"Бид авлига гэж яриад байгаа зүйлдээ уусан нэгдчихсэн"

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

"Бид авлига гэж яриад байгаа зүйлдээ уусан нэгдчихсэн"

"Бид авлига гэж яриад байгаа зүйлдээ уусан нэгдчихсэн"

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Олон нийтийн төв”-д 2018 оноос эхлэн авлигын эсрэг сургалтыг үе шаттайгаар явуулж буй.

Уг сургалтын зорилго нь төрийн албан хаагчдыг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж, төрийн албан хаагчийн ёс зүйтэй ажиллах зан үйлд сургадаг аж. Мөн тус газрын албан хаагчдаас гадна Удирдлагын академи, мэргэшсэн нягтлан бодогчдын институт, зарим төрийн болон төрийнбус байгууллагын зочин багш нар хичээлийг хөтлөн явуулдаг онцлогтой ажээ.

Дээрх сургалтад өнгөрсөн онд 15 мянга төрийн алба хаагч хамрагдсан бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх болон түүний хор уршиг, энэ гэмт хэрэгт хэрхэн өртөхгүй байх талаар мэдээлэл авдаг юм байна. Бид уг сургалтын талаар сурвалжилснаа хүргэе. Биднийг очиход сургалт ид дундаа байсан бөгөөд танхим дүүрэн хүмүүс цугларч авлигын талаарх мэдээлэл солилцож байлаа.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 90 ХУВИЙГ АВЛИГЫН ЭСРЭГ ЦОГЦ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

АТГ-ын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.


-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт 2018 оноос эхлэн зохиогдож ирсэн. Энэ сургалтад хамрагдсанаар төрийн албан хаагчид ямар мэдээлэлтэй болох вэ?

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 онд УИХ-ын 51 дүгээр тогтоолоор батлагдсан. Үндэсний хөтөлбөр батлагдсанаар соён гэгээрүүлэх ажлыг далайцтай явуулах боломж бүрдсэн. Энэ ажлыг үр дүнтэй явуулахын тулд олон нийтэд тусгайлж “Олон нийтийн төв”-ийг байгуулж, сургалтын төвийг тохижуулсан. АТГ-аас нийтийн албан тушаалтанд өдөр бүр зохих сургалтыг явуулдаг. Өнгөрсөн жилээс зохион байгуулсан сургалтад ойролцоогоор 15 мянга орчим төрийн алба хаагч хамрагдсан байна. Энэ сургалтыг бид удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв, санхүү, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр эрхэлж буй албан тушаалын онцлогтой уялдуулж ангилан зохион байгуулж байгаа. Энэ сургалтыг үр дүнтэй явуулах зорилгоор бид Удирдлагын академи тусгайлсан модулийг захиалж ерөнхий ассамблейн сургалтууд явж байна. Мөн төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлоос хол байх асуудал нь нийтийн албан тушаалтанд чухал учраас өдөр тутам явж буй танхимын сургалтад явж үздэг. Зөвхөн лекцийн түвшинд биш практик дадлагыг жишээ баримт дээр суурилсан хэлбэр дээр явуулдаг нь ач холбогдолтой байдаг.

Сургалтад авлигын талаар ерөнхий ойлголт, нийтийн албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхын тулд ямар хязгаарлалтыг мөрдөж байх ёстой юм. Мэдээлэгчийг хамгаалах буюу төрийн байгууллагатай хамтарч ажиллаж буй иргэдийн дэмжиж урамшуулах талаар олон улсын ямар туршлага байдаг талаар мэдээлэл өгдөг.

Мөн Эрүүгийн хуульд Авлигын гэмт хэрэг гэсэн тусдаа бүлэг орж ирсэн байгаа. Эрүүгийн хуульд ийм төрлийн өөрчлөлт орсонтой холбогдуулж албан тушаалын хэргүүд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Тэгэхээр хэлбэрийн бүрэлдэхүүн болон авлигын гэмт хэрэг өртөхгүй байхын тулд нийтийн албан тушаалтан юу мэдсэн байвал зохих зэрэг ялангуяа эрүүгийн хуульд орсон өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор практикт юуг анхаарч ажиллах вэ гэдэг сургалтуудыг орж байна.

-Авлигын гэмт хэрэгт өртөхгүй байхын тулд төрийн албан хаагчид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Авлигыг өдөөж үүсгэж байдаг маш олон шалтгаан байдаг. Тухайлбал, нийтийн албан тушаалтнуудын мэдлэг хомс, туршлага дутмаг, ёс зүйн доройтол ашиг сонирхлын зөрчилд өртөх магадлал өндөр байдагтай холбоотой юм.

Тэгэхээр Монгол Улсын хүн ам цөөн учраас төрийн албан хаагчид ашиг сонирхлын зөрчилд өртөх, эрсдэл өндөр байгаа. Авлигын гэмт хэрэгт өртөхгүй байхын тулд байгууллага өөрөө дотоод механизмаа сайн хамгаалж, ажилтнуудаа чадавхжуулж ялангуяа эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Сүүлийн хоёр жилийн байдлаар авлигад өртөх эрсдэлтэй гэж тооцогдож буй салбарт уул уурхай, боловсрол, эрүүл мэнд гаалийн салбар багтаж буй гэдгийг судалгаанаас харж болно.


ХУВЬ ХҮНИЙ ЁС СУРТАХУУН, ТӨЛӨВШИЛ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ АНХААРАХ НЬ ЧУХАЛ

Тус сургалтад оролцогчдын байр суурийг хүргэж байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч Н.Баяржаргал “Би Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг нэгдүгээр хэлтсийг төлөөлж АТГ-ын нэг өдрийн сургалтад хамрагдаж байна. Авлига бол албан тушаалтан өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдлыг олгож ашиг хонжоо олох эрх зүйн зөрчлийг хэлдэг байх. Энэ сургалтын хувьд мэдэхгүй зүйлээ шинээр сонслоо. Төрийн алба хаагч гэлтгүй нийт иргэдийн дунд энэ талаар сургалт мэдээлэл, өгвөл зүгээр юм болов уу гэж бодож байна. Авлигатай тэмцэх чиглэлийн мэдээллийг манай албан байгууллагад байнга тогтмол ордог” гэв.

Сонгуулийн ерөнхий хорооны мэргэжилтэн Б.Уянга “Авлигатай тэмцэх газарт явагдаж буй нэг өдрийн найман цагийн сургалтад оролцож байна. Би сонгуулийн ерөнхий хороонд ажилладаг. Төрийн албан хаагчдыг өөрсдөө үлгэр дууриал болох үүднээс сургалтын зорилго оршиж буй байх. Нэг өдрийн сургалт боловч авлигатай холбоотой сэдвүүдийг хамарч оруулж байна. Өмнө нь АТГ-аас хүргүүлдэг гарын авлагыг уншиж байсан. Сургалтын илтгэсээс харахад хувь хүний ёс суртахуун төлөвшил эрх зүйн мэдлэгийг анхаарах нь чухал  гэдгийг ойлголоо” гэлээ.

Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагч Э.Даваасүрэн “Манай байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчдыг авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд соён гэгээрүүлэх үйл ажиллагааны сургалтад бүх байцаагчид хамрагдаж байна. Авлигал  бол ихэнхдээ том шатанд нь яригддаг боловч миний ажил үүргээ гүйцэтгэж байгаа түвшинд ямар асуудал гарч байгаа, үүнээс үүдээд ямар хор хохирол учирч байгаа талаар мэдээлэл хомс байдаг. Энэ мэдээллийг ерөнхий утгаар нь авч байгаа тул сургалтын ач холбогдол гарч байна.

Бид авлига гэж яригдаад байгаа зүйлдээ уусан нэгдчихсэн байдаг юм байна. Иргэд аж ахуй нэгж ажлаа хялбарчлахын тулд танил талаараа хэрэгжүүлэх гээд байдаг. Тэгэхээр төрийн төлөө тангараг хүлээсэн хүмүүс хоёргүй сэтгэлээр зүтгэж чадах юм бол энэ асуудлыг хамгийн доод түвшнээс авахуулаад шийдвэрлэх боломжтой  байх" гэлээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж