг. Мөн зөвхөн гэр бүлүүд ч гэлтгүй алдартнууд хүртэл түүнээс зөвлөгөө авдаг байна. Ер нь эмх цэгц гэдэг зүйл хүний сэтгэл санаанд шууд нөлөөлж, тухайн хүний амжилттай хүртэл холбогддог гэж Мари Кондо хэлжээ. Түүнээс гадна гэр бүл, хосуудын харилцаанд хүртэл сайнаар нөлөөлдөг гэнэ.
Өөрийн амьдралд илүү чухал гэсэн зүйлсдээ анхаарлаа хандуулж амьдрахад туслах Мари кондогийн зөвлөмж:
- Өөрчлөлтөөс бүү ай.
- Цэгцэлж эхэлсэн бол эргэлзэх хэрэггүй.
- Хувцсаа зөв хадгалж сур.
- Өрөө болгоноор бус эд хогшлыг төрөл зүйлээр нь ангилж эмхлэ.
- Хаяхыг хүсэхгүй байгаа зүйлээ заавал хаях гэж хичээх хэрэггүй.
- Өөрт байгаа эд зүйлдээ үргэлж сэтгэл хангалуун байж, талархах нь чухал.
Холбоотой мэдээ