Төрийн албаны шинэ хуульд заасан хяналт, шалгалт, хүний нөөцийн аудит хийх чиг үүргийн хүрээнд тус зөвлөлөөс тавдугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эхлүүлжээ. Тус шалгалтын дүнг зургадугаар сарын 4-нд яамны удирдлагад танилцуулсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж өгөх, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн эсэхийг шалгасан байна.
Тус яамны батлагдсан орон тооны хязгаар нь 121 албан хаагч бөгөөд энэ хэмжээ хязгаарыг Засгийн газрын 2016 оны гуравдугаар тогтоолоор баталсан байна. Харин одоо тус яаманд ажиллаж байгаа албан хаагчдын тоо 149 байгаа нь Засгийн газрын тус тогтоолыг зөрчиж, 28 албан хаагчийн зөрүүтэй ажиллаж байгааг илтгэж байна.
Мөн томилгооны зөрчилтэй буюу хууль бус томилгоотой 45 албан хаагч тус яам, харьяа төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа гэсэн зөрчил илэрчээ. Эдгээр албан тушаалтнуудыг төрийн албаны шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэгдээгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон, Төрийн албаны тухай хууль/2002 оны/-ийн 24.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчийг төрийн захиргааны албан тушаалд шилжүүлэн, шинээр шууд томилсон, Төрийн захиргааны албан тушаалын томилгоог хийхдээ Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлд баримтлаагүй, жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчийн албан тушаалд өөр иргэнийг жинхлэн томилж, тангараг өргүүлсэн, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг Төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг зөрчил илэрчээ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА 22 ИРГЭНИЙГ ТӨСВИЙН ШУУД ЗАХИРАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР ТОМИЛЖЭЭ
Мөн шалгалтаар БОАЖЯ-ны харьяа Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь 22 иргэнийг төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтгүйгээр томилжээ. Эдгээр 22 ажилтнаас нэгээс бусад 21 иргэнийг төсвийн шууд захирагчийн албан тушаалд томилохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан мэдүүлгийг аваагүй аж. Мөн байгууллагын нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэл шалтгаанаар төсвийн шууд захирагчийг албан тушаалаас нь чөлөөлдөг, түр орлон гүйцэтгэгчээр томилдог, томилогдсоноос хойш тодорхой хугацааны дараа түр орлон гүйцэтгэгчийг төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд жинхлэн томилдог нь тогтоогджээ.
Дүгнэлтэд,
- Батлагдсан бүтэц, орон тооны хязгаараас илүү орон тоонд ажиллуулж байгаа албан хаагчдыг чөлөөлөх, батлагдсан орон тоо хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх санал хүргүүлэх.
- Төрийн албаны тухай хуулийг зөрчиж төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон, төрийн захиргааны албан тушаалын сул орон тоонд хөдөлмөрийн гэрээт албан хаагчийг ажиллуулдаг.
- Батлагдсан бүтэц, орон тоог баримталж ажиллаагүй, орон тоог хэтрүүлсэн, Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор баталсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлийг удирдлага болгоогүй, байхгүй албан тушаалыг бий болгож цалинжуулсан.
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 10-т тус тус заасны дагуу заасны дагуу сав газрын захиргааны болон дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт хамгаалалтын захиргааны дарга /төсвийн шууд захирагч/-ыг томилж чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн гэжээ.
Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг дээрх илэрсэн зөрчлийг долдугаар сарын 09-ний дотор арилгаж, Төрийн албаны зөвлөлд тайлагнаж мэдээлэхийг үүрэг болгожээ. Хэдийгээр хууль бусаар томилсон 45 албан хаагч бүгд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын тушаалаар томилогдоогүй ч түүний харъяалах яам, хэрэгжүүлэгч агентлагийн 45 албан хаагч Төрийн албаны хууль зөрчиж томилогдсон нь шалгалтаар нотлогджээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ