ЕБС-уудад робот, гитарын клубын тоног төхөөрөмж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

ЕБС-уудад робот, гитарын клубын тоног төхөөрөмж гардууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр ерөнхий боловсролын 13 сургуульд лего робот, хоёр сургуульд гитарын клубын тоног төхөөрөмж гардууллаа. Лего робот нь хүүхдийн хүсэл сонирхлыг татахуйц, хөгжилтэй, бүтээлч, шинжлэх ухаанч арга барилд тулгуурлан физик, хими, дизайн, технологи, математик, мэдээлэл зүй зэрэг хичээлүүдээр эзэмшсэн чадварыг нэгдмэл, бодитой, бүтээлч чадвар болгон төлөвшүүлж, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой юм. Энэ нь нэг иж бүрдэлдээ чөлөөт сонголтоор угсарч болохуйц хуванцар жижиг хэсгүүд, төрөл бүрийн араа, дугуй, туузан дамжуурга, програмчлах боломж бүхий төв процессор, төрөл бүрийн цахилгаан моторууд, өнгө, батерей, дуу гэх мэт олон төрлийн мэдрэгчүүдээс бүрддэг сургалтын цогц хэрэглэгдэхүүн юм. Сурагчид роботыг ашигласнаар өөрийн хүссэн загвараар роботоо угсарч, програмчлан тодорхой үйлдэл гүйцэтгэж, туршиж үзэх боломжтой. Мөн хөгжмийн урлагаар дамжуулан хүүхдийн гоо сайхны мэдрэмжийг хөгжүүлж, урлагийн авьяас чадварыг нээж, хөгжүүлэх зорилгоор гитарын иж бүрдэл олголоо.

Энэ үеэр  БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Авьяас” хөтөлбөрийн гол зорилго нь хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн чиглэлд өөрийнхөө сонирхлоороо суралцахад туслахад оршиж байгаа юм. Бид 100 гаруй сургуульд технологийн, 200 гаруй сургуульд физикийн  лаборатори нээсэн байгаа. Түүнтэй нь зэрэгцүүлээд энэ роботын дугуйланг сургууль болгон дээр байгуулна. Яг ийм роботын, орчин үеийн технологи ашигласан лабораториудыг байгуулахад хүндрэл байхгүй.” гэдгийг онцолсон юм.

БШУ-ны сайд 2012 онд хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх тухай тушаал гарган үндэсний хэмжээнд “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. 2012-2013 оны хичээлийн жилд ЕБС-ийн нийт сурагчдын 20% нь дугуйлан, секцэд хамрагдан суралцаж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилд нийт сурагчдын 115% /нэг сурагч хоёроос гурван дугуйланд хамрагдаж байгааг тооцсон/ нь дугуйлан, секц, клубт хичээллэж авьяас чадвараа нээн хөгжүүлж байна. Энэ хугацаанд нисэх загвар, сэтгэх чадвар, бүтээлчээр уншигч, легоробот, гитарын клубүүдийг улсын хэмжээнд загвар байдлаар туршин хэрэгжүүлжээ.

“Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн 11а ангийн сурагч Э.Тамир: Хичээл дээр үзсэнээ бодитоор турших боломж бүрдсэн

  • Би робот бүтээх чиглэлээр хичээллээд гурван жил болж байна. Роботын клубт суралцсанаар бидний техник сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ нь хөгжиж, хичээл дээр үзсэнээ бодитоор турших боломж бүрдсэн. Роботоор хичээллэсэн хүүхдүүдийн дунд “Монробот” гэж уралдаан болдог. Хот хөдөөгийн хүүхдүүд энэ уралдаанд оролцоод амжилт гаргасан нь цаашлаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог. Бидний зохион бүтээх хүсэл, авьяас чадварыг дэмжиж, роботын иж бүрэн тоног өгсөнд баярлалаа.

ХУД-ийн 52-р дунд сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Оюундарь: Хүүхэд бүрт авьяасаа нээж хөгжүүлэх боломж олгосонд баярлалаа

  • 2012 оноос манай сургуульд “Хурд” хамтлагийн ахлагч, гитарчин Б.Отгонбаяр ах гитарын клуб нээж, сургалт явуулж эхэлсэн. Би тэр клубт хичээллэж гитар тоглож сурсан. Хөгжим тоглож сурсанаар би өөртөө илүү их итгэлтэй болсон. Хүүхэд бүрт авьяасаа нээж, хөгжүүлэх боломж олгож гитар хөгжмийн иж бүрдэл өгч байгаад баяртай байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж