ТӨРСӨН ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ЭЦЭГТ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо. Тодруулбал, дараах хэргүүдийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх зургадугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцсэн байна. Өнгөрөгч оны зургадугаар сарын 13-нд Завхан аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт айлын гэрт, мөн оны долдугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Баянтэс сумын нутагт бага насны хүүхдийг малын бэлчээрт хүчирхийлсэн ёс бус гэмт хэргийг Э гэгч этгээд үйлджээ.
Үүнээс гадна 2018 оны наймдугаар сараас эхлэн 2019 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл өөрийн төрсөн охин болох 12 настай Д гэгчийг хүчирхийлсэн эцэгт холбогдох хэрэгт Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Дээрх гэмт этгээдүүдэд холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Э гэгчид 13 жилийн хорих ял, төрсөн охиноо хүчирхийлсэн М гэгчид бүх насаар нь хорих ял ногдуулсан байна.
ЦАГДАА ХӨНӨӨСӨН ХЭРЭГТНҮҮДЭД 13-20 ЖИЛИЙН ЯЛ ОНООВ
Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох шүүх хурал зургадугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Тэднийг бүлэглэн хүний аминд хүрсэн гэмт буруутайд тооцон, шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 20 жилийн ял тус тус оноож, ялыг хаалттай хориход эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, 2018 оны аравдугаар сарын 15-ны 11.30 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Япон цогцолбор”-ын орчимд хоёр этгээд цагдаагийн албан хаагч Б-ийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, машинаараа дайрч зугтсан байдаг.
Зугтаахын өмнө автомашинаараа цагдаагийн албан хаагчийг дайрч, чиржээ. Гэмт этгээдүүдийн дээрх үйлдлээс болж, цагдаагийн албан хаагч Б нь хүнд гэмтэл авч, улмаар аравдугаар сарын 16-ны өдөр тархины хүнд гэмтэл, суурь ясны бэртлийн улмаас хагалгаанд орсон. Гэсэн ч биеийн байдал нь дээрдэлгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
Талийгаач цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан бөгөөд тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлж өгөөд байх үедээ ийнхүү халдлагад өртөж амиа алдсан юм. Уг хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь залилангийн хэргээр шалгагдан, ял шийтгэл эдэлж байжээ.
ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ Д.БАЯСГАЛАНД ХОЛБОГДОХ ХЭРЭГ ХОЙШИЛЖЭЭ
Халуун усаар ой арван сартай хүүхдийг түлсэн цэцэрлэгийн багшид холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.06.05/ Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч иргэний хариуцагч ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг зургадугаар сарын 13-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна. Охиныг түлсэн Д.Баясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан” гэх үндэслэлээр хариуцлага тооцох юм.
Хэргийг тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард нийслэлийн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Монгол Маамуу” цэцэрлэгийн багш Д.Баясгалан нь ой арван сартай охиныг памперсандаа баалаа хэмээн бөгсийг нь угаахдаа халуун усаар шалз түлж хохироосон хэрэг гарсан. Тухайн үед охин түлэгдэлтийн гуравдугаар зэрэгтэй оношлогдон эмчлүүлсэн юм.
" Монгол маамуу” цэцэрлэг нь хүүхдэд ээлтэй сургалтын аюулгүй орчин бүрдүүлээгүй, зориулалтын бус байранд мэргэжлийн бус багш нартайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн, боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 2019 оны А/17 дугаар захирамжаар тус цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм.
Э.БУРАМ