УИХ-аар ид хэлэлцэгдэж буй, Засгийн газраас өргөн барьсан Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх заалтыг оруулж өгсөн нь 2021 оноос Монголд приус унахыг "хориглох" тухай юм.
Шатахуун бага зарцуулдаг тоёота приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсаж" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. Гэтэл, Засгийн газар ард түмний хөл залгуулдаг, зарим талаар амьжиргааны эх үүсвэр болсон унаа приус унах эрхийг нь "хориглох" нь гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөж эхэллээ. Учир нь, Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд төслөө өргөн барьсан. Товчхондоо, Засгийн газар баруун гар талдаа жолооны хүрдтэй авто машиныг улсын бүртгэлд бүртгэхийг хориглох саналаа УИХ-д өргөн барьсан гэсэн үг. Харин өнгөрсөн Баасан гаригт /2019.05.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд олон нь дэмжсэн.
Энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хориглож, урт хугацаанд хэрэглээнээс халах бодлогыг баримталж буй.
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 970.880 тээврийн хэрэгсэл бий. Үүний 60 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй. Тэгвэл ийм хэмжээний машин Монголын зах зээлээс шахагдахаар болжээ.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр /2019.06.04/ мэдээлэхдээ "Ард түмний унаа болсон приус машиныг 2021 оноос явуулахгүй гэсэн заалт"-ыг татаж авна гэдгээ тодотгосон юм. Тэрбээр “Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс удахгүй болох хуулийн эхний хэлэлцүүлгээр баруун талдаа жолооны хүрдтэй авто тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх гэсэн заалтыг татаж авна. Учир нь, өнөөдөр ард түмний амьжиргаа муу байна. Ард түмний гол унаа болсон приус машиныг баруун гар талдаа жолооны хүрдтэй гэдэг шалтгаанаар буцаан татна гэсэн ойлголт байж болохгүй” гэлээ.
Дээрх асуудал цахим орчинд олны анхаарлыг татсанаас хойш ийнхүү салбарын сайд нь өөрөө өргөн барьсан төслийнхөө дээрх заалтыг хасна гэдгээ зарласан нь энэ. Дээрээс нь сонгууль дөхөж байгаа үед ийм шийдвэр гаргах нь эрх баригчдад эрсдэлтэй гэж үзсэн бололтой. Одоогоос хоёр жилийн өмнө баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат Засгийн газрын хуралдааны үеэр танилцуулга хийж байсан ч иргэдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, шийдвэрээсээ буцаж байсан удаатай.
Хэрэвзээ Засгийн газрын баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах санал батлагдаж, хэрэгжиж эхлэх юм бол хуучин машины үнэ тэнгэрт хадах нь ойлгомжтой. Жолооны зөв хүрдтэй машин авах бэл бэнчинтэй нь Монголд хэд вэ. Ямар зорилготой, хэний бизнесийг дэмжсэн лобби болохыг нь мэдэхгүй ч хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал монголчууд машин унах эрхгүй болох нь.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ