Ийржи Бродский МУИС-д айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Ийржи Бродский МУИС-д айлчиллаа

Ийржи Бродский МУИС-д айлчиллаа

Бүгд найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ийржи Бродский 2019 оны 5 дугаар 31-нд МУИС-д айлчилж захирал Я.Төмөрбаатартай уулзлаа. Уулзалтад ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн эрхлэгч С.Булгантамир, ХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр, ахлах мэргэжилтэн Б.Энхжаргал нар байлцав. Монгол Улс, Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар тохиролцлоо. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Чех хэлний хөтөлбөрийг дэмжих чиглэлээр хамтарсан үзэсгэлэн, танилцуулга хийх, хамтарсан хөтөлбөр, Чех хэлний бэлтгэл хөтөлбөр хэрэгжүүлэх, Чех Улсаас нэртэй эрдэмтэн судлаачдыг урьж ирүүлэн тус улсын боловсролын байгууллагууд, тус улсын талаар мэдээлэл, сурталчилгаа хийх талаар ярилцан санал солилцож харилцан дэмжлээ.

Элчин сайд ноён Ийржи Бродский хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр тэтгэлгээр суралцах оюутны тоо урд нь 5 байсныг энэ жилээс 13 болгон нэмэгдүүлж байгаа, тус улсад Чех хэлний бэлтгэлд амжилттай суралцсан оюутнууд үнэ төлбөргүйгээр бакалаврын түвшинд үргэлжлүүлэн сурах боломжтой байдаг талаар онцлон тэмдэглэлээ. 1992 оноос эхлэн МУИС-д Чех хэлийг албан ёсоор судалж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш 10 удаа төгсөлт хийж нийт 89 мэргэжилтэн бэлтгэжээ. 2012-2016 хичээлийн жилд 10 оюутан суралцаж төгссөн байна. Үүнээс хойш Чех хэлний мэргэжлийн ангид элсэлт аваагүй болно. МУИС-ийн ОУХДС нь 2003 оныг хүртэлх хугацаанд Чех судлаачдыг “Гадаад албаны ажилтан” мэргэжлээр төгсгөж байв. 2003 оноос эхлэн ГХСС-д Чех орон судлаачдыг бэлтгэж эхэлсэн.

Эхний үед Монгол Улсад ажиллаж байсан Чехийн монгол судлаачид, Чехийн элчин сайдын яамны ажилтнууд, Чех болон Словакт сургууль төгсөгчдийн холбоо зэрэг байгууллага, хувь хүмүүс монгол оюутнуудад ном сурах бичиг, техник хэрэгслээр тусалж, өөрсдөө ирж хичээл заан, Чехийн соёлын төвийг бий болгожээ. Монгол Улсад БНЧУ-аас 1993 оны үед сууж байсан БНЧУ-ын элчин сайдын яамны консул Зденек Окунек Монгол Улсад Чех судлалыг хөгжүүлэхэд дээд зэргээр анхаарч байжээ. Тухайлбал, Зденек Окунек Д-р Франтишек Хонзактай хамтран монгол оюутнуудад зориулж “Чехийн түүхийн сурвалж бичиг” (УБ, 1997) номыг хэвлүүлсэн нь өнөө хэр нь Чех судлалын оюутнуудын хичээлийн нэг хэрэглэгдэхүүн байсаар байна.

2000-2003 онд БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны ажилтан Яна Пинёсова, 2004-2005 онд БНЧУ-ын ЭСЯ-ны консул Олдржих Соммер, 2005-2007 онд Марек Хавличек нар Чех хэлний ангийн оюутнуудад хичээл зааж байсан бөгөөд 2007-2008, 2008-2009 оны хичээлийн жилд Людмила Войткова мэргэжилтэн багшаар ажиллаж байв. 2007 онд БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны консул Соммерт МУИС-ийн ГХСС-ийн “Хүндэт доктор” цол олгожээ. Мөн онд Евро парламентын гишүүд, БНЧУ-ын анхны сансрын нисгэгч Ремек нар МУИС-д айлчилж, Чех судлалын ангийн оюутнуудтай уулзалт хийсэн байна. МУИС-ийн Чех судлалын салбарт ажиллаж байсан монгол багш нар нь Чехословакт Чех хэл уран зохиолоор мэргэшсэн анхны төгсөгчдийн нэг, нэрт орчуулагч Д. Алтангэрэл (2000-2001), тус тэнхимийн 1999 оны төгсөгч магистр Г. Буянхишиг (2000), Словакт төгссөн магистр багш Ч. Доржбат (1995-2006), онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд П. Нямаа (2004-2006) нар бөгөөд 2006 оноос 2003 оны төгсөгч, докторант багш Д. Энхжаргал Чех хэлний мэргэжлийн ангийн хичээлийг зааж байна. Монгол Улс, БНЧУ-ын засгийн газар хооронд Боловсролын салбарт хамтран ажиллах гэрээний дагуу жил бүр БНЧУ-ын Карлын Их сургуулийн Слав судлалын зуны сургуульд 3 оюутан оролцдог бөгөөд энэ нь уламжлал болоод байна. Тухайлбал, 2007 онд 3 оюутан, 2008 онд 2 оюутан, 1 багш, 2009 онд 2 оюутан, 2011 онд 2 оюутан, 1 багш, 2012-18 онд тус тус 3 оюутан оролцсон бол 2009 онд нэг оюутан өвлийн семестрт тэтгэлгээр БНЧУ-ын КИС-д суралцсан. МУИС-ийн Европ судлалын тэнхимээс жил бүр Европын орнуудын соёлын өдрийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2009 онд “Чехийн өдөр”, 2011 онд “Зул сарын баяр”, “Слав туургатан орнуудын соёлын өдөр”, зэргийг зохион байгуулж байжээ.

Одоогоор МУИС нь Чех улсын Карлын их сургууль, Прагийн ХААИС, Мазарикийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээний байгуулан хамтран ажиллаж байна.

Чех улсаас Монгол улсад суух Элчин сайд асан ноён Иржи Неквасилын дэмжлэгээр МУИС-д 2006-2007 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн БНЧУ-ын “Czech development cooperation” төслийн хүрээнд чех судлалын төвийг шинэчлэн байгуулж, ном сурах бичиг, гарын авлага, хичээлийн материаллаг баазыг сайжруулж, БНЧУ-аас мэргэжилтэн багш урьж ажиллуулж байв.

Мөн МУИС нь 2015-2019 онуудад БНЧУ-ын Мазарикийн их сургуультай хамтран Европын холбооны санхүүжилттэй TACTIC төслийг амжилттай хэрэгжүүлж, төслийн хүрээнд захиргааны ажилтан, гүйцэтгэх албан тушаалтны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн олон сургалтыг Европын орнуудад болон Монгол Улсад зохион байгуулсан. Уг төсөлд БНЧУ-ын Мазарикийн их сургууль, Бельги улсын Европын их дээд сургуулиудын холбоо, БНФУ-ын Перпинаны их сургууль, Эстони улсын Таллины технологийн их сургууль, Монгол улсын Хүмүүнлэгийн их сургууль, БНСВУ-ын Ханойн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хо Ши Миний их сургууль, Камбож улсын Баттамбангийн их сургууль, Минчей их сургууль хамтран ажилласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж