Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яамны хөдөлмөрийн аюулгүй байдлын газар, хэлтсийн удирдлага, ажилтнууд үйлдвэрийн ослыг хэрхэн бууруулах талаар хэлэлцэж байна. Өмнөх жилүүдэд харъяа яам, мэргэжлийн хяналтын байгууллагаас барилгын салбарын осол, аюулгүй байдал гэхээсээ илүүтэйгээр тухайн барилгыг зөвшөөрөлтэй эсэхийг шалгаж, торгууль шийтгэвэр оногдуулахад анхаарлаа хандуулж ирсэн. Ингэснээр барилгын салбарын осол гэмтэл буурахгүй гэдэг нь нэгэнт батлагдсан тул энэ жилээс эхлэн урьдчилан сэргийлэх, сануулан зөвлөхөд анхаарч ажиллахаар болсон тухай хэлэлцүүлэгт оролцож байгаа салбарынхан онцолж байлаа. “Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгын салбарын ослыг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Өмнө нь шалгалт хийж, буруутныг нь олдог тактиктай байсан. Харин одоо бол ажилчны эрүүл мэнд, амь насыг хохироох эрсдэл үүсгэхгүйгээр барилга хэрхэн барих чиглэлд анхаарч ажиллаж байна” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэтөгс хэлсэн юм.
Удаа дараа осол гаргадаг барилгын компаниудыг эрхийг түдгэлзүүлжээ
Хэлэлцүүлгийн үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт илгээсэн 11 компанийн асуудлыг эргэн сөхсөн юм. Тодруулбал, удаа дараа осол гаргаж хүний амь нас эрүүл мэндийг хохироосон, төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 11 байгууллага аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг гаргаад байсан юм. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан энэхүү саналыг Барилга хот байгуулалтын яамнаас судлан үзээд дөрвөн компанийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэхээр болжээ. Үүнд,
- НИЙСЛЭЛ ӨРГӨӨ" ХХК: Угсралтын ажлын явцад шаардлага хангахгүй шат, тандан, хамгаалах хэрэгсэлгүйгээс гурван хүний амь нас эрсэдсэн, нэг хүн хүнд бэртсэн.
- "БО БЭ КОНСТРАКШН" ХХК: Дүүжинт өргүүрийн дээвэр дэх гаоны бэхэлгээний боолт мултарч, тросс суларчны улмаас өндрөөс унаж гурван хүний амь нас эрсэдсэн.
- "ЭРЭЛТ ИМПЕКС" ХХК: Угсралтын ажлын явцад захиалагч, гүйцэтгэгчийн эрх үүрэг хангалтгүй биелүүлсэн, хэв хашмалын гадна тулаасыг хийгээгүй.
- "ТАЙГАМ АЛТАЙ" ХХК: Ажлын байрны аюулгүй байдлын нөхцөл бүрдээгүй, лифтний хонгилын хаалт, хамгаалалтыг бүрэн хийгээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй гэх шалтгаанаар дээрх арга хэмжээг авсан байна.
Харин “Их наяд хөгжил” ХХК, “Чандмань цамхаг” ХХК, “Есүй ордон” ХХК, “Тен тен” ХХК, “Суурь” ХХК, “Говь гурван сайхан” ХХК, “Назу констракшн" зэрэг компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлахаас татгалзжээ.
Он гарсаар таван хүн барилгын ослоор амь эрсэджээ
Одоогоор нийслэлд 500 гаруй барилга баригдаж байгаагаас 24-27 мянган айлын орон сууц энэ жилдээ ашиглалтад орно. Эдгээр барилгаас аль нь зөвшөөрөлтэй, хуулийн дагуу баригдаж байгааг онцлохоос илүүтэйгээр хэрхэн осол гэмтэл гаргахгүй байх вэ гэдэг асуудалд анхаарна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд барилгын компаниудын буруугаас болж 90 гаруй хүн, он гарсаар таван хүн барилгын ослоор амь насаа алдсан байна. Хэдийгээр салбарын яам, агентлагаас тавих анхаарал хяналт сайжирч ажил олгогч ажилтнууд хичээн анхаарч ажиллаж байгаа ч барилгын осол буурахгүй байгаа нь тулгамдаад байгаа гол асуудал. “Энэ асуудлыг шийдэхийн тулд“Барилга хот байгуулалтын яамны зүгээс ажил олгогчтой тулж ажиллахаар шийдсэн. Барилга дээр ажиллаж байгаа инженер, ажилчидтай уулзаж ярилцаж анхаарууллаа гээд амжилт олохгүй байна. Тиймээс ажил олгогч, хяналтын байгууллага салбарын яам ширээний ард сууж ярилцах цаг болсон” гэж
Барилга хот байгуулалтын яамны Барилгын чанар аюулгүй ажиллагааны бодлогын газрын дарга Ц.Ганбат хэлсэн юм.
Д.ЖАРГАЛ