БНЧУ-д Ерөнхий сайд Андрей Бабишийг огцрохыг шаардсан иргэд нийслэл Праг хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Уг жагсаалд нийт 120 гаруй мянган хүн оролцсон нь сүүлийн 30 жилд болоогүй өргөн хүрээг хамарсан жагсаал цуглаан боллоо.
Олон мянган жагсагчид ерөнхий сайд Бабишийн Европын Холбооны төсвийг буруугаар ашигласан, эрх ашгийн зөрчилтэй компанид давуу тал олгосон гэж буруутган “Европын Холбооны сангийн мөнгийг гувчуулан ашигласан Ерөнхий сайд огцор” хэмээн уриалан эсэргүүцлээ илэрхийлжээ. Ийн үзэх болсон шалтгаан нь Чехийн Ерөнхий сайдтай хамааралтай компаниуд Европын холбооноос хоёр сая еврогийн тэтгэмж авсан гэсэн мэдээлэлтэй холбоотой юм байна.
Харин 2017 онд сонгогдсон ерөнхий сайд Бабиш огцрох бодолгүйгээ удаа дараа илэрхийлж, тэр ч байтугай жагсагчдыг нийгэмд тогтворгүй байдал үүсгэх зорилготой хэмээн буруутгаж байгаа юм.
Түүнийг эсэргүүцэгчид энэ сарын 23-ны өдөр дахин өргөн хүрээг хамарсан жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ. 1989 оноос хойш Чехословакт коммунист дэглэмийг нураасан жагсаалаас хойш Чех улсад ийм өргөн хүрээний тэмцэл өрнөж байгаагүй билээ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ