УБТЗ-ыг Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болгоно

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

УБТЗ-ыг Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болгоно

УБТЗ-ыг Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болгоно

НЭМЭЛТ: 13.00 ЦАГ

Монголын тээвэр зуучдын холбоог төлөөлж, “Монложистик” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Тэлэнгэд “Монгол Улсын транзит коридорын өнөөгийн байдал”, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Л.Баяраахүү “УБТЗ”-ын ачаа тээврийн үзүүлэлтэд Монгол Улсын төмрийн хүдрийн экспортын үзүүлэх нөлөө” сэдвээр, УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных “УБТЗ”-ын суурь бүтцийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”, ОХУ-ын “Мосгипротранс” нээлттэй нийгэмлэгийн ерөнхий захирал И.В.Мицук “УБТЗ-ыг 2030 он хүртэл шинэчлэн хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар тус тус танилцуулан илтгэл тавилаа.

МОНГОЛ УЛСАД ТРАНЗИТ ТЭЭВЭР, ТРАНЗИТ ЖУУЛЧИД, ТРАНЗИТ ХУДАЛДААНААС
ОРОХ ОРЛОГО НЭМЭГДЭХ БОЛОЛЦОО БИЙ

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: –Удахгүй манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. БНХАУ, манай улсын хоорондох худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ. Тийм учраас худалдааны энэ том эргэлтийг дамжуулах гол бааз суурь нь манай улс байх ёстой юм. Үүний төлөө төмөр замынхаа бүтээн байгуулалтыг, ялангуяа төмөр замынхаа суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчлэх, замаа өргөтгөх шаардлага хэрэгцээ байна. Одоогийн богино замаар транзит тээврийнхээ урсгалыг нэмэгдүүлэх хамгийн том бололцоо нь манай улсын зам, тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлага хэрэгцээ байгаа юм.

“Төмөр замаас гадна бид хойд хилээс урд хил хүртэлх автозамын бүтээн байгуулалтыг сайжруулах хэрэгтэй байгаа. Энэ хүрээнд Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км, Налайх-Улаанбаатар чиглэлийн 20.9 км, тус бүр дөрвөн эгнээ бүхий автозамуудыг шинээр тавьж байна. Үүнээс Налайхын замын бүтээн байгуулалт энэ жилдээ дуусаж, Дарханы замын хоёр эгнээ нь ашиглалтад орно.

Цаашдаа энэ дөрвөн эгнээ замыг үргэлжлүүлэн хойд, урд хоёр хилээ холбох юм. Үүнээс гадна агаарын тээврээр дамжин өнгөрч байгаа онгоцны тоог нэмэгдүүлж, энэ талаар гадаадын агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллана. Ингэж байж бид транзит тээврийнхээ урсгалыг нэмэгдүүлнэ. Монгол Улс транзит тээврээс олох, транзит жуулчдаас олох, транзит худалдаанаас орох орлого нэмэгдэх бололцоо байна” гэв.

Тэрбээр ачаа тээврийн буюу авто транзит чиглэлээр Монгол Улс дэлхийн олон оронтой хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгааг дурдаад, удахгүй Санкт Петербургт болох Эдийн засгийн чуулган дээр Литва улстай гэрээ байгуулах гэж байна. Өнгөрсөн жил Улаанбаатар-Улаан-Үд болон Улаанбаатар-Улаанцавын хооронд бүс нутгийн тээврийн хэлэлцээр байгуулсан. Энэ мэтээр авто тээврийн тал дээр манай улс нэлээн санаачилга гарган ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэж байв.

НЭМЭЛТ: 12:00 ЦАГ

МОНГОЛЫН НУТГААР ДАМЖИН АЗИ-ЕВРОПЫН ХООРОНД ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР ҮЛЭМЖ ХЭМЖЭЭГЭЭР НЭМЭГДЭЖ БАЙГАА НЬ "ТРАНЗИТ МОНГОЛ" ФОРУМЫН ҮР ДҮН ЮМ

"Транзит Монгол-2019″ форум “Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь, түншүүдийн хамтын ажиллагаа" сэдэвт илтгэл, ярилцлагын цагаар үргэлжилж байна. Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрөх тээврийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавилаа.

“УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа: -Бидний зохион байгуулж байгаа арга хэмжээ  нь Хятад, Монгол, Орос гурван улсын төрийн тэргүүнүүд Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо үзэглэсэн “Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтад түлхэц өгч, Улаанбаатар төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд  чухал ач холбогдолтой билээ.

Үүний үр дүнд Монгол улсын нутгаар дамжин тээвэрлэгдэх ачааны хэмжээ нэмэгдсэн бөгөөд нэн ялангуяа  манай улсын нутгаар дамжин Ази-Европын хооронд чингэлэг тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгааг та бүхэнд мэдээлэхэд таатай байна.

Дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг аяласан байна. Харин 2019 оны эхний 4 сарын байдлаар 397 галт тэрэг  40828 TEU болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялаад байна. Энэ өсөлт жил бүр зохион байгуулж байгаа “Транзит Монгол” арга хэмжээний үр дүн бөгөөд Улаанбаатар төмөр замын  тээврийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа хөрш орнуудын төмөр замын байгуулагуудын хамтын  ажиллагааны үр өгөөж гэж дүгнэж байна.

Монгол улсын засгийн газраас дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагааг дэмжиж  тээвэрлэлтийн хугацааг багасгах, ачааны хэмжээнээс хамаарсан тарифын хөнгөлөлт үзүүлэх, хил нэвтэрлэлтийг шуурхай болгох зэрэг ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлээд байна. Цаашид ч хэрэгжүүлэх ажил их байна.

Төмөр замаар тээвэрлэгдэх ачааны хэрэгцээ шаардлага, таамлаглалыг гаргаж “Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх-2030” хөтөлбөрийг боловсруулаад, одоо энэхүү хөтөлбөрөөс нэн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх буюу 2021 он хүртэл хийх төслийн ажлуудаа эхлээд байна. Ингэснээр 2020 он гэхэд тээврийн хүчин чадлыг жилд 31,7 сая тоннд хүргэхээр ажиллаж байна.

Сүүлийн үед хилийн өртөө Замын-Үүдэд дамжин өнгөрөх чингэлэг вагон хүлээж саатах, эсвэл вагонууд чингэлэг хүлээж өртөөний зам талбайг эзэлж удаан хугацаагаар зогсох  хүндрэл гарч байна. Энэ нь тухайн өртөөний ажлыг удаашируулах, технологит ажлыг хүндрүүлэх шалтгаан болж байна.  Энэхүү хүндрэлийг бидний зүгээс хамтран шийдвэрлэх боломж байгааг бүх тээвэр зуучийн байгууллагад мэдэгдэж, нааштайгаар хамтран ажиллахыг уриалж байна.

Өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр замын хилийн гарц шинээр нээх, одоогийн байгаа хүчин чадлыг бүрэн  ашиглахад тээврийн үйлчилгээ үзүүлэгч УБТЗ, үйлчилүүлэгч болох Тээвэр зуучлагч компаниудын хоорондын ажлын уялдааг сайжруулах, мэдээлэлийн орон зайг бүрэн ашиглах, ажлын  технологийн нэгдсэн системийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна” гэлээ.

-ИМПОРТ, ЭКСПОРТЫН ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЛЭЭ-

“УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Милостных И.В “УБТЗ” ХНН-ийн Төв коридорын дэд бүтцийг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээнүүд сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “1947 онд БНМАУ болон ЗХУ-ын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны” хэлэлцээрийн хүрээнд Наушки-Улаанбаатарын чиглэлийн 400 км төмөр замын шугамын бүтээн байгуулалтын ажил эхэлж, хоёр жилийн хугацаанд бүрэн барьж дуусгасан” гээд 1949 оны зургадугаар сард хоёр улсын засгийн газар хооронд Монгол-Зөвлөлтийн Хувь Нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсныг тэмдэглэв.

Нийт тээврийн хэмжээ 2012 онд 20.4 сая тонн байсан бол 2018 онд 25.8 сая тонн болж өссөнийг онцоллоо. Үүнд, импортын тээврийн хэмжээ 2017 оноос +21.5 хувь буюу 2.8 сая тонн, экспортын тээврийн хэмжээ 9.3 сая тонн (2017 оноос +21.5 хувь), орон нутгийн тээврийн хэмжээ 2017 оноос +8.9 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 2017 оноос +8.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Ачаа эргэлтийн хувьд импортынх 1,4 тэрбум тонн км (2017 оноос +20,0%), экспортынх 7,3 тэрбум тонн км (2017 оноос +13,9%), орон нутгийнх 2,9 тэрбум тонн км (2017 оноос +15,9%), дамжин өнгөрөх 3,7 тэрбум тонн км (2017 оноос  +8,9%) хүрчээ.

10.00 ЦАГ

"ТРАНЗИТ МОНГОЛ-2019" ОЛОН УЛСЫН ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Яг одоо Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форум “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д эхэлж байна.

Монгол соёл, өв уламлалын дагуу Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Ц.Отгонцэцэг, морин хуурч н.Сосорбарам нар Монгол ардын уртын дуу “Эрхэм төр” дуугаар арга хэмжээний жаврыг үргээлээ.

Энэ удаагийн форум нь “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхэн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, анхны танилцуулгаа 2009 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хийсэн түүхтэй.

Хэсэг хугацаанд завсарласны дараа “Транзит Монгол-2017” анхны форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо, “Транзит Монгол-2018” форум ОХУ-ын нийслэл Москва хотноо тус тус зохион байгуулагдсан билээ.

Энэ удаагийн форумд Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Милостных И.В, ОХУ-ын “МосГипроТранс” Нээлттэй нийгэмлэгийн Ерөнхий захирал И.В.Мицук, Монголын Төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, ОХУ-ын болон БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөллүүд, БНХАУ-ын Төмөр замын төв компани”-ийг төлөөлж Хөх хотын төмөр замын дарга Жан Зи И, БНХАУ-ын Олон улсын тээвэр зуучин холбооны Нарийн бичгийн дарга Ли Бэйжан нарын зочид төлөөлөгчид оролцож байна.

Д.ЖИГЖИДНЯМАА: УБТЗ-ЫГ АЗИ-ЕВРОПЫГ ХОЛБОСОН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН КОРИДОР БОЛГОХООР ШАМДАН АЖИЛЛАЖ БАЙНА

“Тразит Монгол-2019” олон улсын форумыг нээж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд аа! Эрхэм хүндэт, хатагтай, ноёд, зочид төлөөлөгчид өө! Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Транзит Монгол-2019” олон улсын форумын ажиллагаанд оролцогч хүндэт зочид, төлөөлөгч та бүхэндээ нийт төмөр замчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье!

Юуны өмнө би товчхон түүх өгүүлэхийг хүсч байна. Монгол Улсын  Засгийн газрын  тогтоолоор анх “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, Бид анхны танилцуулгаа 2009 оны 2 дугаар сарын 25-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулж байсан бол өнөөдөр даруй 10 жилийн хугацаа өнгөрч, 2017 онд дахин Бээжин хотноо, 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо энэхүү Транзит Монгол үйл ажиллагааг хөрш орнуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байлаа. Далайд гарцгүй Монгол Улсын тээвэр худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанд хөрш орнуудын үзүүлж байгаа дэмжлэг туслалцаанд талархаж байна.

Өнөөдөр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байгаа чингэлгийн тоо 2018 онд 85097 ДФЭ тээвэрлэсэн бол энэ оны эхний 4 сарын байдлаар 40828 ДФЭ болоод байна. Энэ дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгааг харуулж байна. “УБТЗ” ХНН нь хөгжлийнхөө шинэ эрин үе буюу техникийн шинэчлэлийн эрин үетэй золгоод байна.

Төмөр замд шинэ шинэ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Жишээ нь: Галт тэрэгний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулах төсөл, Ачаа тээврийн  цахим мэдээлэл программ хангамж, УБТЗ-ын 2030 хөтөлбөрийн эхний шатны арга хэмжээ зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Саяхан Замын-Үүдэд баригдсан Бүс нутгийн Логистикийн төвийг УБТЗ ажиллуулахаар болоод байна.

УБТЗ-ыг Бүс нутгийн тээврийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, Ази-Европыг холбосон транзит тээврийн коридор болгох, тээх чадварыг 2020 он гэхэд 32 сая.тн-д хүргэхээр шамдан ажиллаж байна.

Эрхэм хүндэт, хатагтай, ноёд, зочид төлөөлөгчид өө!

Бидний зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан томоохон бэлэг болж байна.

УБТЗ-ын хамт олон бид  үйлчлүүлэгч та бүхэнд итгэлтэй, найдвартай үйлчилгээ үзүүлж,  улс  орныхоо хөгжил дэвшлийн төлөө  ямагт  хамтран  ажиллахад бэлэн байна.

“УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын     мэндийг дахин хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж, форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байна.

Бид бүгдийн арга хэмжээ үр дүнд хүрч, шинэ амжилтын эхлэл болно гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхэнд баярлалаа” гэж хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Транзит Монгол-2019” форумд оролцогчдод илгээлт ирүүлснийг Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ уншиж танилцуулав. Гүйцэтгэх засаглалын тэргүүн илгээлтдээ гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж буй энэхүү форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглээд, форумд оролцогчдод амжилт хүсэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж