Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг “Монгол Улс-нэг тойрог” гэсэн системээр зохион байгуулах асуудал яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Бүх намын нэр дэвшигчид Монгол Улс гэсэн нэг тойрогт өрсөлдөнө гэсэн үг юм. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.
-Хаврын чуулганы төгсгөлийн “халуун” сэдэв Сонгуулийн тухай хууль байх болов уу. Манай улсад 2000 оноос хойш болсон бүх сонгууль өөр өөр системээр явж ирлээ. Үндсэндээ бүх хувилбарыг бид туршаад үзчихсэн. Энэ удаад эрх баригч намын дэвшүүлж буй хувилбар нь Улс нэг тойрог байх магадлал өндөр байна. Таны бодлоор Улс нэг тойрог байх нь хэр оновчтой вэ?
–Манайд ялсан нам нь сонгуулийн дүрмийг зохиодог болоод удаж байна. Уг нь жинхэнэ дүрмээрээ бол ард түмэн сонгуулиар Засгийн эрхийг тайван замаар олж авах хэлбэр юм. Энэ дүрмийг өөрчлөөд байгаа нь маш буруу. Тиймээс эхлээд Үндсэн хуульдаа гурван заалт оруулж, дотор нь сонгуулийн тогтолцоог маш тодорхой заачих хэрэгтэй. Түүнээс биш хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-д сонгогдоно гэвэл энэ шиг бүтэхгүй зүйл байхгүй. Маш буруу. Яагаад гэвэл өнөөдөр Монголд 30 гаруй улс төрийн хүчин бий. Эндээс хамгийн багадаа 30 нам нь 76 хүнээ сонгуульд нэр дэвшүүллээ гэхэд 2000 гаруй хүний урт жагсаалт болно. Дээр нь бие даагчид нэмэгдэнэ. Энэ дундаас тухайн сонгогч санал өгөх нэр дэвшигчийнхээ нэрийг олж дугуйлахад маш хүндрэлтэй. Жишээлбэл, Баасанхүү нэртэй хэдэн мянган хүн байгаа. Генерал Баасанхүү, эмч Баасанхүү, начин Баасанхүү нарын нэр байлаа гэхэд энэ дунд миний нэр альд нь байх вэ гээд аваад үзвэл ард түмнийг төөрөгдөлд оруулж зөвхөн МАН, АН-ыг сонгуулах гэсэн зовлон үүсээд байгаа юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бараг 1 сая 500 мянган сонгогчийн санал гурван нэр дэвшигчид хуваагдсан. Дараа нь хоёр хүн дээр сонгогчдын санал хуваагдсан. Үүнтэй адил Улс нэг тойргоор зөвхөн нэг нэр дэвшигч 500 мянгаас дээш санал авахыг үгүйсгэхгүй. Хамгийн мундаг лидер нь 500 мянган хүний санал авлаа гэхэд үлдсэн нь хэчнээн санал авах вэ гэдэг түвэгтэй асуудал учраас дэмжигдэхгүй байх.
Улс нэг тойрог байх хувилбарыг зориуд улс төрийн ярианы сэдэв болгож байна. Манайхан бохироо нуухын тулд тоглоомын улс төр гэдэг ийм зүйлийг маш хүчтэй хийж байна. "Найрамдал" зуслангийн газрын асуудал дэгдсэн нь махны үнийн өсөлтийг сарниулах гэсэн санаа. АН-ынхан жагсахаар бас л өөр сэдэв сэвж байгаа биз дээ. Яг энэ шиг өнөөдөр тэд нэг болохгүй зүйл хийчихээд нийгмийн анхаарлыг өөр сэдэв рүү хандуулж байна гэж харж байна.
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь сонгуулийн зөв тогтолцоо бий болгохын төлөө гэж ойлгогддог. Таны хувьд Улс нэг тойрог байх сонгуулийн системийг дэмжихгүй гэсэн үг үү?
-Одоогоор хуулийн төслийг өргөн бариагүй, хэлэлцэж эхлээ ч үгүй байхад тайлбар өгөх нь эрт бөгөөд ач холбогдолгүй. Нөгөөдүүлийн тоглоомд нь орж байна гэсэн үг. Нөгөөдүүлийн зорилго нь тодорхой. Энэ сэдвийг нь хэн нэгэн яриасай, анхаараасай гэсэн зорилго. Улс нэг тойрог байх уу гэдэг асуудал бол зөвхөн Пропорциональ систем дээр яригдах асуудал. Хэлэлцүүлгийн шатанд эсвэл хуулийг өргөн барихаас өмнө энэ хувилбар өөрчлөгдөх нь гарцаагүй. Тогтолцооны асуудал нь шийдэгдээгүй байна. Үүнийг УИХ-ын гишүүд л шийднэ.
УИХ-ын гишүүдэд бичигдээгүй нэг дүрэм бий. Төсөв, сонгууль хоёрт амиа боддог.
Төсөв хэлэлцэх үеэр дахин сонгогдохын тулд тойргоо бодож, намын шийдвэрээ дагадаггүй. Сонгуулийн тухай хууль ярихаар өөрөө аль талд нь гарвал ялах вэ гэдгээ боддог. Өнөөдөр УИХ-д 40 шинэ гишүүн байна. Бүгд л дараагийн сонгуулиар дахин сонгогдох гээд нойргүй хонож, сурталчилгаагаа хийгээд эхэлсэн. Зарим нь загасны сүв судлаад явж байгаа биз дээ.
-Зарим гишүүний зүгээс энэ системийг сонгогдоод сурчихсан хүмүүст зориулсан хууль буюу ахмад гишүүдийг үлдээж эсрэгээрээ залуус, эмэгтэйчүүдийг улс төрд орж ирэх хаалгыг барьж байна гэж шүүмжилж байна. Үнэхээр ийм сул талтай юу?
-Аливаа зүйлд хэрэгжих боломжтой, боломжгүй гэсэн хоёр хувилбар бий. Хэрэгжих бололцоотой хувилбарт давуу болон сул талын асуудал яригдана. Хэрэв Улс нэг тойрог хэрэгжих боломжтой хувилбар байсан бол асуултад чинь сул тал нь гээд ярих боломжтой. Гэвч огт хэрэгжих боломжгүй зүйлд хариулт алга. Одоогийн 75 гишүүн дотор “Шударга тав” бий. Тэднийг хар масс дэмждэг л гэдэг. Ойролцоогоор “Шударга тав” нэг сая сонгогчийн саналыг авах байх. Дээр нь мотоцикл унадаг ах бий. Энэ ах Монголын лидер, булчинтай гоё ах учраас ойролцоогоор мөн л 500 мянган сонгогчийн саналыг авчих байх. Бас Найрамдал зусланд газартай ах бий. Тэр ах 500 мянган сонгогчийн санал авчихна байх. Өөрөөр хэлбэл, Улс нэг тойргоор хамаатан садан, хамт олон ихтэй хүмүүс л гарна. Тэгэхээр огт хэрэгжих боломжгүй тогтолцоо. Ядаж байхад манай топуудын тоо 76 биш. Хэрэв тоо нь 76 байсан бол Улс нэг тойрог тогтолцоог хэрэгжинэ гэж төсөөлөх сөн. Гэтэл үсрээд л 10 хүрэхгүй топ, поп бий.
-Манайд сонгуулийн ямар систем тохирох вэ?
-Би ганцхан л зүйл хэлдэг. Ялсан нам нь сонгуулийн дүрмээ зохиохгүй байх шийдвэрийг энэ парламент гаргаад өгөөч ээ гэж. Монголын төр мөнх. Бид ардчиллаас ухраагүй л юм бол сонгууль болж л таараа. Сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульдаа тодорхой болгочихвол болох юм.
Холбоотой мэдээ