Монголын хамгийн алдартай сагсан бөмбөгийн тамирчдын нэг болох Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Одын авьяас тодорч эхэллээ. Эдгээр өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий “мэргэн бууч”-ийн жагсаалтыг ОХУ-ын багийн тоглогч Д.Чикарев, Монголын Ш.Энхийн-Од нар тэргүүлж эхэлсэн. Тэд хоёр тоглолтын дараах байдлаар нийт 22 оноог авч 20 орны тамирчдаас онооны үзүүлэлтээрээ ялгарч эхлэв.
Сагсан бөмбөгийн гэр бүлээс гаралтай Ш.Энхийн-Од энэ жил 17 настай бөгөөд ааваасаа илүү авьяаслаг болохоо харуулсаар байна.
Гудамжны гэж нэрлэгдэх болсон 3х3 төрөл Олимпийн наадмын хөтөлбөрт орж эхэлсэнээс энэ спортоор хичээллэх тамирчдын тоо эрс нэмэгдэж олон одод тодорч эхэлсэн. Монголын багийг бүрдүүлж байгаа Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од, Г.Өсөхбаяр аваргын хүү Пэрэнлэйжамц болон Л.Авирмэд, А.Батхуяг нарын талбай дээрээ ялалтыг авсаар байна. Та тэднийг дэмжихийг хүсвэл Д.Сүхбаатарын талбайг зориорой.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ