БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ши Жиньпин лхагва гаригт ОХУ-д айлчиллаа. Тус айлчлал хоёр орны найрсаг харилцаа, нөхөрлөлийн шинэ эринийг тэмдэглэх, эдийн засгийн харилцаагаа бататгах зорилготой байжээ. Айлчлалынхаа эхний өдөр Ши Жиньпин Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй албан ёсны уулзалт хийж, дараа нь алдарт "Большой театр"-т тоглолт үзсэн байна.
Хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр “Олон улсын нөхөрлөл ба стратегийн хамтын ажиллагаа”-ны тунхагт гарын үсэг зурсан бөгөөд Ши Жиньпин "Хоёр орны нөхөрлөлийн шинэ үе эхэлж байна" хэмээн мэдэгджээ. Мөн Хятадын төлөөлөгчид Москвагийн амьтны хүрээлэнд хоёр ширхэг панда бэлэг болгон өгсөн байна. Панда нь Хятадын бэлгэдлийн амьтан юм. Дараа нь Ши Жиньпин Оросын хуучин Хаант засгийн нийслэл Санкт-Петербург хотноо болж буй "Эдийн засгийн форум"-д оролцохоор явжээ.
Айлчлалын үеэр Хятадын дарга хэлсэн үгэндээ, хоёр орон нь улс төрийн харилцан хүчтэй итгэлцэл, ашиг сонирхлоо хамгаалах болон бусад томоохон асуудлуудад нэгнээ дэмждэг хэмээн мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков Ши Жиньпиний айлчлал хоёр орны харилцаанд маш чухал үйл явдал болсныг онцолжээ. Коммунист Хятадыг 1949 онд хүлээн зөвшөөрсөн анхны орон нь ОХУ байсан аж. 2018 он бол Хятад, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны харилцаа өндөр түвшинд хөгжсөн нэг жил юм. Ши Жиньпин, Путин нар дөрвөн удаа уулзалт хийж, хоёр талын харилцааг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө, удирдамжийг боловсруулсан байна.
Энэ айлчлал нь Крымийн хойг 2014 онд Украинаас салж, ОХУ-д ирсэн зөрчилдөөнт үйл явдлаас хойш таван жилийн дараа болж буй юм. Украины улс төрийн зөрчил, үймээнд ОХУ-ыг хөндлөнгөөс нөлөөлж, оролцсон гэж АНУ, Европын орнууд буруутгадаг. Улмаар ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Мөн ОХУ-ыг ганцаардуулах, тусгаарлах Барууныхны бодлогын үр дүнд Москва, Бээжингийн харилцаа улам зузаарсан юм. Хоёр орны худалдаа өнгөрсөн 2018 онд 25 хувиар нэмэгдэж, 108 тэрбум ам.долларт хүрсэн нь Хятад улс нь Оросын эдийн засгийн чухал хамтрагч гэдгийг илэрхийлж байна хэмээн Юрий Ушаков мэдэгджээ. Түүнчлэн ОХУ дахь Хятадын хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдсэн байна. ОХУ-ын эдийн засаг 1990 онд Хятадынхаас 40 хувиар том байсан бол өдгөө Хятадын эдийн засаг ОХУ-ынхаас найм дахин том болж хурдацтай өссөн байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг тавих эрхтэй ОХУ, Хятад улсууд нь олон улсын харилцааны асуудалд ихэвчлэн нэгнийхээ байр суурийг дэмжсэн байр суурьтай байдаг. Тухайлбал, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Венесуэлийн хямрал, Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ зэрэгт хоёр орон ижил байр суурийг баримталдаг. ОХУ-ын Баруунтай харилцах харилцаа нь хүйтэн дайнаас хойш хамгийн доод түвшинд хүрсэн бол АНУ нь Хятадтай худалдааны дайн зарлаад буй. Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар АНУ-ын худалдааны дайн, эдийн засгийн хоригийн эсрэг хамтдаа тэмцэхээ мэдэгджээ.