Гадаад паспортын үйлчилгээ "гацжээ"

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Гадаад паспортын үйлчилгээ "гацжээ"

Гадаад паспортын үйлчилгээ "гацжээ"

Үйлчлүүлэгчид үүр шөнөөс  Дүнжингарав худалдааны төвд байрлах Нэг цэгийн үйлчилгээний гадна дугаарлаж, өглөө ажил эхлэхэд уртаас урт дараалал үүсчээ. Тэд гадаад паспорт шинээр захиалах гэж дугаарлаж байгаа нь энэ.  Нэгдсэн үйлчилгээний төвийн гадаад паспорт шинээр захиалах хэлтэсийнхэн ачаалалтай байв. Дүнжингарав төвийн нэгдсэн үйлчилгээний төвөөс өдөртөө гадаад паспортын захиалга хүлээн авах 180 ширхэг дугаар тараах хязгаарлалттай гэнэ. Гэвч өглөө эртлэн дугаарласан 153 хүнд өнөөдрийн /2019.06.05/ үйлчлэх дугаарыг тараагаад бусад нь нойроо хугаслан байж боссоны хэргээ гаргасангүй. 


ҮҮРЭЭР 04.00 ЦАГТ ИРЖ, ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ ДУГААР АВЛАА

“Гадаад паспорт шинээр захиалах хүсэлтэй иргэд Дүнжингарав төвийн үүдэнд өөрсдөө дугаар үүсгээд нэрээ бичүүлж байсан. Би өглөө үүрээр 04.00 цагт ирэхэд 27 хүн миний урд ирчихсэн байсан.  Гэтэл хойно ирсэн залуучууд дайрч, түрүүлээд орчих юм. Ямар учраас ингэж төрийн үйлчилгээг хүндрүүлж байгааг ойлгохгүй байна.  Дайрахдаа дайрч, муудалцахдаа муудалцсаар байгаад 58 дугаарыг авсан.  Гадаад паспорт шинээр солих үйлчилгээг цахимаар үзүүлдэг болчихвол амар байна.  Нэг цэгийн үйлчилгээний дөрвөн цэгээр захиалга өгөөд байхад ачаалал нь дийлдэхгүй юм. Учрыг нь ойлгохгүй байна” хэмээн Баянзүрх дүүргийн иргэн Н.Доосмаа бухимдангуй ярив.

Нийслэлийн хэмжээнд иргэд “Драгон”, “Дүнжингарав”, “Мишээл”,Чингэлтэй дүүргийн зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах  нэгдсэн төвүүдээр үйлчилж, гадаад паспортоо захиалах боломжтой. Эдгээр нэгдсэн төвүүдээс хамгийн ачаалалтай нь Дүнжингарав дахь салбар юм. Иргэдийн хувьд нэгдсэн үйлчилгээний 70 гаруй хувийг зөвхөн Дүнжингарав төвд байрлах төвөөс авдаг байна.

Тус төвийн үйлчилгээний 41.8 хувийг гадаад паспортын үйлчилгээ эзэлдэг гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм. Гадаад паспортын эрэлт их байгаа ч хязгаарлалттай холбоотойгоор энэ төрлийн үйлчилгээний хандалт эрс буурчээ. Өнгөрсөн оны тавдугаар сард Дүнжингарав төв дээр гадаад паспортын захиалга 11120 хүлээн авсан бол 2019 оны тавдугаар сард энэ тоо 8336 болж буурчээ. Ингэснээр гадаад паспорт захиалгын үйлчилгээ 25 хувиар буурсныг мэргэжилтнүүд хэллээ.

ГАДААД ПАСПОРТЫН БЭЛДЭЦ ДУУСЧ, ЗАХИАЛГАА ХЯЗГААРЛАСАН УУ?

Тавдугаар сарын 28-наас хойш долоо хоногийн хугацаанд  нэгдсэн төвийн салбаруудаар 80 ширхэг  гадаад паспорт олгожээ. Тиймээс  зуны амралт эхэлж буй энэ өдрүүдэд гадаад паспортоо захиалахаар үүрээр ирж, дугаарлаж байгаа иргэд бухимдалтай байлаа. Энэ явдлын ашиглан ченжүүд оочер, дугаар зарах тохиолдол ч гарчээ.

Зарим иргэд зуны улирлын ачааллаас болоогүй,  гадаад паспортын бэлдэц дуусч байгаа учраас ийм хязгаарлалт хийж байна гэдгийг хэлж байв. Харин мэргэжилтнүүдийн зүгээс системийн шинэчлэлтэй холбоотой гэж тайлбарлаж буй юм.

Энэ талаар Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Жавхлант ярихдаа “Улсын бүртгэлийн ерөнхий газраас улсын суурь бүртгэлийг цахимжуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүний нэг нь гадаад паспортын бүртгэл дээр хэрэгжиж байна. Тийм учраас программын шинэчлэл хийхтэй холбоотойгоор хэсэг хугацаанд ачааллыг хязгаарлаж байна. Уг нь бүр сул зогсоож байгаад энэ ажлыг хийх ёстой байтал ямар ч байсан төрийн үйлчилгээ тасалдах ёсгүй гэдэг үүднээс бага багаар ажлаа хийж байна. Тэр үед нь хоцрохоор иргэд бухимдах асуудал гарсан байх. Ирэх долоо хоногоос энэ ачаалал үүсэхгүй, хэвийн үйл ажиллагаагаа явуулна. Учир нь тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийгдээд дуусаж байгаа. Ирэх долдугаар сараас шинэ тоног төхөөрөмж дээр хэсэгчилсэн туршилтыг хийх болно” гэв.

Харин Баянзүрх дүүргийн иргэн С.Дамдинсүрэн “Би гадаад паспортоо шинээр захиалахаар дугаарлаж байна. Өчигдөр өглөө 08.00 цагийн үед ирэхэд 80 ширхэг дугаар тараагаад дууссан байсан. Харин өнөө өглөө 06.00 цагт ирлээ. Өглөө 180 ширхэг дугаар тараажээ. Би өглөө 09.00 цагт ирсэн бол гадаад паспортоо захиалж, амжихгүй юм байна. Иргэдийн ярьж байгаагаар зуны амралтын ачааллаас бус гадаад паспортын бэлдэц нь дуусч байгаа учраас ачаалал үүсгээд байгаа гэх юм” гэдгийг хэлж байв.

Түүний дэргэд зогсож байсан нэг эмэгтэй “Өглөө манай хүү 6.00 цагт ирж, дугаарлаж байж, номер авч өглөө. Тэгэхгүй бол залуучууд нь дайраад, над шиг хүн бол орж ч чадахгүй юм билээ. Тэгээд дотор ороод ирэхээр хоёрхон хүн гадаад паспортын захиалга авч байх юм” хэмээн бухимдлаа.

ЗУНЫ УЛИРАЛД САРД ДУНДЖААР 40-50 МЯНГАН ЗАХИАЛГА ХҮЛЭЭН АВДАГ

Зуны амралт эхэлж буйтай холбоотойгоор гадаад паспорт шинээр захиалах иргэдийн тоо эрс нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Зөвхөн өнөөдрийн байдлаар /2019.06.04/ гэхэд 1200 орчим иргэний гадаад паспортын захиалгыг авчээ. Энэ тоо зөвхөн нийслэл дэх иргэдийн тоо. Үүнээс гадна хилийн чанад, орон нутгаас гадаад паспорт захиалах хүсэлтүүд нэмэгдэнэ. Зуны улирлын ид ачааллын үеэр сард дунджаар 40-50 мянга орчим гадаад паспортын захиалга хүлээн авдаг талаар Иргэний улсын бүртгэлийн газраас мэдээлэл өглөө.

“Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оны нэгдүгээр сарын хоёрны өдрөөс эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Одоогоос таван жилийн өмнө сунгасан паспортууд 2022 онд дуусахаар байгаа. Бид сунгалтын үйлчилгээг зогсоож байгаа талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулж хэлсэн. Гадаад паспортыг шинээр захиалах хугацааны хувьд 16 хүртэлх насныхан таван жилээр түүнээс дээш насныхан 10 жилийн хүчинтэй. Харин захиалгын үнэ тарифт ямар нэгэн өөрчлөлт оролгүй, 32.500 төгрөг хэвээрээ байгаа” гэдгийг Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Жавхлант хэлсэн юм.

Тэрбээр “Өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд заасны дагуу яаралтай үйлчилгээ гэж байхгүй болсон. Бид шинэчлэн баталсан хуулийн хүрээнд дүрэм журмаа шинэчилж байгаа. Өмнө нь яаралтай үйлчилгээ гурав хоног үндсэн үнэ дээр 10 мянган төгрөг нэмж авдаг байсан бол одоо үндсэн үнээ төлөөд, хот суурин газар бол тав хоног, орон нутаг бол 15 хоног, хилийн чанадад 45 хоногийн хугацаанд гадаад паспортыг хэвлэн гаргаж байгаа” талаар ярилаа.

Дүнжингарав төвөөр үйлчлүүлж буй Баянгол дүүргийн иргэн Г.Сүрэнхүү “Гадаад паспортыг 10 жилээр сунгаж байгаа нь байнга хилээр орж, гардаг хүмүүст их хүндрэлтэй юм. Хэдийгээр паспортын хугацаа нь дуусах болоогүй ч дарсан тамгынх нь хугацаан нь дуусчихдаг. Ихдээ л гурав, дөрвөн жил болоод л паспорт нь дүүрч, дахин шинээр захиалах хэрэг гардаг. Харин энэ үйлчилгээ нь хааяа гадаад орон руу явдаг хүмүүст бол зүгээр” гэдгийг хэлсэн юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж