Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасинагийн хамт
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Даха хотын их сургуульд хэлсэн үгэндээ хүйсийн ялгааг тодотгосон нь шүүмжлэл дагуулаад байна. Тэрээр Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасинаг “эмэгтэй хүн ч гэлээ” терроризмын эсрэг зоригтой тэмцдэг хэмээн магтсанаар шүүмжлэлд өртжээ. Олон нийтийн сүлжээгээр буюу твиттерт Энэтхэгийн ерөнхий сайдын хэлсэн үг /#DespiteBeingAWoman/ өнөөдөр /VI.9/ топ трэнд болоод байна.
Шүүмжлэгчид Энэтхэг улс дэлхийд алдартай эмэгтэй ерөнхий сайдтай байсан атал Нарендра Моди хүйсийн ялгааг тодотгосон нь ичгүүр хэмээжээ. Үүний зэрэгцээ жиргээчид Энэтхэгийн ерөнхий сайд асан Индира Ганди, Их Британийн ерөнхий сайд асан Маргарет Татчер, хүний эрхийн төлөө тэмцэгч Роза Паркс, Малала Юсуфзай, физикч Мария Кюрие нарынг эмэгтэй хүн гэдгийг нь сануулан жиргэсэн байна.
Нарендра Моди амралтын өдрүүдээр Бангладешид хоёр өдрийн айлчлал хийгээд буцсан юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters