Монголын ерөнхий боловсролын гурван сургуульд сүрьеэгийн дэгдэлт илэрч, эцэг эхчүүдийг айдаст автуулаад байгаа. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажлаа муу хийсэн гэж Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа огцруулах шаардлага тавиад байгаа билээ. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гүтгэж, доромжилсон гэх тайлбарыг өгөөд Ж.Амарсанааг шалгуулна гэдгээ мэдэгдсэн. Тэдний байр суурийг VS булангаараа хүргэе.
Д.Сарангэрэл
Эрүүл мэндийн сайд
Ж.Амарсанаа таны сүрьеэ өвчний талаар ярьж буйг огтхон ч буруутгахгүй байгаа бөгөөд харин энэ өвчинтэй тэмцэж, эрт илрүүлж оношлох, голомтыг нь устгах, өвдсөнийг эмчлэх хүнд хүчир хөдөлмөрийг багахан цалинтай хийж байгаа эмч ажилтнуудын зүтгэлийг үгүйсгэж цээжээ дэлдэн хашгирч буйг эрс эсэргүүцэж байна. Таныг эрүүл мэндийн салбараар тоглож, өвчнөөр улс төр хийхээ зогсоохыг шаардаж байна.
Та дэд сайд байхдаа ХӨСҮТөвийн ажилтнуудтай хийсэн уулзалт дээр “Та нар сүрьеэ л яриад байх юм. Элэгний С вирус цаана чинь их байна” гээд асуудал шийдэлгүй хаяад явсан тухай протоколд үлдсэн байна. Сүрьеэгийн асуудлаар дэд сайд байхдаа хуруугаа ч хөдөлгөөгүйд салбарын нөхөд маань тун гомдолтой байдгийг Танд дуулгая. Таны улс төрийн үйл ажиллагааны цаана хувийн ашиг сонирхол тань нуугдаж байдгийг баримтаар хэлье. Таны хувийн “ Хаппи веритас” лаборатори Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хувь нэмрээ оруулж байгаа билээ. Ингэхдээ та элэгний вирусын шинжилгээ сөрөг гарсан 1882 хүн, эмчилгээнд огт ороогүй 4442 нийт 6324 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх хуурамч баримтаар 758 сая төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байх магадлалтай байна. Хуулийн хяналтын байгууллага таны энэ үйлдлийг иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэйг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт мэдэгдсэн байна. Энэ мэт олон асуудлыг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа олон нийтэд мэдээлэх болно.
Ж.Амарсанаа
Анагаах ухааны доктор
Мэдэгдлийг нь уншсан. Миний хувьд Д.Сарангэрэл сайдыг дайрч доромжилсон юм огт байхгүй. Би эмэгтэй хүнийг элдвээр хэлж, харааж зүхээгүй. Хариуцлага л нэхсэн. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг юм л даа. Иргэдийн дундах өвчлөл ямар байна. Нас баралтын төвшин хэр байна. Эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлого үр дүнгээ өгч чадаж байна уу, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэр хэрэгжиж байна гэх зэргээр сайдын ажил дүгнэгддэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг дүгнэсэн дүгнэлт дээр эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх ёстой 22 арга хэмжээний 17-д нь Д.Сарангэрэл сайд “муу” дүн авсан байна лээ. Энэ бол Д.Сарангэрэл сайдын огцрох нэгдэх шалтгаан. Хоёрт, сүрьеэгийн халдвар гамшгийн хэмжээнд хүрлээ. Гэтэл сайдаас ажлын хариуцлага нэхэхээр дайрч доромжилсон асуудал болдог юм байна л даа.
Уг нь ажлыг нь хийж чадна, эрүүл мэндийн салбарыг авч явж чадна, чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэж сайд болсон байлгүй. Улс төрд явж байгаа хүний хувьд сайн, муу үг сонсож л таарна. Эмзэг, турьхан хүмүүсээс илүү энэ салбарыг мэддэг, зангиддаг, бодлого боловсрууллаг хүн хэрэгтэй байна. Гуравт Эрүүл мэндийн яам авилгал хээл хахуульд идэгдэж, олон хүн баривчлагдлаа. Тэр дотор сайдын дотны хүн, туслахаар ажиллаж байсан хүн нь хүртэл хууль, цагдаагаар шалгагдаж байгаа. Сүрьеэ дэгдэлт өнөөдөр үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ. Нийгмийн халдвартай, ноцтой өвчин. Гурван сургуульд зэрэг дэгдэлт гарна гэдэг сүрьеэгийн тархалт газар авсны илрэл. Сайд ажлаа хийхгүй, эсвэл мэдэхгүй, тэнцэхгүй байна гэсэн үг. Бодлого нь болохгүй, удирдаж байгаа хүний онолын мэдлэг чадвар дутагдаж байгаа нь илт харагдаж байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ