Английн амьд домог Элтон Жоний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн хийсэн “Rocketman” киноны таван минутын хэсэг хасагдаж, төгсгөл нь бага зэрэг өөрчлөгдсөнөөр Оросод гарахаар болсон. Энэ нь киног бүтээгчдийн шүүмжлэл дагуулж буй. Тодруулбал, кинонд дуучны ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орж буй хэсэг, мансууруулах бодис хэрэглэж буй хэсгийг хассан байна. Энэ талаар кино багийнхан болон Элтон Жон мэдэгдэл хийхдээ “Бүс нутгийн хуулиар бидний киноны хэсгийг хассан нь байж болох хамгийн хатуу, хэцүү эсэргүүцэл болоод байна. Paramount Pictures үнэхээр зоригтой хамтрагч байж Элтон Жоний гайхалтай болон алдаа дутагдалтай амьдралыг тэр чигээр харуулах боломж олгосон. Гэвч тус нутгийн дистрибьюторийн гаргасан шийдвэр үзэгчдийн киног бүтнээр нь мэдрэх боломжийг хааж байгаа нь хоёр хүний хоорондын хайр сэтгэлийг үгүйсгэдэг бидний амьдарч буй бүдүүлэг, хэрцгий нийгмийн гунигтай дүр зураг юм” хэмээжээ. Орос улс нь ижил хүйстнүүдийн эсрэг хатуу хуультай бөгөөд энэ төрлийн хандлагыг сурталчлах боломжгүй аж. Харин энэхүү үйл явдлын талаар Орос улсын Соёлын яамны сайд Владимир Мединский “Энэ нь дистрибьюторийн шийдвэрээр хийгдсэн зүйл. Бид киноны хэсгийг хасаагүй, энэ юуны тухай болохыг би ч мэдээгүй” хэмээн мэдэгдэл хийсэн байна. Уг кино Оросод нээлтээ хийх байсан хугацаанаасаа хойшилж зургадугаар сарын 6-нд буюу маргааш нээлтээ хийхээр болжээ.
Б.ЦОЛМОН
Холбоотой мэдээ