Хятадын Хэбэй мужид өнөөдөр /VI.9/ зэвсэгт этгээд гал нээж, дөрвөн хүний амийг хороон, таван хүнийг шархтуулсан халдлага гарчээ. Хятадын төв телевиз CCTV-д мэдээлснээр, Сунинг хотноо дөрвөн хүнийг хөнөөсөн сэжигтэнг баривчилсан гэжээ. Энэ хэргийг Хятадын цагдаа нар мөрдөн шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин бусад эх сурвалжийн мэдээлснээр 55 настай эрэгтэйг сэжигтнээр татан баривчилсан гэнэ. Халдлага өнөө өглөө эрт болсон аж. Хятадад иргэд хувьдаа галт зэвсэг эзэмшихийг хязгаарлаж, хатуу хянадаг тул буу ашигласан халдлага гарах нь ховор байдаг юм.
Өмнө нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын Ляонин мужид төв банкны ажилтан гал нээж хамт ажилдаг хоёр хүний буудан хороосон хэрэг гарч байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters