"Хүүхэд түлчихээд цэцэрлэгийн эрхлэгч нь уучлалт ч гуйгаагүй"

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

"Хүүхэд түлчихээд цэцэрлэгийн эрхлэгч нь уучлалт ч гуйгаагүй"

"Хүүхэд түлчихээд цэцэрлэгийн эрхлэгч нь уучлалт ч гуйгаагүй"

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Монгол маамуу” гэх хувийн цэцэрлэгийн багш нэг ой арван сартай охиныг  2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр халуун усанд суулгаад орхиж явснаас болж охин маш хүнд түлэгдэж өдгөө эмчилгээ хийлгэж байна.

Охины ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд тус цэцэрлэгийн багш, эрхлэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ дагуу   хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.06.05/ болж буй.  Мөн хэрэг гарсны дараа цэцэрлэгийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газраас цуцалсан ч одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэнэ.  Энэ асуудлаар охины ээж Б.Хонгорзултай цөөн хором ярилцлаа.


-Охиныг чинь түлсэн гэх хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Та "Монгол маамуу" цэцэрлэгийнхэнд гомдолтой байгаагаа мэдүүлсэн байна лээ. Тэр өдөр чухам юу болоод багш ийм жаахан хүүхдийг түлсэн хэрэгт буруутгагдах болсон юм бэ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Бага охиноо хувийн цэцэрлэгт өгөхийг хүссэн. Учир нь нэгд хоёр нас хүрээгүй хүүхдийг улсын цэцэрлэгт авдаггүй. Хоёрт, хүүхэд цөөтэй, тиймээс анхаарал халамж нь  илүү тавих болов уу гэж бодсон. Мөн төлбөртэй цэцэрлэг учраас хариуцлага ч өндөр байна гэж санасан юм. Гэтэл 2018 оны аравдугаар сарын 16-ны өдөр манай хүүхэд цэцэрлэг дээрээ түлэгдэж, ГССҮТ-д хүргэгдээд сэхээнд ортлоо муудсан. Одоо бол ил шарх сорви нь арай гайгүй болсон. Гэхдээ  бүрэн гүйцэт эдгээгүй өдөр бүр физик болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна.

Тухайн өдөр "Монгол маамуу" цэцэрлэгийн эрхлэгч н.Доржпэрэм над руу залгаад “Охин чинь түлэгдчихлээ, гэхдээ биеийн байдал гайгүй. Эмнэлэгт хэвтэх хэмжээний түлэгдэлт биш учраас санаа зовохгүй байж болно. Ирээд хэрэггүй” гэсэн.  Гэтэл эрхлэгч нь тухайн үед ажил дээрээ байхгүй байсан юм билээ. Багшид нь яагаад гомдолтой байгаа вэ гэвэл миний охиныг маш хүнд түлэгдсэн байхад анхнаасаа худал ярьсан байсан. Тус цэцэрлэг ахуйн хэрэглээний бойлуурын ус хэрэглэдэг юм байна лээ.  Охины минь живхийг солих явцад бойлуураас гэнэтхэн халуун ус гоожиж түлэгдсэн гэсэн тайлбарыг  багш хэлж байгаа.

-Та хоёр ГССҮТ-д хэвтэж байгаад гарсан юм байна. Эмч нарын хувьд түлэгдэлтийн зэргийг нь яаж оношилсон юм бол? 

-Эмч нарын хэлснээр миний охин гуравдугаар зэргийн түлэгдэлтэй, түүнээсээ болоод их зовуурьтай өдөр шөнөгүй халуунтай байдаг байсан.

-Өнгөрсөн сард болох байсан шүүх хурал нь яагаад хойшлогдсон юм бэ?

-Энэ хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 29-ны өдөр товлогдсон байсан юм. Угтаа бол өнгөрснө 2018 оны  аравдугаар сарын 16-нд болсон хэрэг. Мөн оны арваннэгдүгээр сард  прокурор руу шилжүүлсэн боловч шүүх хурал нь саяхан товлогдсон. Гэтэл шүүх хурлын өдөр тус цэцэрлэгийн эрхлэгч биеийн байдлын улмаас хуралд оролцож чадахгүй болсон гэсэн.  Тиймээс өнөөдөр дахин товлогдсон юм байна лээ.

Тус цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон  гэсэн үү?

-Тус цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцалсан ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна лээ.  Миний гомдолтой байгаа бас нэг шалтгаан бол хэрэг гарснаас хойш тэд миний охиныг биеийг асууж нэг ч удаа ярьж, уучлал гуйгаагүй. Цэцэрлэгийн эрхлэгч нь ямар шалтгаанаар шүүх хуралд оролцохгүй байгааг би огт ойлгохгүй байна. Бие нь үнэхээр өвдсөн үү, эсвэл хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэх гэсэн башир арга уу гэдгийг мэдэхгүй.  Өнгөрсөн  шүүх хуралдааны үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байсан. Уг хүсэлтэд сахрын өвчин ихэссэн, хуулийн зөвлөх нь түр хугацаагаар гадагшаа явсан учраас ирэхээр нь шүүх хуралд оролцох саналтай байгаагаа бичсэн байсан.

Охиныг түлсэн  багшид  цэцэрлэгийн зүгээс ямар арга хэмжээ тооцсон юм бол. Одоо ажлаа хийж байгаа юу?

-Шүүх хурал болох гэж буй учраас багшид ямар нэгэн арга хэмжээ тооцоогүй. Энэ хэрэгт шүүхээс ямар нэгэн шийдвэр гарахыг хүлээж сууна. Миний охиныг түлсэн гэх багшийг тухайн өдрөөс нь цэцэрлэгээс халсан гэсэн.

-Цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар холбогдох байгууллагад хандав уу?

-Энэ цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлт эцэг эхчүүд, мөн ажилчдаас олон удаа ирж байсан юм билээ. Яагаад гэвэл  ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлдөггүй, маш бага цалинтай гэж дуулдсан. Мөн анги дүүргэлт ихтэй, багш нар нь мэргэжлийн бус хүмүүс байсан. Үүнээс гадна цэцэрлэгийн барилга бүрэн гүйцэт ашиглалтад ороогүй байхад шууд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байж. Хамгийн гол нь цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчид нийтээрээ мэргэжлийн бус хүмүүс байсныг охиноо түлэгдсэний дараа л мэдлээ. Тэгэхээр анхнаасаа ийм зөрчилтэй цэцэрлэгт мэргэжлийн хяналтынхан ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл гаргаж өгсөн гэдэг нь маш сонин. Энэ асуудалд мэргэжлийн хяналтынхан ч буруутай.

-Мэргэжлийн хяналтынхан анхнаасаа буруу дүгнэлт үйлдэж, тусгай зөвшөөрлийг нь олгосон гэв үү?

-Хүний нялх үрийг харна гэдэг маш хариуцлагатай ажил. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан байхад одоо болтол үйл ажиллагаа явуулж байгааг харахад цэцэрлэгийн эрхлэгч нь хүн залилаад сурчихсан нэгэн гэж хардаж байна. Эсвэл маш том артай хүн байх.  Нэг зүйлийг онцлон хэлэхэд мэргэжлийн байгууллагынхан иймэрхүү хувийн цэцэрлэгүүдийн тусгай зөвшөөрлийг олгохдоо үнэн зөв дүгнэлт дээр үндэслэж зөвшөөрөл олгож байгаасай.  Зөвхөн цэцэрлэгийн удирдлагуудад ч биш барилга байгууламж нь анхнаасаа зориулалтын бус, барилга нь зуун хувь ашиглалтад ороогүй байхад үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгосон мэргэжлийн хяналтынханд их гомдолтой байна. Хэрэг гарсны дараа прокурорын байгууллагаас хоёр сая төгрөгийн торгууль оногдуулсан юм билээ. Харамсалтай нь энэ цэцэрлэгийнхэн торгуулиа ч төлөөгүй, нэг ч өдөр алгасахгүй үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс энэ хэргийг хуулийн байгууллагынхан үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Учир нь, дахиад хэн нэгний хүүхэд миний охин шиг хохирогч болчих вий гэсэндээ би шүүхэд хандсан.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж