УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгалаа. Ингэхэд төслийн нэгдүгээр зүйлийн 6.5-д аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь харъяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтооно гэсэн заалтыг гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзсэн юм.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн шатанд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгасан ч гишүүд гарсан саналуудыг бүгдийг дэмжих боломжгүй гэж үзсэн юм.
Г.ДАРЬ