Цахим бодлогын түр хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Цахим бодлогын түр хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол баталлаа

Цахим бодлогын түр хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол баталлаа

Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өнөөдөр /2019.06.05/ 12 цаг 30 минутад гишүүдийн 53.3 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай асуудал хэлэлцэв. Өнгөрсөн долоо хоногт /2019.05.29/ Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсч, УИХ-ын гишүүд тодруулга авч, саналаа илэрхийлсэн болно. Иймд өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгасан Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос гаргасан зарчмын зөрүүтэй саналд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж тайлбар хийв. Тэрбээр, Монгол Улсын нэг иргэнд улсын бүртгэлийн 10 орчим дугаар ноогддог, тодруулбал, регистрийн дугаар, жолооны үнэмлэхний, нийгмийн даатгалын зэрэг. Иймд эдгээр бүх дугаарыг оролсон 12 оронтой бүхий нэг дугаарт шилжүүлбэл төрийн үйлчилгээ шуурхай, цэгцтэй болох ач холбогдолтой юм гэлээ.

Ингээд төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэх, цахим орчинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн горимын санал хураалгахад гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлд,

1/төрийн үйлчилгээний цахим шилжилттэй холбоотойгоор урьд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, тэдгээрийн уялдаа холбоонд үнэлэлт, дүгнэлт хийж, нэгдсэн удирдлага, төлөвлөлтөөр хангах бүтцийг тодорхойлж танилцуулах;

2/төрийн байгууллагуудын мэдээллийн систем, өгөгдөл хамгаалалтад мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэж, нэгдсэн дүнг танилцуулах;

3/төрийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах суурь үзэл баримтлалыг хувийн хэвшил, иргэний байгууллагын оролцоотойгоор боловсруулж батлах, түүнд үндэслэн цахим шилжилтийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталж шаардагдах төсвийг 2020-2022 оны улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх;

4/интернетийн дата хэрэглээний ачаалал, дотоод урсгалыг болон үндэсний контентын хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол Улсын иргэн бүрд дижитал үйлчилгээг хүргэх, хэрэглээг бий болгох зэргээр дижитал эдийн засгийг дэмжих төрийн бодлого, хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх;

5/нэг иргэн, нэг бүртгэл хөтөлбөрийн хүрээнд төрөлжсөн бүртгэлийн мэдээллийг иргэний улсын бүртгэлийн дугаарт үндэслэж бүртгэж, ашиглах асуудлыг судалж шийдвэрлэх;

6/төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор улсын бүртгэлийн зарим үйлчилгээний талаарх мэдээллээр иргэдийг түргэн шуурхай хангахад үүрэн телефоны оператор компаниудын оролцоог нэмэгдүүлэх;

7/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  үзүүлэх  улсын бүртгэлийн цахим үйлчилгээг нэмэгдүүлэх;

8/төрөлжсөн бүртгэлийн суурь болох улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан, системийн аюулгүй, хэвийн ажиллагаа болон хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор улсын бүртгэлийн байгууллагын дэргэд мэдээллийн технологийн төвийн хэлбэрээр зохион байгуулалтын нэгжийг байгуулж ажиллуулах талаар судалж шийдвэрлэх.

9/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 25/16 дугаар зөвлөмжийн хэрэгжилтийг Цахим бодлогын түр хороонд 2019 оны 6 дугаар сарын 15-ны дотор танилцуулах;

10/үндэсний эв нэгдэл, язгуур ашиг сонирхолд харшлах цахим орчин, цахим орчин дахь нийгмийн сүлжээний сөрөг мэдээллээс иргэдийг  хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор цахим орчин, цахим орчин дахь нийгмийн сүлжээний зөв зохистой хэрэглээг сурталчлах, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, бүх нийтийн тоон бичиг үсгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх тодорхой төсөл, арга хэмжээг төлөвлөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020-2022 онуудад хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах, хэрэгжилтийг эрчимжүүлэх;

11/цахим орчин дахь хууль бус контентын хандалтыг хязгаарлах, худал мэдээ, хуурамч хэрэглэгчийн бүртгэлийг устгах, хариуцлага тооцох тогтолцоог бий болгох, холбогдох байгууллагын чиг үүрэг, оролцоог оновчтой зохион байгуулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэх журмыг боловсруулах, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, цахим орчны сөрөг үр дагавраас сэргийлэх, зохистой хэрэглээг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх;

12/домейн нэрийн асуудлаар төрөөс баримтлах бодлогыг тодорхой  болгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх;

13/цахим орчин дахь хүүхдэд сөрөг нөлөөтэй контентыг тодорхойлох эрх бүхий төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, гомдлыг шуурхай шийдвэрлэх системийг бий болгох;

14/цахим орчин дахь нийгмийн сүлжээнд хэрэглэгч утасны дугаараар бүртгүүлэхтэй холбогдох хууль тогтоомжийн төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

15/Хилийн чанадад амьдарч буй Монголчууддаа төрийн үйлчилгээг ойртуулах, цахимжуулах гэж тус тус заасан байна.

Түүнчлэн энэ тогтоолын биелэлтийн явцыг 2019 оны дөрөвдүгээр улиралд Цахим бодлогын түр хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай хэмээжээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсов.

Мэдээллийг УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал танилцуулав. Тэрбээр, УИХ-ын даргын захирамжид зааснаар УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд ажлын үр дүнг танилцуулах үүрэг хүлээсэн боловч УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаас эхлэн цахим системийг ашиглаж эхлэхээр төлөвлөж, ажлын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Тухайлбал, 2019 оны 3, 4 дүгээр сард холбогдох судалгаануудыг хийж цахим системийн техникийн даалгаврыг боловсруулах, 6, 7, 8-р сард системийн хөгжүүлэлтийг хийх, 9-р сард системийн туршилт, зүгшрүүлэлт, мэдээллийн сангийн хөрвүүлэлт, сургалт, сурталчилгааг хийж, 10-р сарын 01-ний өдөр цахим системийн нээлтийг хийхээр төлөвлөсөн бөгөөд ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Түр хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Түр хорооны дарга Н.Учрал танилцуулгадаа, УИХ-ын 2019.05.23-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Иймд өмнө гарсан Ажлын хэсэг байгуулах тухай Цахим бодлогын түр хорооны тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэлээ. Тэрбээр, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар түр хорооны бүрэлдэхүүнээс гарсан тул өмнө нь энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан гишүүдээс Ажлын хэсгийн ахлагчийг сонгох горимын санал гаргав.

Ингээд УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар сонгохыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар дэмжигдснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж