УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд V цахилгаан станц барих ажил ямар шатанд яваа, Амгалан станц энэ жил багтаж ашиглалтад орох эсэхийг тодруулж байлаа.
Эрчим хүчний сайд Д.Зоригтын тайлбараар бол тавдугаар цахилгаан станцыг Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн дунд барихаар газрыг сонгон концессын гэрээг байгуулаад байгаа аж. Тэрхүү гэрээг дагасан 10 гаруй гэрээг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний, нүүрсний гэрээтэй холбогдуулан хэд, хэдэн удаагийн уулзалтыг хийжээ. Гэрээг эцэслэн хийсний дараа бүтээн байгуулалтын ажил эхлэх юм байна. Амгалангийн станцын хувьд энэ оны наймдугаар сараас туршилт, тохируулгын ажил хийгээд, есдүгээр сарын сүүлээр байнгын үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Энэхүү станц Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаан, цахилгаанаар хангах аж.
Эцэст нь ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанаар тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ. Санал хураалтын шатанд “Аймгийн төвүүдэд дулаан хангамжийн шинэ эх үүсвэр барих ажлыг үргэлжлүүлэх” гэснийг “Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулаан хангамжийн шинэ эх үүсвэр барих ажлыг эрчимжүүлэх” гэж өөрчилснийг гишүүдийн олонхи дэмжсэн. Мөн уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдрэлд орсон талбайд нөхөн сэргээлт хийлгүүлэх гэсэн санал олонхын дэмжлэгийг хүлээсэн юм.
Дараа нь Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсөлд “Сэргээгдэх эрчим хүчний ногоон тариф” хэмээн тусгасан байсныг дэмжих тариф гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс санал оруулж ирснийг гишүүдийн олонхи дэмжив. Түүнчлэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэснээр энэ өдрийн хуралдаанаа өндөрлүүлэв.
Г.ДАРЬ