Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийг уншиж танилцуулав.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газрын өмч хувьчлал, улс төрийн шийдвэртэй холбоотой гаргасан шийдвэрээр иргэн гомдол гаргахад Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэхгүй болж байна уу. Үндсэн хуульд УИХ бол төрийн, гадаад, дотоод бодлогыг тодорхойлж ямар ч асуудлыг хэлэлцэж болно гэж заасан байдаг. УИХ-аас гарч буй шийдвэрүүд нь төрийн шийдвэр. Гэтэл хоригт улс төрийн шийдвэр гэсэнд тайлбар авмаар байна. Энэ хуулийн талаар хэд хэдэн газраар шүүмжилж байгаа талаар НҮБ-ын тусгай илтгэгчийн тайланд ирүүлсэн байна. Тухайлбал, хуульд захирагдах зарчмаас ухралт хийсэн, иргэний нийгмийн орон зайг хумих эрсдэл дагуулж байна гэдгийг хэлж байна. Ерөнхийлөгч энэ тайлантай танилцсан уу.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Эрдэнэцогт:
Төрийн өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас гарсан шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй нь хууль зөрчсөн. Тухайлбал, ТӨБЗГ-аас гаргаж байгаа шийдвэрийг энэ хуулиар шүүх хянахгүй болж байна. ТӨБЗГ өмч хувьчлалыг өрсөлдөөнөөр явуулна. Гэтэл уг хуулиар өрсөлдөөнд ялагдсан тал шүүхээр маргалдах эрхгүй болж байна.
Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад Н.Оюундарь гишүүнээс бусад нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах саналыг 92.3 хувиар дэмжсэнгүй.