Зэсийн уналт Монголыг хямраах уу?

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Зэсийн уналт Монголыг хямраах уу?

Зэсийн уналт Монголыг хямраах уу?

Бид зэсийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашигладаг. Бидний гэрийг гэрэлтүүлэх цахилгаан, хот барих дэд бүтэц, дэлхий ертөнцийг холбох технологи зэрэг нь орчин үеийн амьдралыг бий болгоход зэс хэр чухал гэдгийг харуулж буй юм.

Энэ оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар, АНУ, БНХАУ-ын  худалдааны зөрчилдөөнөөс үүдэн БНХАУ-ын зэсийн хэрэглээ багасч, ханш унах төлөвтэй байгааг шинжээчид мэдээлэв. Лондоны металийн бирж дээр зургадугаар сарын 3-ны өдрийн байдлаар зэсийн ханш 5795.50 ам.доллар байна. Энэ нь зэсийн ханш сарын дотор есөн хувиар унасан үзүүлэлт.

Өнгөрсөн онд дэлхийн зэсийн нийт хэрэглээ 21.4 сая тонн байсан бол энэ онд 22.3 сая тонн зэс хэрэглэх төсөөлөлтэй байна. Хэрэглээ ийнхүү өсөх тул ханшийн график дээшээ чиглэх таамаг бий. Гэхдээ мэдээж дэлхийн хамгийн том зэсийн хэрэглэгч, Хятадын эдийн засгийн өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос хамаарч зэсийн ханш хэлбэлзэхийг шинжээчид анхааруулж буй юм.

Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн дөрвөн сард зэсийн ханш 6818 ам.доллар байв. Шинжээчдийн үзэж буйгаар, ойрын хоёр жил ханш тогтвортой байх төлөвтэй. Мөн 2023 оноос зэсийн хэрэглээнээс шалтгаалан энэ салбарт ихээхэн өөрчлөлт орох төлөвтэй аж. Тухайлбал, тус оноос дэлхийн зэсийн хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэн нийлүүлэлт сая тоннд хүрэх төсөөлөлтэй ч нийлүүлэлт эрэлтээ давахгүй байх эрсдэлтэй тул үнэ нь төсөөлшгүйгээр өсөх магадлалтай юм.

Зэсийн ханш унасан нь Хятадын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаагийн илрэл юм. Энэ нь хөрөнгө оруулагчдын санааг ихэд зовоож, худалдааны хэлэлцээрийг шинэ шатанд гаргахад анхаарлаа төвлөрүүлэхэд хүргэж байна.

Барилга болон аж үйлдвэрийн салбарт өргөнөөр ашиглагддаг энэхүү металлын ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөх 10 сарын дээд ханшаас 2.4 хувиар буурсан үзүүлэлттэй байсан нь шинжээчдийг тавгүйтүүлжээ.

Зарим шинжээчид АНУ Хятадтай хэлэлцээр хийсэн ч дэлхийн худалдааны айдас хэвээр байна гэж үзэж буй бол зарим нь хоёр улс худалдааны хэлэлцээр хийсний үр дүнд зэсийн үнэ өснө гэдэгт итгэлтэй байгаа аж.

CRU зөвлөх компаний шинжээчид 2020 онд уурхайнуудын нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90 мянган тооноор нэмэгдэнэ гэж тооцоолжээ. CRU зөвлөх компаний шинжээчид 2020 онд уурхайнуудын нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90 мянган тооноор нэмэгдэх ажээ. Гэсэн хэдий ч олон шинжээч зэсийн ханшийн хэлбэлзэл арилна гэдэгт эргэлзэж байна.

ЗЭС БУСАД МЕТАЛЛТАЙ ХАРЬЦУУЛАХАД ХАМГИЙН ИХ ИРЭЭДҮЙТЭЙ-

Шинжээчид зэсийн хомсдол үүснэ гэж таамаглаж буй ч энэ нь боломжгүй ажээ. Учир нь олон тооны томоохон уул уурхайн компаниуд зэсийг бусад металлтай харьцуулахад хамгийн ирээдүйтэй нь гэж үзэж буйтай холбоотой юм. Энэ металлын хэрэгцээ өсөн нэмэгдэж буй бол хүдрийн чанар буурч, нөөц нь шавхагдаж байгаа аж.

Өнгөрсөн жилүүдэд дэлхийн томоохон компаниуд олон тооны томоохон өргөтгөлийн төслүүд баталж, ирэх таван жилд хэрэгжүүлэх хэд хэдэн шинэ хөтөлбөр эхлүүлжээ. Үүнд “Anglo American-Quellaveco” болон “Teck Resources-Quebrada Blanca Sulphides” компаниудын төслүүдийг багтааж болох юм.

CRU зөвлөх компаний шинжээчдийн үзэж буйгаар, 2020 онд уурхайнуудын нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 90 мянган тонноор нэмэгдэх ажээ. Өнгөрсөн 2017-2018 онд зэсийн ханш өссөнийг тэмдэглэх нь зүйтэй. Зэсийн хэрэглээ жилийн өмнөхөөс өндөр байгаа хэдий ч CRU компаний тооцоолсноор, 2025 он хүртэлх хугацаанд 1.9 хувиар буурах төлөвтэй байгаа аж.

Зэсийн ханш өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард 7000 ам.доллар давсан. Өсөлт 2018 оны эхний гурван сар хүртэл үргэлжилсэн бөгөөд түүнээс хойш аажмаар унасаар 6100 ам.долларт хүрсэн билээ.

ОУВС-гийн шинжээчид энэ онд нэг тонн зэсийн дундаж үнэ 6191 ам.доллар байхаар төсөөлсөн. Харин ирэх онд дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт, Хятадын эдийн засгийн өсөлт, макро бодлого, олон улсын геополитикоос хамаарч ханш хэлбэлзэхийг анхааруулаад буй. Энэ онд дэлхийн хэмжээнд 21.4 сая тонн зэс хэрэглэх тооцоо бий бол ирэх онд хэрэглээ 22.3 сая тонн болох төсөөлөл гараад байна. Манай улс энэ оны төсөвт зэсийн үнийг 6430 ам.доллараар тооцож, 1.3 мянган тонн зэс экспортлох зорилт тавьсан юм.

Олон улсын шинжээчид зэсийн хэрэглээ 2020 он гэхэд 25.5 сая тоннд хүрнэ гэсэн таамаг дэвшүүлжээ.

Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын ДНБ-ий өсөлтийн таамгаар, тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол 2019-2020 онуудад 6 хувь болж бага зэрэг саарах төлөвтэй байгаа аж. Энэ нь гадаад эрсдэл болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт алгуур саарч байгаагаар голлон тайлбарлагдаж буй юм. Гэсэн хэдий ч үр дүнтэй бодлого, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд өндөр байсан, ялангуяа эдийн засгийн төрөлжилт, ханшийн уян хатан байдал, бодлогын орон зай сайн байсны нөлөөгөөр тус бүс нутгийн орнууд 2018 оны санхүүгийн зах зээлийн хэлбэлзлийг амжилттай даван туулжээ.

Хөгжингүй орнуудын болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт төсөөлснөөс илүүгээр удаашрах магадлал, худалдааны маргаан шийдэгдэхгүй байх зэрэг нь тодорхой бус  байдал үргэлжлэх гол шалтгаанууд болж байгааг Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Ахлах эдийн засагч Андрю Мэйсон онцолсон билээ. Худалдааны тодорхой бус байдал харьцангуй намжмал байгаа ч дэлхийн худалдаа цаашид ч бага зэрэг саарах төлөвтэй байгаа аж.

-ЗЭСИЙН ХАНШИЙН САВЛАГАА МОНГОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ-

Эдийн засагчдын мэдээлж буйгаар, Хятадын эдийн засаг болон аж үйлдвэрлэлийн өсөлтийн удаашрал нь манай улсын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тухайлбал, экспортын зэс, нүүрс, төмрийн хүдэр, цайр зэрэг түүхий эдийн үнийн бууралт нь нийт экспортын бүтээгдэхүүний үнийн индексэд нөлөөлөх юм. Өөрөөр хэлбэл, бидний гадаадаас худалдан авдаг бүтээгдэхүүний үнэ буураагүй, харин ч өсөлттэй байхад гадаадад гаргаж валютын орлого олдог бүтээгдэхүүний үнэ буурна гэсэн үг.

Мөн валютын орох урсгалд голлох хувийг эзэлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ тасрах эрсдэлтэй. Статистик мэдээллээс дурдахад, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2018 оны эхний хагас жилд цэвэр дүнгээр 1.9 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 517 сая ам.доллараар буюу 22 хувиар буурчээ.

Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт ийнхүү буурахад гадаад эдийн засгийн орчин тодорхойгүй, гаднаас хөрөнгө татах, мөнгө босгох боломж хумигдмал буюу эх үүсвэр хомсдмол, гадаад зах зээлийн нөхцөл байдал эрсдэлтэй, тааламжгүй хэвээр байгаа нь шууд нөлөөлж байгаа аж. Энэ нь Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт татрахад гадаад сектор талаас нөлөөлсөн суурь шалтгаан юм.

Мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдсан нь гадаадын хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэх, итгэлийг сулруулахад нөлөөлжээ.

Эх сурвалж: World Bank, Profinance,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж