G7: ОХУ-д шинэ хориг тавихыг үгүйсгэхгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

G7: ОХУ-д шинэ хориг тавихыг үгүйсгэхгүй

 

AP Photo/Carolyn Kaster

 

Германы өмнөд нутгийн Эльмау шилтгээнд дэлхийн Гранд гэгдэх Долоогийн бүлгийн  хоёр хоногийн саммит даваа гаригт дууслаа. Уулзалтанд ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, АНУцын ерөнхийлөгч Барак Обама, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британи, Итали, Канад, Японы  ерөнхий сайдууд оролцлоо. 1977 оноос хойш уг уулзатад оролцож байгаа Европын холбоог Еврокомиссийн дарга Жан-Клод Юнкер, Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск нар төлөөлжээ.

 

ОХУ-ЫН ЭСРЭГ ХОРИГИЙН ТАЛААР G7 ЯРИЛЦАВ

 

Энэ жилийн уулзалтыг даргалагч Меркель уулзалтын үр дүнг танилцуулсан юм. “Хэрэв зайлшгүй шаардлагатай бол хориг арга хэмжээг чангатгах болно” гэж канцлер тайлбарлав.

 

Обама ч энэ санааг мөн хэлжээ. “Минскийн тохиролцоог бүрэн биелүүлтэл Орост тавьсан хоригийг хэвээр үлдээхээ манай европ түншүүд хэлцгээсэн. Ингэснээр одоо байгаа салбарчилсан хоригийг долдугаар сард сунгана” гэж Обама хэлжээ. “Хэрэв шаардлагатай гэж үзвэл, бид Оросын эсрэг нэмэлт хоригийг авах болно” гэж Обама хэлсэн ч ямар төрлийн хязгаарлалт хийхээ хэлсэнгүй.

 

“Орост бид дарамтаа үзүүлэх ёстой. Мөн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг Украинаас бид шаардах ёстой” гэж ерөнхийлөгч Обама хэлэв. Минскийн тохиролцоог бүрэн биелүүлэхийг уриалсан Америкийн лидер анх удаагаа Украинаас үүргээ биелэхийг шаардсан нь сонирхолтой. Украинд хямрал нүүрлэсэн нэг жилийн туршид АНУ хэзээ ч Порошенког буруутгаж байгаагүй юм. Энэ уулзалтын өмнө ч тэд байр сууриа тохируулан ярилцсан байв.

 

Оросын эсрэг хоригийг хэвээр үлдээх нь Украины өнөөгийн удирдлагууд барууны дэмжлэгийг авах бодлого барихаас өөр аргагүй болж байгаа учраас Донецкт дайныг бүрэн сэргээгүй ч зүүн хязгаарынхаа хотуудыг буудах явдлаа эрчимжүүлсэн юм. Тэр нь ч энэ саммит дээр хоригийг хэвээр үлдээх шийдвэр гаргахад тусалсан нь дамжиггүй.

 

Ер нь хориг тависан нь Оросыг бүхий л талаар сулруулах оролдлого юм. Энд Украин гол шалтгаан ч биш гол шалтаг нь болж байгаа юм.

 

ИТАР-ТАСС/Михаил Джапаридзе

 

Британийн ерөнхий сайд Кэмерон, Одоо байгаа хориг арга хэмжээ Минскийн тохиролцоог  бүрэн биелтэл үйлчлэх ёстой гэж хэлэхдээ “Украины талаас ч Оросын талаас ч хүчин зүтгэл шаардана” гэж яг л Обамаг үгчлэн давтлаа. Харин Олланд хориг байх ёстой гэхдээ шинэ хориг тавих шардлагагүй гэв. Минскийн тохиролцоог биелүүлэхэд хоёр талын  үйл ажиллагааг шаардана гэдгийг тэр бас давтлаа. “Орос Украины зүүн хэсэгт зэвсэг нийлүүлэхээ үргэлжлүүлэх, зүүн хэсэгт цэргийн оролцоогоо таслахгүй байвал тэр нь шинэ хориг гаргах үндэс болно” гэдгийг Олланд анхааруулсан юм.

 

Хориг арга хэмжээгээр Украины дэмжихэд гаргасан хэдэн сая долларын “хохиролтой” Канадын ерөнхий сайд Стивен Харпер өөрийн орноо нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн гэсэн байлаа.

 

Францын лидер G7-гоос гадна G20 гэдэг өргөжүүлсэн формат байгааг сануулаад “Орос нь Сири, Иран, Украины талаар явуулах хэлэлцээрт  гол үүрэгтэй"-г хэлсэн юм.

 

Италийн ерөнхий сайд Ренци, Японы ерөнхий сайд Шинзо Абэ  нар Оросыг олон улсын тавзанд гарган чухал яриа хэлэлцээрт оруулахын төлөө гэцгээв. “Дараагийн жилд Япон уулзалтыг хүлээн авна. Украины өнөөгийн байдал нь G7-г  G8 болгоно гэж хэлэхэд хүндрэлтэй” хэмээн Абэ онцолжээ.

 

УКРАИНД ТУСЛАХ ШИЙДВЭРТЭЭ ХЭВЭЭР БАЙНА

 

Бид Украинд эдийн засгийн тусламж үзүүлэх болно. Мөн бид Украинд шинэчлэл явуулах, авлигатай тэмцэхэд нь тусламж үзүүлэх дэмжлэгийн групп байгуулахаар шийдлээ гэж Обама ч Меркель ч мэдэгдэв. Олон улсын валютын сан, Европын холбооны өмнө авсан үүрэгтэйгээ зохицох үндсэн өөрчлөлт хийхийг тэд Украинд уриалжээ.

 

Харин Украины хувьд “орос баавгай”-гүйгээр чансаагаа ахиулах нь улам бүр хүндрэлтэй болж байна.

 

G7 ГРЕКИЙН ЕВРО БҮСЭД БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ БАЙНА

 

Меркелийн хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид Оросыг голчлон сонирхож, бусад асуудлуудад сонирхол бага гаргасан ч Грекийг евро бүсэд байлгахын төлөөх үгээ канцлер хэлэв. Бид энэ талаар ярилцсан бөгөөд тэр улсыг евро бүсийн хэсэг байгаасай гэсэн хүсэлтай байна хэмээн Меркель онцолжээ.

 

Грекийн асуудлыг  яаралтай шийдэх хэрэгтэйг ч Обама хэлсэн байв. Европ Грект хэтэрхий чанга хандаж байна уу гэсэн асуултанд хариулахаас харин бултжээ.

 

 

Хэрэв талууд хангалтай хэмжээгээр уян хатан байж чадвал бид асуудлыг шийдэж чадна хэмээн Обама онцолжээ.

 

ТЕРРОРИЗМТАЙ ТЭМЦЭХ

 

Дэлхийн террортой  хийх тэмцлээ эрчимжүүлнэ гэж G7 шийдэв. “Терроризм, түүний санхүүжилттай тэмцэх асуудал бидний тэргүүлэх чиглэл. Бид улам бүр шуурхайлан хөдөлж, үйл ажиллагаагаа  сайн зохицуулах болно гэж G7 онцлон тэмдэглэжээ.

 

AP Photo/Raqqa Media Center

 

Энэ сэдвээр НҮБ-ын нарийн бичгийн дарга Пан Ги Мун G7-гийн лидерүүдтэй ярилцсан бөгөөд  “Хүчирхийлэлд тулгуурласан  хэт давралтыг зогсоох НҮБ-ын даяарчлалын төлөвлөгөө”-г  энэ жилд олон улсын хамтын нийгэмлэгийн Ерөнхий ассамблейд өргөн барих гэж буйг Пан Ги Мун хэлсэн байлаа.

 

ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР

 

Долоогийн бүлэг XXI  зууны сүүл гэхэд агаар мандал дахь хүлэмжийн хийн хаягдлыг тэглэх ёстой гэж Меркель мэдэгдэв. Энэ асуудал нь саммитийн эзний дэгдээ оруулсан гол зүйл байлаа. Меркелийн зүтгүүлэн саналыг дэмжин их долоогийн орнууд 2020 он гэхэд  дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд 100 тэрбум ам.долларыг улсын болон хувийн эх сурвалжаас гаргахаар тохиролцов.  Мөн, их долоо халдварт өвчний цартахалтай тэмцэх тэмцлээ идэвхжүүлэхээр болов.

 

Саммитийн дүн ерөнхийдөө иймэрхүү. Саммитийн талаар олон улсын санаа бодол янз бүр байлаа. Зарим хэвлэл түүнийг “G1+6” гэж нэрлэсэн байв. Америкийн талд хэт их хөтлөгдөж буйг хэлсэн нь тэр биз.

 

Даяарчлалын асуудлуудыг шийдэхэд Долоогийн бүлэг хангалтгүй гэж ч хэлж байв. Долоогийн клубыг үндэслэгчийн нэг Германы канцлер асан Гельмут Шмитт долоогийн формат хэтэрхий жулдаж буйг хэлэн G12 эсвэл G14 хэлбэрт оруулан энэ клубт Энэтхэг, Хятад, Бразили зэргийг оролцуулах  шаардлагатай гэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

 

Баварийн өнгө аяс бүхий G7-ийн уулзалт

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж