Ардчилсан нам Засгийн эрх барьсан дөрвөн жилд 90 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулж, 20 мянган өрхийг хямд үнэтэй орон сууцаар хангасан бол МАН Яармагийн дэнжид 972 айлын орон сууцыг ашиглалтад оруулахын тулд гурван жил зарцуулаад ч барсангүй.
Барилгын сайд нь “Буянт-Ухаа-2” хороолол удахгүй ашиглалтад орно гэж ярьсаар жил тойрч, уг хорооллыг бариулсан Төрийн орон сууцны корпораци/ТОСК/ нь Засгийн газраас журам батлагдахыг хүлээж байна гэж ярьсаар хагас жил өнгөрөв. Нийслэлчүүд ч хүлээж цөхөв. “Ямар барилга гэхээр барьж дуусдаггүй, ямар журам гэхээр батлагдаж дуусдаггүй юм бэ” гэж ярьцгааж байна. Арга ч үгүй юм.
Удтал хүлээлгэсний эцэст Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2019.06.05/ дээрх 972 айлын орон сууцыг түрээслэх боломжтой байхаар, хуваарилалтыг хотын дарга, Нийслэлийн Орон сууцны корпораци/НОСК хоёр хариуцах журам баталсан ч барилга ашиглалтад ороогүй, Улсын комисс байгуулж байж эцэслэх тухай Барилга, хот байгуулалтын сайд нь хэллээ. “Дуусдаггүй яриа” гэдэг шиг л барилгын ажил үргэлжилсээр…
Уг нь энэ барилга ашиглалтад орвол гэр хорооллын өрхийн тоо 972-оор багасах учиртай. Гэвч гэр хорооллын яндангийн тоо буурах бус, эрх баригч намынхантай ойр нэг нь л хямд үнэтэй орон сууцанд хамрагдах боломжтой болж, хэзээний эзнээ олсон тухай ч дуулдах. Ардын намынхан ч иймэрхүү технологидоо Ардчилсан намынхныг бараадуулахгүй туршлагатай тул хардлага гэж харах аргагүй байгаа.
Учир нь УИХ дээрээ “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ёстой” гэж ярьцгааж байгаад л хамаарал бүхий компанидаа зээл аваад ард иргэдийнхээ боломжийг “хуссан” түүх бий. Тэгэхээр гурван жилийн турш бариулсан, хямд үнэтэй орон сууцанд танил тал, хамаатан саднаа “шургуулахаар” хэзээний жин тан болгосон байж болно л доо. Тиймдээ ч ТОСК дээр зохицуулагдаж ирсэн асуудлыг НОСК болгон өөрчилж, хамаг лай ланчигаа С.Амарсайхандаа үүрүүлээд л бүрэн эрхээ дуусгацгаах замын зураглал гаргачихав уу гэмээр журам баталлаа.
Уг нь энэхүү орон сууцанд зорилтот хэсгээ хамруулж чадвал 1 м2 талбай нь 1.460.000 төгрөг. Ардчилсан намынхны бариулж, ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа 1” орон сууцтай талбайн үнийг харьцуулахад үнэтэй ч зах зээлд борлуулагдаж буй байрны үнээс хамаагүй хямд. Урьдчилгаа 30 хувьтай иргэд бол шууд ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Урьдчилгаагүй байлаа ч таван жил түрээслэх явцдаа 30 хувиа бэлэн болгоод ипотекийн зээлд хамрагдах боломж ч бий. Нөхцлийг маш таатай болгож өгсөн. Харамсалтай нь, хамрагдая гэхэд байр нь хэзээний эзэнтэй болсон тул хашааны газар нь хэзээ гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөөнд багтах нь тэр болтол хүлээх л шаардлага тулгарч байна.
Засгийн газраас өнгөрсөн хугацаанд баталсан тогтоол, шийдвэрийг үзвэл иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрүүд цөөнгүй гарчээ. Гэвч ихэнх нь ирээдүй цаг дээр бүрэн эрх нь дууссан хойно ажил нь эхлэхээр төлөвлөсөн нь сонгуульд зориулсан шийдвэр болж буугаад байгаа. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын 22-нд Засгийн газрын хуралдаанаас ирэх таван жилд 150 мянган айлыг тохилог орон сууцтай болгох шийдвэр гарчээ. Үүнд:
- Амины 10 мянган орон сууцыг инженерийн хангамжтай холбох
- Газрыг дахин төлөвлөж нийтийн зориулалттай 45 мянган орон сууц
- Иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар дээр 57 мянган орон сууц
- Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж нийтийн зориулалттай 3000 орон сууц
- Дагуул, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх төслүүдийн хүрээнд нийтийн зориулалттай болон амины 16512 орон сууц
- Түрээсийн 18488 орон сууц барихаар төлөвлөв
“150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг сайд Х.Баделханд даалгав.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх.
Хөтөлбөр нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууц барих зорилготой.
Хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлж, орон сууцны даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно. Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттай шийдвэрлэх, зээлийн урьдчилгаа төлбөрийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны хуримтлалаас төлөх, дулааны эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг тарифын бодлогоор дэмжих зэргийг хөтөлбөрт тусгасан гэжээ.
Улаанбаатар хотод 972 айлын орон сууц барихын тулд гурван жил зарцуулж байгаа эрх баригч хүчин бүрэн эрх нь дуусахад ердөө жилийн хугацаа үлдэж байхад энэ их ажлуудын яг юуг нь хийх бол…
Мөн энэ оны гуравдугаар сарын 14-нд Засгийн газраас төрийн албан хаагчдыг орон сууцжуулах шийдвэр гарчээ. Улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч байгаагийн 20 мянга нь байр түрээслэн амьдрах сонирхолтойгоо илэрхийлсэн аж. Ихэнх нь багш, эмч нар. Гэтэл ТОСК-иас улсын хэмжээнд бариулсан хямд үнэтэй орон сууц нь 1000 гаруй айлд л хүрэлцэнэ. Эзэд нь хэзээний тодорсон байранд энэ олон түрээслэгчээс хэнийг нь багтаах бол… Зодолдохоос наахнуур л юм болох вий.
Магтаж байгаа юм биш МАН ын дэргэд Ардчилсан нам эрх барьсан дөрвөн жилд бүтээн байгуулах талд үнэхээр яралзтал ажиллажээ.
Г.ХОРОЛ