&#34Өсч дэвжих өрсөлдөөн биш, тэсч үлдэх уралдаан болж байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

&#34Өсч дэвжих өрсөлдөөн биш, тэсч үлдэх уралдаан болж байна&#34

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай өнөөгийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, эдийн засгийн хямралыг даван гарах гарцын талаар ярилцлаа.

 

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

 

-Хэрвээ улсын эдийн засгийг гар утасны цэнэгтэй зүйрлэбэл аль хэдийнэ “батарей лов” заачихаад байна. Орж ирж байгаа хөрөнгө оруулалт гэж алга. Харин орлуулж авч байгаа гадаад өрийн хэмжээ нь л 21 тэрбум ам.долларт хүрлээ. Гадагшаа экспортолж, дотооддоо үйлдвэрлэж байгаа юм ховор боллоо. Хувийн хэвшлийн олон компани үүд хаалгаа барьж, орон тоогоо цомхотгож байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг бүтээн байгуулалтын ажлууд зогслоо. Эдийн засгийн ерөнхий дүр зураг гэвэл ийм байна.

 

-Улсын төсөв ямархуу байгаа вэ?

 

-Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр ямар ч шинэ бүтээн байгуулалт хийхгүй. Ийм байхад л улс мөнгөгүй абйна. Хамгийн ойрдоо л гэхэд наадмын дараа найм, есдүгээр сард ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг яаж, ямар эх үүсвэрээс тавих нь толгой өвтгөсөн асуудал боллоо. Ийм эрсдэл бодитой байхад Засгийн газар “болно доо” гэсэн урсгал байдлаар, зарим улстөрчид эдийн засаг илүү муудах нь бидэнд ашигтай гэх байдлаар хандаж байна. Гэтэл амьдрал дээр дотоодын компаниудын дунд гэхэд орлого ашгаа нэмэх, өсч дэвжих өрсөлдөөн биш, хэн нь хамгийн сүүлд тэсч үлдэх тэвчээрийн уралдаан болж байна. Олон хүн 25 жилийн турш хөлсөө урсган байж бүтээж босгосноо хоёр, гуравхан жилийн дотор нураачихгүй гэж хамаг хүчээ шавхаж байна.Ер нь Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт орох, орохгүй тухай ярьж эхэлнэ гэдэг нь өөрөө эдийн засаг хүндэрч дампуурахад ойртсноо олон улсад зарласан, хүлээн зөвшөөрсөн хэрэг шүү дээ.

 

-Таныхаар энэ хөтөлбөрт хамрагдах ёстой юу. Монгол Улс өмнө нь “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бизнесийн орчинд яаж нөлөөлөх вэ?

 

-Ойрын хугацаанд Оюутолгой, Тавантолгойн төслөө хөдөлгөж чадахгүй бол энэ хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголт бидэнд байхгүй.

 

-Хэрвээ “хоёр толгой”-г хөдөлгөчихвөл яах вэ?

 

-Валютын эх үүсвэрүүд ороод ирнэ. Энэ ондоо гэхэд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, татварын орлого үлэмж нэмэгдэнэ. Оюутолгой төсөлд хийсэн нэг ам.долларын хөрөнгө оруулалт бусад салбарт хоёр ам.долларын хөрөнгө оруулалт, эргэлт үүсгэнэ. Эдийн засгийн өсөлттэй үед Монголд эргэлдэж байсан арван доллар тутмын нэгийг “Энержи ресурс”-ийн төсөл бий болгож байсан. Тавантолгой хөдөллөө гэхэд энэ харьцаагаар үзэхэд, хамгийн багадаа л одоо байгаа 10 доллар тутам нэг доллараар нэмэгдэнэ. Үүнээс гадна хоёр “толгой”-н төсөл дээр болон төслийг тойрсон ханган нийлүүлэлтийг дагаж олон монгол хүн, дотоодын олон компани ажлын байртай, орлоготой болно. Өөрөөр хэлбэл, бид цаад эх үүсвэр, цалин нь баталгаатай хийх ажилтай болно. Одоо бол бидэнд хийх ажил алга, байлаа ч өгөх цалин, урсгал зардлаа санхүүжүүлэх эх үүсвэр алга. Ажилтай, орлоготой айл хоосон хонодоггүй юм. Улс орон ч ялгаагүй, хийх ажилтай, хийсэн ажилд нь таарсан цалинг иргэддээ өгч чадаж байвал юу юугүй улсаараа хоосон хонох гэж байгаагаа дэлхийд зарлахгүй шүү дээ. Тэгэхээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах үгүйг хоёр том төсөл л шийднэ. Харин “хоёр толгой”-г хөдлөхгүй нь нэгэнт тодорхой болчихвол цаг алдалгүй энэ хөтөлбөрийг авах хэрэгтэй.

 

-Гадаадын хөрөнгө оруулалт Оюутолгой, Тавантолгойгоос болсныг хүмүүс мэдэж байгаа. Гэтэл дотоодын бизнес яагаад хүндэрчихэв ээ. Хоёр “толгой”-г байхгүйд ажиллаж байсан, тэднээс хамраалгүй бизнесүүд олон бий шүү дээ.

 

-Хоёр зүйл хэлье. Нэгд, дотоодын бизнесүүд доголдсон нь нэг талаар эдийн засгийн хямралын гол шалтгаан хаанаас эхтэйг илтгэж байгаа юм. Хоёрт, алдаагаа засахад шалтгаанаа олж харах нь чухал ч, бид хямралынхаа оношийг зөв тавьж чадахгүй байна. Эдийн засгийн орчноос гадна засглалын хямрал, улстөрийн дотоод нөхцөл байдал муугаар нөлөөллөө. Мөнгөний болон төсвийн бодлогын алдаа нь өнөөгийн хямрал руу эрчтэй хөтөллөө. Монгол Улс нэгдсэн улс атал Засгийн газар нь холбооны улс шиг төрийн яамдыг фракцуудад хувьчлах нь халгүй хувааж өгсөн. Нэг үе Монгол Улс арваад Ерөнхий сайдтай юмшиг, нэгдсэн бодлогогүй явлаа. УИХ болохоор 76 Ерөнхий сайд юмшиг шиг загнаж засгийн болоод аж ахуйн ажилд оролцох гэх юм. Ер нь зарим хүн УИХ-ыг 76 гишүүнтэй ХК /хязгаарлагдмал компани/ гэж ойлгодог бололтой юм. Нөгөө талаар төр өөрөө хувийн хэвшлийнхээ ажлыг булааж хийдэг, татварын болон хяналт шалгалтаар баялаг бүтээгчдээ дарамталдаг байдал газар авлаа. Хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ ажлын байр, татварын ихэнх хувийг үүрч байгааг төр ерөөсөө олж хардаггүй. Харахыг ч хүсдэггүй явж ирсэн нь бас нэг алдааг амьдрал дээр амсч байна. Дээр нь гадна дотны хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдаж, үргээдэг байдал зэрэг нь эдийн засагт муугаар нөлөөлж байна.Одоо бол шалтаг, шалтгаан ярьж суудаг биш, хийж бүтээдэг цаг. Улирал нь ч тийм. Та нар гараад, Улаанбаатарт дээшээ өргөгдсөн, өргөгдөөд ажиллаж байгаа крануудыг тоолох гээд үзээрэй. Өмнө нь ямар байлаа, өнөөдөр өдрийн од шиг ховор байгаа. Дээшээ өргөдсөн краны тоо бол нэг талаар манай эдийн засгийг илтгэх, бүтээн байгуулалтын ажилхэр өрнөж байгааг харуулах “толь” ш дээ.

 

-Одоо тэгээд таны харж буйгаар хямралаас гарах гарц нь юу вэ?

 

-Өнөөдөр Монголд маань бүх юм байна. Чадварлаг залуус, чадалтай компани ч олон болж. Гэхдээ Монгол Улс хөгжихөд гаднынхны мөнгө, технологи, ноу хау зайлшгүй хэрэгтэй. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд тэдний итгэлийг эргэж олох хэрэгтэй. Дэлхийн интегарцид муу нэртэйгээ цааш явах бололцоогүй. Итгэлийг олно гэдэг нь бүх юмаа нээгээд хоёр гараа өргөнө гэсэн үг биш. Хэлсэн ярьсандаа эзэн байж, дэлхийн дүрмийг хүлээн зөвшөөрч дагаж мөрдөхөд л болно. Үүнээс гадна Монголдоо хөгжил дуудах, мөнгө оруулж ирэх, Монгол Улс, монголчууд гэж хэн бэ гэдгээ олон улсад харуулах ач холбогдолтой том төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй. Монгол бол нээлттэй засаглал, нээлттэй зах зээлийн эдийн засагтай орон. Тэгсэн атлаа Куба, Хойд Солонгос шиг хаалттай төрийн бодлоготой, Венесуэл шиг бүхнийг нийгэмчилж, бүгдийг төрийнхөө мэдэлд хураагаад дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн явах бололцоогүй. Бид л эндээ Оюутолгой, Тавантолгой гэж яриад байгаа болохоос дэлхийд бол Монгол Улс, монголчууд л гэж ярьж байгаа. Энэ утгаар нь харвал дэлхийн дүрмээр гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо дуудах, хүлээн зөвшөөрөх эерэг дуудлага хэрэгтэй. Үүний эхлэл нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр гарын зсэг зурсан үйл явдал гэж би хувьдаа үзэж байгаа. Энгийнээр, замын хөдөлгөөний дүрэмтэй зүйрлэж хэлбэл Оюутолгой төсөл хөдлөх болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ямарч гэсэн анивчсан ногоон гэрэл аслаа. Одоо залгаад Тавантолгойг, гацаатай түгжээтэй бусад төслөө ч эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй.

 

-Хөрөнгө оруулагчдын итгэлийг олох хэрэгтэй гэж та хэллээ. Манай улсын нэр хүнд гадаад ертөнцөд тийм муу байгаа юм уу?

 

-Харамсалтай нь өнөөдөр тийм гэж хэлж болно. Хамгийн наад зах нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа нь манай улсын гадаад нэр хүнд ямар байгааг илтгэж байна. Бид өнөөдөр Английн “Рио Тинто”-той үл ойлголцолтой, Канадын “Хан ресурс”-тай шүүхийн маргаантай, Францын “Арева”-г хулхидчихсан, Германы “Сименс”, Америкийн “Пибоди”-г гомдоогоод нутаг буцаачихсан, Хятадын “Шинхуа”, “Чалько”, Японы “Сүмитомо”-гийн нэр хүндийг Тавантолгойн дотоодын хэрүүлдээ хутгаад хаячихсан. Гэтэл эд нар чинь тухайн улсынхаа нэр нүүрийг тахалж яваа, дэлхийн толгой компаниуд шүү дээ. Компанийх нь нэр тэдний хувьд бизнесийнх нь орлого байдаг. Тийм учраас ийм том компаниуд нэр хүндээ муугаар гаргахыг хүсдэгүй. Тендерт ялагдлаа гэхэд манайхантай адил “баярт мэдээ” дуулгаж байгаа юмшиг цаад тал нь тухайн компанийн нэрээр олон улсад зарлаад байдаггүй нь бизнесийн соёл, хэм хэмжээ л дээ. Ийм өндөр стандартай дэлхийн брэндүүдтэй ойлголцохгүй, тэднийг хулхидаж байхад бусад нь бидэнд яаж итгэх билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Дэлхийн брэнд компаниуд бол эдийн засагт гадаад хаилцааны хэлээр бол ардын дипломатын үүрэг гүйцэтгэдэг. Хоёр орны харилцааг сайжруулах, хөрөнгө оруулсан улсаа дэлхийд үнэгүй сурталчлах, дэлхийн стандарт, ноу хау нутагшуулах гээд асар их ач холбогдолтой. Хэрвээ бид дэлхийд нэр хүндээ гаргаж, дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлж, баялгаа дэлхийн зах зээлийн үнээр борлуулах л гэж байгаа бол дэлхийн дүрмээр нь тоглохоос өөр гарцгүй. Нүүрсний эзэн юм, хөгжиж яваа юм гэдгээр Монголд зориулсан давуу эрх, тусгай дүрэм гэж байхгүй. Жишээ нь, манай жүдо, чөлөөтийнхөн олимпт оччихоод “үндэсний бөхийнхөө дүрмээр барилдана, эсвэл Хятадын бөхтэй барилдахгүй” гээд дэвжээн дээр суугаад байж болохгүй биз дээ. Дэлхийн олимпт нэг дүрмээр барилдаж байж л дэлхийд нэрээ гаргана. Бизнесийн зарчим, өрсөлдөөн спортынхтой яг адилхан. Үүнээс гадна эдийн засгийн утга нь илүү ч, манай улсын зээлжих зэрэглэлийг буурна гэдэг нь манай улсын нэр хүнд муу байгааг гадаад ертөнцөнд ямар нэгэн байдлаар мэдээлж байгаа юм. Төв банкны мэдээгээр энэ оны эхний улирлаар Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээрээ /хасах/ -200 сая долларт хүрлээ. Энэ бол муу мэдээ. Хөрөнгө оруулагчид эргэлзэж, хүлээзнэж байсан бол одоо шууд дайжиж, итгэл алдарч байна. Өнөөдөр Америкийн Засгийн газар нэг хувийн хүүтэй зээл авч байна. Гэтэл манай Засгийн газар гадаадад 8-10, дотооддоо 15-16 хувийн хүүтэй бонд гаргаж, аж ахуйн нэгжүүдэд нь гадаадаас 15-20 хувийн хүүтэй зээл олдож байна. Энэ нь манай улсын нэр хүнд дэлхийд Америкийнхаас тав, арав дахин муу байна аа л гэсэн үг. Бизнес хийхэд эрсдэлтэй, итгэхэд бэрх шүү гэж эх орныхоо нэрийг муугаар гаргахыг хүсэх монгол хүн байхгүй. Гэхдээ л бид өнөөдөр гадаад ертөнцөд, ялангуяа эдийн засгийн орчноор тааруу нэр хүндтэй яваа нь баримт юм. Үүнийгээ хүлээн зөвшөөрөх нь түрүүний ярьсан хямралын оношоо зөв олохын нэг хэлбэр л дээ.

 

-Эдийн засгийг өсгөх, ер нь хөгжлийн нэг гарц ньхөрөнгийн зах зээл гэж байгаа. Энэ салбар бодит байдал ямар байна вэ.

 

-Хөрөнгийн зах зээлийг амь оруулж байж л бид хөгжих ёстой. УИХ-аас үнэт цаасны зах зээлийг зохицуулах хуулийг нь баталж өгсөн. Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид гадаадын Хөрөнгийн бирж дээр нээлттэй компани хэлбэрээр хөрөнгө босгосон тэр компанийхаа хувьцааг Монголын хөрөнгийн биржид арилжаалах бололцоо нь нээгдсэн.Ингэхэд манай Хөрөнгийн бирж дээр дахин шинээр бүртгэл хийх шаардлагагүй. Ганц жишээ татахад гадаадын бирж дээр бүртгэлтэй хэрнээМонголд үйл ажиллагаа явуулж байгаа 43 компани байна. Тэдний зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 18 их наяд төгрөг. Гэтэл манай хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ дөнгөж 1,7 их наяд төгрөг байх жишээтэй. Бүхэл бүтэн улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 43 компанийхаас арав дахин бага байна шүү дээ. Тэгвэл шинэ хуулиар эдгээр 43 компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа шууд арилжаалах бололцоо нээгдэж, монголчууд худалдаж авах боломжтой болж байгаа. Мөн Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани гадаадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэж, IPO буюу гадаадын хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах, компанийнхаа бонд, хадгаламжийн сертификатыг гаргаж Лондон, Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хөрөнгө татах бололцоотой болсон.Манайд өнөөдрийн банк давамгайлсан санхүүгийн тогтолцоо нь үндэсний компаниудын өсөлтийг дэмжиж чадахгүй байна. Банкны зээлийг зөвхөн барьцаа хөрөнгөтэй хүнд олгодог.Зээлийн барьцаанд тавих хөрөнгийг нь зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлдэг.Компанийн хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг сангууд манай үнэт цаасны зах зээл дээр байхгүй нь жижиг дунд оврын компаниуд хөл дээрээ босч чадахгүй байгаагийн голшалтгаан болдог. Тийм учраас энэ хуулийн гол амин сүнс нь Монголын хөрөнгө оруулагчид, хадгаламжид мөнгөө хадгалдаг иргэдийн хувьд хөрөнгийн зах зээлд оролцож мөнгөө өсгөх бололцоог сонгодог утгаар нь нээж өгсөн.Ер ньиргэд эдийн засгийн өсөлтийн үр шимээс шууд хүртэх бололцоо нь үнэт цаасны зах зээл байдаг.Тэр бололцоонээгдсэн.

 

-Тэгвэл хэрвээ Оюутолгой, Тавантолгойд хөрөнгө оруулсан гаднын компани хувьцаагаа зарвал монголчууд Монголынхоо хөрөнгийн биржээс худалдаж авч болно гэж ойлгож болох уу?

 

-Болно. Хууль хэрэгжээд эхлэхээр Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа Хонконг, Лондон, Австрали, Канадын хөрөнгийн бирж дээр гарсан уул уурхайн компаниудын хувьцааг шууд Монголын хөрөнгийн биржээс авах бололцоо нээгдэнэ. Оюутолгойд хөрөнгө оруулалт хийсэн компани хувьцаагаа Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалахад Монгол Улсын иргэн хэн ч бай өөрийн орны биржээс худалдаж авах бололцоотой. Тавантолгой дээр гэхэд, иргэдэд олгосон “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа одоо бол эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй, саналын ч эрхгүй байгаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани дээр хувьцаа эзэмшигчид маань төлөөллөө хэрэгжүүлэх, ТУЗ-д нь төлөөллөө оруулах боломжгүй байсан.Харин энэ хууль хэрэгжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн засаглал нээлттэй болно.Ингэснээр 1072 ширхэг хувьцааныхаа жинхэнэ эзэмшигч нь болж, хувьцаа эзэмшигчийн хувиар компаний засаглал болон компаний үйл ажиллагаанд хяналт тавих давуу талыг бий болно. Дээр нь төрийн өмчийн оролцоотой үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг тухайлбал, “Эрдэнэт”, МИАТ, “Монголросцветмэт”, “Монголын төмөр зам” компаниудыг нээлттэй компани болгох хэлбэрээр хөрөнгийн зах зээлд гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн оролцоотой томоохон 100 орчим компани байна. Тэдний 90 гаруй хувь нь алдагдалтай ажилладаг. Ашигтай ажилладаг нь маш цөөхөн.Ард иргэддээ дандаа алдагдалтай компаниудын хувьцааг санал болгоод байж болохгүй. Ашигтай ажилладагийг ч санал болгох ёстой. Төрийн өмчийн том компаниуд үнэхээр л Монголын төрийн өмч, эзэд нь Монголын иргэд юм бол тэд тэндээс хувь эзэмшиж, хяналтаа тавих эрхтэй. Тэр бололцоо, эрхзүйн орчин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар нээгдсэн.Тэгж байж “Эрдэнэт”, “МИАТ” зэрэг төрийн өмчийн том компаниудыг улстөрчдийн бизнесийн шахааны газар байхаас чөлөөлнө.

 

-Манай хөрөнгийн зах зээл, ноогдол ашиг тараадаггүй учраас хувцаат компанийн нэр хүнд муу. Дээр нь манай улсын санхүүгийн салбар дахь банкны сектор, хөрөнгийн зах зээлийн харьцаа зохистой хэмжээнд байдаггүй?

 

-Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаа нь зогссон, санаатай санаагүйгээр дампуурсан олон компанийн бүртгэлийг Хөрөнгийн биржийн бүртгэлээс цэвэрлэх хэрэгтэй. Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн тоо 328 гэдэгч үнэн хэрэгтээ 200 гаруй компанийн хувьцаа нь зарагддаггүй, идэвхгүй, хаалттай байдаг. Одоо зах зээлийнхээ, хуулийнхаа шалгуурыг давж, шаардлагыг хангасан нь л биржид бүртгэлтэй явах хэрэгтэй.Үүнээс гадна санхүүгийн салбарын бүтцийг зохистой харьцаанд барих нь чухал.Яагаад гэвэл тухайн улсын эдийн засгийн хөгжлийг үнэт цаасны зах зээлтэй нь шууд уяж ойлгодог. Үнэт цаасны болон хөрөнгийн зах зээл нь эдийн засгийн хөгжлийнхөө гол зүтгүүр нь байдаг. Гэтэл өнөөдөр манай улсын санхүүгийн салбарын 96-98 орчим хувийг банкны салбар эзэлж байгаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 80-90 орчим хувьтай тэнцэх мөнгө зөвхөн арилжааны банкуудад эргэлдэж байна гэсэн үг. Сүүлийн үеийн тоогоор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 24 их наяд төгрөгт хүрсэн гэвэл 10 их наяд нь банкны салбарын нийт активийг бүрдүүлж байна. Харин хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ маань 2 их наяд төгрөг буюу ДНБ-ний арав хүрэхгүй хувийг эзэлж байна гэдэг үнэхээр чамлалттай.

 

-Ярилцлагаа өөдрөг асуултаар өндөрлөе. Хэрвээ “хоёр толгой”-г зэрэг хөдөлгөчихвөл ямарч гэсэн “Стэнд бай” хөтөлбөрт орохгүй гэж та түрүүн хэлсэн. Үүнэс өөр том үр дүн, том мөрөөдөл гэвэл та юу хэлэх вэ?

 

-Ер нь монгол хүн бүрийн хүсэл “хоёр толгой”-г зэрэг хөдөлгөх шүү дээ. Миний хувьд хэрвээ “хоёр толгой”-г зөв, бизнесийн төсөл болж хөдөлбөл Арабын улс орнууд шиг хөгжинө. Харин талцаж булаацалдаад, ханцуй дотроо наймаалцах хүртлээ түгжээтэй зогсоовол Африкийн улсуудын замруу их л гүн орно доо.Хүмүүс санаж байгаа бол 17.5 хувийн өсөлттэй үед эдийн засаг зөв явж, иргэдийн санаа сэтгэл ч өөдрөг, чиний асуусан шиг том мөрөөдөж байсан. Ингээд л удахгүй Араб болох нь гэж байтал сонгуулийн дараа Африк болгоод хаячихсан.Өнөөдөр бид байгаа байгалийн баялаг, нөөц, ойрхон зах зээл зэргээ ашиглаж чадаагүй алдсан цаг хугацаатайгаа харьцуулбал аль хэдийнэ Африк болж эхэлсэн шүү дээ. Африкийн орнууд шиг болно гэдэг нь тэдэн шиг туйлдаа хүртэл ядуурснаар шинж тэмдэг нь илэрдэг юм биш.Тэдний ядуурсан, баялгаа буруу ашиглах зам, схемд орж эхэлснээр илэрдэг юм.Өнөөдөр Монголын эдийн засаг валютын эх үүсвэргүй болж төлбөрийн баланс алдагдлаа. Одоо валютын ганц эх үүсвэр нь зээл тусламж л боллоо. Бид бүх валютын хэрэгцээгээ дандаа зээлээр хангаад байж болохгүй. Тэр бол дампуурал руугаа явж байгаатай адил. Харин “хоёр толгой”-г зэрэг хөдөлгөх нь хөгжил рүүгээ явж байгаа хэрэг юм. Ганцаараа бол хурдан, олуулаа бол илүү хол явна гэдэг биз дээ. Монгол Улсын эдийн засгийг тэтгэх төслүүд олон байх тумсаа л бид хурдан хөгжинө. Өнөөдөр шийдэл нь гарсан ч Оюутолгойн далдуур уурхайн ажил хараахан эхлээгүй, санхүүжилтээ хайж байна. Тавантолгойн төсөл УИХ-д орж ирсэн ч юм шиг, орж ирээгүй ч юм шиг таг зогслоо. Эндээс, энэ хоёр толгойг хөдөлгөх үгүйгээс хамаараад бид өнөөдөр нэг бол Араб шиг хөгжих, эс бол Африкийн орнуудын замаар орох гэсэн хоёр сонголтын өмнө зогсч байна. Азтай, амны хишигтэй монголчуудын маань заяа түшиж зөвийг нь сонгож, зөв замаар нь явна гэздэгт би итгэлтэй байна. Том мөрөөдөх нэг хэрэг, том алдахгүй байх нь л хамгийн чухал

 

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж