Үнийн уналт үргэлжилбэл долдугаар сард шатахуун хямдарна

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Үнийн уналт үргэлжилбэл долдугаар сард шатахуун хямдарна

Сүүлийн долоо хоногт баррель нефтийн үнэ $9-өөр суларчээ

Үнийн уналт үргэлжилбэл долдугаар сард шатахуун хямдарна

Дэлхийн зах зээлд сүүлийн таван сар газрын тосны ханш зогсолтгүй өссөн. Энэ жолоодлогогүй өсөлт Монголын зах зээлийг ч тойролгүй дайрч, он гарсаар шатахуун түлшний  жижиглэнгийн үнэ мэдэгдэхүйц дээшилж, өрхийн хэтэвчээс эхлээд үйлдвэрлэлийн төсөв тооцоонд хүртэл зардал нэмсэн билээ.

Тэгвэл дэлхийг орвонгоор нь эргүүлж мэдэх худалдааны дайн хурцдаж, хүрээгээ тэлснээр олон улсын зах зээл дэх газрын тосны үнэ хөдөллөө. Түүхий газрын тосны ханш сүүлийн таван өдөр дараалан уруудаж, таван сарын доод цэгт хүрээд байна. Өнгөрсөн лхагва гарагт дэлхийн газрын тосны зах зээлийн пуужин гэгддэг Brentийн ханш 0.51 хувиар суларч, 60.97 ам.доллартай тэнцсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр он гарснаас хойших дээд цэг болох 75 ам.долларт хүрээд байсан Brent сүүлийн сар гаруйн хугацаанд 15 орчим гаруй ам.доллараар хямдарчээ.

Ялангуяа, сүүлийн долоо хоногт баррель нефтийн үнэ есөн ам.доллараар суларсан нь ойрын саруудад ажиглагдаагүй огцом хямдралд тооцогдож байна.

ТРАМП ХАНШИЙГ ӨСГӨВ

Энэ хямдрал ирэх саруудад үргэлжлэх эсэх, нийлүүлэлт нэмэгдэх үү зэрэг олон асуулт таваарын зах зээлээс хариулт нэхэж байгаа. Гэхдээ олон улсын шинжээчдийн таамаг төсөөлөл танилцуулахаас өмнө ханш өнгөрсөн саруудад яагаад өссөнийг эхлээд цухасхан дурдъя.

Энэ зах зээлийн гол жанжин нь байсаар ирсэн АНУ одоогоос жилийн өмнө Иран улстай (2015  онд) байгуулсан олон улсын цөмийн гэрээнээс гарч, Дональд Трамп эдийн засгийн хоригоо эргэн сэргээсэн. Дэлхийн газрын тосны зах зээлийн томоохон суваг болох Ираны нийлүүлэлтийг ийн боомилсон нь олон улсын зах зээлд газрын тосны ханшийг өсгөж, шатахуун, түлш, эрчим хүчний түүхий эдийн үнэ чангарах суурь нөхцөл болсон билээ. Ираны газрын тосны гарц энэ оны тавдугаар сарын байдлаар 1990 оноос хойших доод цэгтээ хүрсэн.

Үүнээс гадна үнийн хэт уналтаас айж байсан ОХУ болон OPEC-ийн орнууд олборлолтоо танахаар санал нэгдэж, нийлүүлэлтээ сааруулсан. Энэ нь олон улсын зах зээлд нийлүүлэлт саарах сануулга болсноор газрын тосны үнийг өсгөж, олборлогчдын орлогыг нэмсэн юм.

Газрын тосны гол олборлогчдын эхлүүлсэн зах зээлийн энэ тоглоом сүүлийн хэдэн сарын турш тэдний зохиосон дүрмээр үргэлжилж байлаа. Гэтэл дэлхийн өсөлтийн эрчийг сулруулж, эрэлтийг бууруулах худалдааны дайн хүрээгээ тэлснээр нь түүхий эдийн ханшийн муруйг эсрэг зүгт эргүүлэв. Учир нь тарифаар зэвсэглэсэн дайн ширүүссэнээр улс орнуудын үйлдвэрлэл саарч, түүхий нефтийн эрэлт буурах төлөв тодорч эхлэх нь тэр. Нэгдүгээрт, худалдааны дайнаас үүдэн БНХАУ-ын үйлдвэрлэлийн өсөлт саарах таамаг давамгайлж эхэлсэн. Хоёрдугаарт, АНУ-аас Мексикийн бараа бүтээгдэхүүнд өндөр тариф тогтоосон нь эргээд тус улсын үйлдвэрлэлийг удаашруулж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн өсөлт, эрэлтийн хөдөлгөгч хүч болдог хоёр том гүрний эдийн засгийн эрч буурч болзошгүй. Энэ бүүдгэр төлөв нь газрын тосны ханшийн өсөлтийг хойш чангаалаа.

МОНГОЛД ШАТАХУУНЫ ҮНЭ ХЭЗЭЭ БУУРАХ ВЭ

Тэгвэл газрын тосны үнийн уналт сүүлийн хэдэн сарын турш шатахуун түлш, махны үнийн өсөлттэй нүүр тулсан монголчуудын магнайг тэнийлгэх нь дамжиггүй. Гэхдээ олон улсын зах зээлд өнөөдөр ханш уналаа гээд маргааш нь манайд шатахууны үнэ уруудахгүй нь ойлгомжтой. Таваарын зах зээлд ажиглагдаж эхэлсэн газрын тосны ханш багагүй хугацаа, цөөнгүй үе шатыг дамжин бидний хэтэвчинд нөлөөлдөг. Тэгвэл манайд магнагт гараад буй автобензин, дизель түлшний үнэ хэзээ буурах вэ. “Дөрөв болон тавдугаар сар нь улирлын шинж чанартайгаар дэлхий даяар газрын тосны үнэ өсдөг үе. Үүнээс гадна Ираны хориг болон Ливи, Венесуэлын хямралаас үүдэн өнгөрсөн саруудад түүхий эдийн ханш өссөн. Харин энэ сараас эхлэн үнийн өсөлт буурах төлөвтэй. Энэ нь Монголд шатахуун түлшний үнэд энэ болон ирэх сараас эхлэн нөлөөлнө хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас мэдээлж байна. Ялангуяа, А92 автобензиний үнэ энэ сарын 15-наас буурна гэж АМГТГын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдсэн юм. Мөн Шатахуун үнийн зөвлөл өчигдөр хуралдсан юм. Энэ үеэр 4-5 зөвлөмж гаргажээ. Тодруулбал, дизель түлшний өсөлтийг буулгах арга хэмжээ авахаар болжээ. Өнгөрсөн сард дизель түлшний үнийг литр тутамд 40 төгрөгөөр үнийг нэмсэн. Албаныхан үнийн өсөлтийн шалтгааныг тайлбарлахыг аж ахуйг нэгжүүдэд албан бичгээр мэдэгдсэн. Өнөөдөр түлш импортлогчид албаныханд хариу тайлбараа өгөх ёстой аж. “Хэрэв үнээ үндэслэлгүй нэмсэн компани бидний шаардлагыг хүлээн авахгүй бол тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлнэ” гэж Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдлээ.

Энэ сараас эхэлсэн үнийн уналт ирэх сарын дундуур бидний хэтэвчинд мэдрэгдэх нь

Монгол Улс автобензин, дизелийн түлшээ Сингапурын биржийн үнээр худалдаж авдаг. Ингэхдээ Brent, Урал зэрэг газрын тосны жишиг индексүүдийн өмнөх сарын 1-нээс 25 хүртэлх  ханшийг дунджаар тооцож, автобензин, дизель түлшээ ОХУын Ангараск хотоос ойролцоогоор  10 гаруй хоногийн хугацаанд татаж авдаг байна. Тэгвэл энэ сараас илт ажиглагдаж эхэлсэн үнийн уналт ирэх сарын дундуур бидний хэтэвчинд мэдрэгдэх нь.

Гэхдээ үүнээс урьтаад түүхий эдийн ханш өсөхийг үгүйсгэх аргагүй. Учир нь худалдааны дайн, олборлогчдын шийдвэрээс үүдэн газрын тосны ханш таамаглахад төвөгтэй таваарын тоонд тооцогдож байгаа. Энэ зах зээлийн хоёр том тоглогч болох АНУ, Иран улс ойрын хугацаанд эсрэг тэсрэг байр сууриасаа ухрахгүй нь тодорхой байна. Ираны тосны экспортыг тэглэх АНУ-ын давшилт ухрахгүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт Ираны асуудал эрхэлсэн АНУын тусгай төлөөлөгч Брайн Хук мэдэгдлээ. Хариуд нь Иран улс дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 19 хувийг нийлүүлдэг Ормудын хоолойг хаана гэдгээ хатуухан мэдэгдчихээд байгаа юм. Дээрээс нь хоригт хүлэгдсэн ч Иранаас газрын тос экспортолсоор байсан орнуудыг энэ оны тавдугаар сарын эцэс гэхэд худалдан авалтаа бүр мөсөн зогсоохыг АНУ сануулсан. Энэ сануулгын хугацаа дууссан тул Ираны экспорт улам буурна гэсэн үг. Энэ хэрээр үнэ өсөж болзошгүй.

Гэтэл Ираны экспорт эрс буурсан тул тус улсын зах зээлийн орон зайг зарим орнууд нөхөж эхлээд байна. Ираны гарц буурсныг далимдуулан Саудын Араб, Ирак, Ливи улсууд нийлүүлэлтээ хамгийн ихээр өсгөжээ. Дэлхийн газрын тосны аварга том нийлүүлэгч болох Саудын Арабын олборлолт өссөн нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Хэдийгээр тус улс нийлүүлэлтээ тохиролцсон хэмжээнээс хэтрүүлэхгүй хэмээн мэдэгдэж буй ч олборлолт өсөх хүлээлт зах зээлийн хуулиар ханшийг чангааж болзошгүй. Үүнээс гадна, өнгөрсөн орнуудад газрын тосны ханшийг нүд ирмэхийн зуур эргүүлсэн худалдааны дайн намжих магадлал бүрхэг хэвээр. Ханшийг хөдөлгөх гол хүчин зүйлсийг харахад газрын тосны үнэ таамаглахад бэрх, хаашаа ч чиглэж болзошгүй тодорхой бус байдлын төв цэгт тэгнэчихжээ.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж