Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цахим тоглоомын газруудад шалгалт хийж эхэлжээ. Уг шалгалтыг Баянзүрх дүүргээс эхлүүлсэн байна. Тус дүүрэг дэх 21 цахим тоглоомын газарт шалгалт хийхэд нэг хүнд оногдох талбайн хэмжээ хүрэлцээгүй, гэрэлтүүлэг, агааржуулалт муу, ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, цонхонд зориулалтын хөшиг хийгээгүй, хуулга наасан, гадаах талбай нь хогтой зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн интернет кафе ажиллуулах зөвшөөрөл авчихаад цахим тоглоомын үйл ажиллагаа эрхэлсэн зөрчлийг ч илрүүлжээ.
Стандартад тавигдсанаар цахим тоглоомын газрын нэг хүнд ногдох талбай нь хоёр мкв байх ёстой. Мөн журамд 9-16 хүртэлх насны хүүхдүүд зуны цагт 20:00 цаг хүртэл, өвлийн цагт 18:00 цаг хүртэл үйлчлүүлэх ёстой байдаг аж. Гэтэл ихэнх нь 24 цагаар ажилладаг байна.
Иймээс зөрчил гаргасан нэр бүхий цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэх аж.
Цаашид шалгалтыг нийслэлийн найман дүүрэгт үргэлжлэн хийх юм байна.
Б. НОМИНЧИМЭГ