Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 41 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Жилийн борлуулалтын орлого нь 300 сая төгрөг бол “бичил”, 300 сая-1.0 тэрбум төгрөг бол “жижиг” аж ахуйн нэгж гэсэн ангилалд хамаарна
Эхлээд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулсан.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы 2018 оны 10 дугаар сарын 25. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, анхны хэлэлцүүлгийн шатанд нэгдсэн хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсгийг үндэслэн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300.0 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид 1 хувийн татвар ногдуулах болсонтой холбогдуулан хуулиудын уялдааг хангах зорилгоор Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээг өөрчлөх санал боловсруулжээ. Жилийн 250.0 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж “бичил" гэсэн ангилалд хамаарч байсныг 300.0 сая төгрөг, 250-500.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж “жижиг” үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгон тус тус нэмэгдүүлсэн байна. Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох санал оруулж байгаа аж.
Төслийн анхны хэлэлцүүлэг удаан хугацаагаар завсардсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн 2 тогтоолын төсөлд тусгасан зарим хугацааг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн болохыг Я.Содбаатар гишүүн танилцуулгадаа дурдав. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” эхлэн дагаж мөрдөхөөр, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын “2019 оны” гэснийг “2020 оны” гэж өөрчлөх саналыг тус тус боловсруулжээ. Ийнхүү нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг төсөлд нэмж тусган хууль зүйн техникийн засварыг хийсэн төслүүдийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээл нийслэлд 3 хувийн хүүтэй олгогдож байгаа бол орон нутагт 8.3 хувийн хүүтэй байхаар байгааг бууруулах чиглэлээр салбарын яам, холбогдох албан тушаалтнуудыг ажиллахыг санууллаа. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг 1.8 хувь байсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн хүүг 2015 онд эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй гэдэг шалтгаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд 3 хувьд хүргэх шийдвэр гаргаж байсныг хэлээд “Өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал тухайн үетэй харьцуулахад сэргэсэн, эерэг үзүүлэлтүүдтэй байгаа учраас эргүүлэн 1.8 хувьд хүргэх юм бол орон нутагт олгох тус сангийн зээлийн өртөг бодитоор буурах боломжтой” гэдэг саналыг хэллээ. Гишүүдийн тодруулсны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн хүүгийн нөхцөл, үүнийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн ба тус сангийн зээлийн хүүг 4-5 хувьд байлгахаар ажиллаж байгаагаа хэлсэн.
Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэхдээ “Энэхүү төсөл нь зөвхөн зээл олгох, зээлийн хүртээмжтэй холбоотой эрх зүйн зохицуулалт биш гэдгийг холбогдох талууд анхаараарай. Иргэдийн бизнес эрхлэлтийг дэмжих, өдөр тутмын үйл ажиллагааг нь хөнгөвчлөх гээд өргөн агуулга, ач холбогдол бүхий хуулийн төсөл учраас энэ чиглэлээр таниулах, сурталчлах ажилдаа анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн хэлсэн. Ийнхүү төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 оны 01 дүгээр сард зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний статистикийн хорооны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонссон бөгөөд тус хорооны дарга А.Ариунзаяа тайланг танилцуулав.
Монгол Улсын Статистикийн тухай хуулийн дагуу тооллого, судалгааг зохион байгуулж, албан ёсны статистикийн 48 багц үзүүлэлт (макро эдийн засгийн статистикийн 9, хүн ам, нийгмийн статистикийн 16, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн 13, шүүхийн статистикийн 5, хүрээлэн байгаа орчны статистикийн 5)-ийг тооцох мэдээллийг цуглуулж боловсруулахаас гадна 2018 онд анхдагч мэдээллийн чанар, статистикийн шинэ арга аргачлал, төрлүүдэд анхаарлаа түлхүү хандуулан ажиллажээ.
Олон улсад нийтлэг мөрдөгдөж арга зүйг судалж, үндэсний статистикийн системд нийт 39 аргачлал, арга зүй, маягт зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулж, баталж мөрдүүлсэн байна.
Үндэсний статистикийн хорооноос 2017 оны хувьд бид цахим хуудасны шинэчлэлт, түгээлтийг шинэ хэлбэрүүд дээр илүүтэй анхаарч ажилласны үр дүнд 1212.мн статистикийн мэдээллийн нэгдсэн цахим хуудасны хандалт сүүлийн 2 жилийн хугацаанд 5 дахин нэмэгдсэн байна.
“Open Data Watch” байгууллагаас жил бүр зарладаг дэлхийн 193 орны статистикийн байгууллагуудын 2018 оны мэдээллийн хүртээмж болон нээлттэй байдлын үнэлгээгээр Монгол Улсын ҮСХ нь дэлхий хэмжээнд 13 байраар урагшилж 11 дүгээрт, зүүн өмнөд Азийн бүсэд нэгдүгээрт бичигдсэн байна.
ҮСХ-ноос статистикийн үйл ажиллагааны бүх үе шатанд чанарын хяналтыг тухай бүрд нь тогтмол хийж байна. Орон нутагт анхан шатны статистикийн мэдээ хариуцдаг байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээний чанарыг сайжруулах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран Нийслэлийн 5 дүүрэг, 11 аймгийн 53 сум, 307 баг, 284 байгууллагад хамтарсан хяналт үнэлгээ хийсэн. 2019 онд үлдсэн дүүрэг, аймгаар хяналтын ажлыг зохион байгуулж байна. Захиргааны статистикийн мэдээлэл боловсруулдаг яам, агентлагуудын үйл ажиллагааны бүх үе шатад очиж ажилласан болохыг А.Ариунзаяа дарга танилцуулгадаа дурдсан юм.
Монгол Улсын статистикийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд мэргэжлийн 4 шатлалт сургалтыг зохион байгуулсан. Хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн төрийн байгууллагын албан хаагчид, хэвлэл мэдээллийн болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, их дээд сургуулиудын оюутнууд, ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад статистикийн сургалтуудыг зохион байгуулжээ.
БСШУС-ын сайдтай хамтарсан тушаалаар Боловсролын хүрээлэнгийн ажилтнуудыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, Ерөнхий боловсролын сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилготой Ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага”-ыг боловсруулан тархаасан нь олон улсад өндрөөр үнэлэгдэж, үлгэр жишээ болж байгаа аж.
Бусад улс оронд сайн жишээ болсон бас нэгэн ажил бол “Нэг иргэн, Нэг бүртгэл” буюу ҮСХ, ЭМЯ, УБЕГ хамтран төрөх эмнэлэгт дөнгөж төрсөн нярайд регистрийн дугаар олгож нэг ч хүүхдийг орхигдуулахгүй бүртгэлжүүлэх ажил гэлээ. Эдгээр гурван байгууллага нууцлалын өндөр зэрэглэлтэй төрийн цахим мэдээлэл солилцох ХУР системийг ашиглан мэдээллээ солилцож байгаа нь төрөлтийн статистикийн зөрүүгүйгээс гадна, шинэ төрлийн Real-time статистикийн мэдээллийг бий болгосон байна. Жишээлбэл, төрсөн хүүхдийн дундаж жин, өндөр, төрсөн цаг, амаржсан эхчүүдийн нас, боловсролын түвшин, гэрлэлтийн байдал зэрэг шинэ мэдээллүүдийг цаг тухай бүрд нь гаргаж байгаа аж. Энэхүү мэдээллийг нэгтгэсний үр дүнд амаржиж буй эхчүүдийн 55 хүрэхгүй хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байдгийг тодруулсан байна. Үүнээс үүдэн эх, хүүхдийн албан ёсны эрхийг хамгаалах зэрэг төрийн бодлогод албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй эх, хүүхдийн эрхийн тухай асуудлуудыг хөндөж болохуйц суурь мэдээллийн сан бий болсон гэдгийг А.Ариунзаяа дарга танилцууллаа.
Техникийн нөхцөл, систем нь бэлэн болчихсон тул цаашид нас баралтын мэдээллийг мөн дээрх 3 байгууллага хамтран шуурхай солилцдог болчихвол мэдээллийн зөрүү арилж, төрийн зарим үйлчилгээний чанарт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.
Төрийн бодлого, шийдвэр боловсруулахад хэрэгцээтэй судалгааны үр дүнг шуурхай боловсруулан тархаасны нэг жишээ нь “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа” гэлээ. Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр зэрэг үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийн тоо мэдээллийн санг бүрдүүлэх үндсэн зорилготой, 5 жил тутам явагддаг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны мэдээллийг 2018 онд цуглуулсан байна. Энэ сард үр дүнг танилцуулах аж. Мөн ядуурлын тооцоог улс, аймгийн түвшинд тооцсон талаарх дүнг энэ оны 06 дугаар сард багтаан танилцуулна гэлээ.
Үндэсний статистикийн хорооноос 2018 онд төрийн захиргааны байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа, мэдээллийн технологийг ашиглах, хангах чиглэлд ахиц дэвшил гаргасан болохоо танилцуулгадаа дурдсан. ХУР системд холбогдох гэрээг байгуулан, мэдээлэл солилцох хуудсыг шинэчлэн, төрийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан нууцлал хангасан техникийн тохиргоог хийсэн. Ингэснээр статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн төрийн мэдээллийн ХУР системээр дамжуулан төрийн 9 байгууллагатай мэдээлэл шууд солилцон ажиллаж байгаа аж. Хүн ам, өрхийн мэдээллийн сан болон Бизнес регистерийн мэдээллийн санд бусад төрийн байгууллагуудын 10 сантай мэдээллээ тулган шалгажээ. 2018 онд Үндэсний статистикийн хорооноос тархааж буй мэдээлэлд өөрийн үнэлгээг хийж, мэдээллийн боловсруулалтыг дэлгэрүүлэх боломжийг тодорхойлжээ. Энэ хүрээнд статистикийн мэдээллийн нэгдсэн санд 739 хүснэгтээр түгээж буй олон жилийн динамикийг дахин 234 үзүүлэлтүүдээр нэмэх ажлыг хийж байгаа гэлээ. Үндэсний статистикийн хорооноос захиргааны бүртгэл, мэдээллийг илүү сайн ашиглах боломжийг судалж, шинээр мэдээллийн эх үүсвэрийг бий болгох ажлыг хийж байгаа аж. Үүнд тус хороо төдийгүй бусад байгууллагын удирдлагын санал, санаачилга ихээхэн чухал байгааг тэрбээр онцоллоо. Монгол Улсын хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00 цагаар товлон, долоо хоног үргэлжлэх аж. Бэлтгэл ажил өргөн хүрээнд хийгдэж байна. Үргэлжлүүлэн А.Ариунзаяа дарга тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Уг танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт, тайлбар авсан юм. Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн хүртээмжтэй, байгууллагын үйл ажиллагаа сайжирч, бодит ахиц дэвшил гарч байгааг гишүүд тэмдэглэж байв. Тус байгууллагын бэлтгэсэн статистик мэдээллийг хэрхэн шийдвэр гаргах, бодлого боловсруулахдаа ашиглаж үр дүн гаргах вэ гэдэг нь чухал гэдгийг цохон хэлж байсан. Төрийн байгууллагуудын статистик, тоон мэдээллийн дүн зөрүүтэй байдаг талаар лавлаж, тодруулга хийсэн юм. Цаашид статистикийн тоон мэдээллийг тайлбар, дүн шинжилгээтэй, шийдэл арга хэлбэртэйгээр боловсруулах нь зүйтэй гэдгийг хэлээд өнөөгийн техник, технологийн шийдлийг нэвтрүүлэх, ашиглах нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байсан. Энэхүү тайланг хэлэлцэж буй нь зөвхөн байгууллагын үйл ажиллагааны тайлан биш гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэлээд “Цаашдаа салбар бүрийн статистик мэдээллийг харъяалах Байнгын хороодоор хэлэлцэж байх нь зүйтэй. Ингэж байж гаргасан шийдвэр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үр дүнд дүн шинжилгээ хийх бололцоо юм” гэлээ. Анхан шатнаас авч буй статистик мэдээлэл үнэн зөв байх нь дараа дараагийн шатны үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцад чухал үр нөлөөтэй гэдгийг хэллээ. Статистикийн мэдээллийг боловсруулж, хүртээмжийг сайжруулсан үр дүн бий ч мэдээллийг ашиглах, шийдвэр бодлогын хэрэгжилтэд ашигладаг үйл явцыг сайжруулахад анхаарах шаардлага бий гэдгийг Ж.Ганбаатар гишүүн хэлсэн.
Ажлын хэсгийг байгуулж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах юм. Өнөөдрийн хуралдаанаар тус төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо.
Дараа нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Ажлын хэсгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа. Ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд тусган Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Ийнхүү Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ