УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2019.06.05/-ийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүний томилгоо болон Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
ЦЭЦИЙН ГИШҮҮНД Г.БАЯСГАЛАНГ НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сард дуусгавар болсонтой холбогдуулан түүний оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгаланг нэр дэвшүүлэх саналтай байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд “Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон талаар мэдээлэл өмнө нь УИХ-ын Тамгын газарт ирсэн үү” гэсэн асуултад албан ёсоор Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярын гарын үсэгтэй бичиг ирсэн гэдгийг онцлов.
Ингээд байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Г.Баясгаланг албан ёсоор нэр дэвшүүлэхийг дэмжих эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72,7 хувь нь дэмжсэн юм. Тиймээс одоо УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд Г.Баясгаланг албан ёсоор нэр дэвшүүлэх саналаа Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, хэлэлцүүлэх юм. Үүний дараа чуулганы хуралдаанаар Цэцийн гишүүнийг томилох эсэхийг хэлэлцэх юм байна.
ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Тус дүгнэлт нь Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм. Энэхүү дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг хэлэлцсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор УИХ хэлэлцэх ёстой юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд “Цэцийн дүгнэлтийг хүлээж 2018 онд нөхөн сонгууль зохион байгуулахад 52 нэр дэвшигч сонгогдсон. Энэ нөхөн сонгуулийг зохион байгуулах зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргасан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр бол энэ сонгогдсон 52 хүний сонгууль зохион байгуулсан нь мөн л Үндсэн хууль зөрчсөн гэж ойлгох уу” гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Засгийн газрын нөөц гэдэг дотор улсын төсвөөс гадна гадаадын тусламж, тусгай сангууд бүрдэнэ гэж ҮХЦ тайлбарлаж байна. Улсын төсвөөс гэнэтийн асуудал гарна гээд Засгийн газрын нөөц санд хуваарилдаг. 2018 онд ч энэ чиглэлээр явсан гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл ҮХЦ 2019 онд нөхөн сонгууль болох нь тодорхой байсан учир улсын төсөвт суулгах байсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ингээд Үндсэн хуулийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авахаас татгалзав. Мөн Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ