Дуулиан: Ч.Чамин-Эрдэнийн хамтран амьдрагчийг шалгана

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

Дуулиан: Ч.Чамин-Эрдэнийн хамтран амьдрагчийг шалгана

Олон нийтийг цочроосон дуулиант хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагаа ямар шатандаа байгаа нь одоо ч анхаарал татсаар.  Тэр дундаа цаг бусаар амиа алдсан эмэгтэйчүүдийн хэрэг шийдэгдэхгүй, сунжирсаар байгаа юм. Эдгээр хэргүүдийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг тоймлон хүргэе.


Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАНД БУЦААЖЭЭ

"Монгол Модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны  аравдугаар сарын 24-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх KH апартмент барилгаас  өндрөөс унасан байдалтай амиа алдсан хэрэг гарсан. Олны сэтгэлийг сэрдхийлгэсэн уг хэрэг сүүлийн үед намжих талдаа хандаад байсан билээ. Уг хэргийг энэ оны гуравдугаар сарын 6-ны өдөр хаасан гэх бөгөөд одоогоор хэргийг нээж, нэмэлт шалгалт хийхээр болсон талаар эх сурвалж хэллээ.

Тодруулбал, цагдаа болон прокурорын байгууллагаас талийгаачийг амиа хорлосон гэсэн үндэслэлээр уг хэргийг хоёр ч удаа хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол гарч байжээ. Тэгвэл талийгаачийн өмгөөлөгч болон ар гэрийнхний зүгээс уг хэргийг хаагдах болсонд гомдолтой гэдгээ илэрхийлж уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн, дахин мөрдөн байцаах ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр дээд шатны прокурорын байгууллагад хандсан байдаг. Улмаар шинээр томилогдоод буй Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт гаргасан юм байна. Үүнтэй холбогдуулан дээрх хэргийг дахин шалгахаар болж мөрдөн байцаалтын шатанд буцаажээ.

Үүнээс гадна талийгаачийн ар гэрийнхний зүгээс түүнийг амиа хорлосон гэдэгтэй санал нийлэхгүй болохыг мэдэгдсээр ирсэн. Тэдний зүгээс талийгаачийн хамтран амьдрагч гэгдэх Ю.Нэмэхбаярыг холбоотой хэмээн хардсаар буй.

Ийнхүү уг хэргийг өмгөөлөгч болон ар гэрийнхний хүсэлтийн дагуу дахин нээгдэж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Олон нийтийн зүгээс  энэхүү хэрэгт чих тавин хүлээж суугаа бөгөөд энэ удаагийн  мөрдөн шалгах ажиллагааны үр дүн хэрхэн гарахыг хүлээж эхлээд байна.

О.БОРГИЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ХҮСЭЛТИЙГ ГАРГАЖЭЭ

Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг гарах үед талийгаачийн найз залуу О.Боргил хамт байсан бөгөөд талийгаачийг өндрөөс  шидүүлсэн байж болзошгүй талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж байв.

Энэ хэрэгт холбогдуулан О.Боргилыг хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үзээд шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан.  Энэ дагуу О.Боргилын цагдан хорионы хугацаа энэ сарын 9-ны өдөр дуусах талаар эх сурвалж мэдээллээ.

Түүнчлэн хэрэгт сэжиглэгдэж буй О.Боргил нь хоригдох хугацаандаа найз охиноо өөрөө амиа хорлосон гэсэн мэдүүлгийг өгсөөр байгаа гэнэ. Мөн энэ хэрэгт талийгаачийн ар гэрийнхэн амиа хорлосон бус гаднын нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй хэмээн үзэж буй тул О.Боргилыг үргэлжлүүлэн хорих хүсэлтийг талийгаачийн аав Д.Сүхжаргал Нийслэлийн цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гаргаад буй ажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж