НДШ-ийн мэдээлэл Монголбанкинд хүргүүлснээр иргэд хохирохгүй

Хуучирсан мэдээ: 2019.06.05-нд нийтлэгдсэн

НДШ-ийн мэдээлэл Монголбанкинд хүргүүлснээр иргэд хохирохгүй

НДШ-ийн мэдээлэл Монголбанкинд хүргүүлснээр иргэд хохирохгүй

Энэ  оны нэгдүгээр улирлын байдлаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй 13 мянга орчим ажил олгогч байгууллага 130 орчим тэрбум төгрөгийн шимтгэлийн өртэй байна. Үүний цаана 160 гаруй мянган даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас өртэй ажил олгогчийн мэдээллийг Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан"-д хүргүүлэхээр болжээ. Энэ  талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хуримтлалын сан удирдлагын хэлтсийн дарга Д.Баяржаргалаас тодрууллаа.

-Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй өртэй ажил олгогч байгууллагуудын мэдээллийг Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан"-д хүргүүлснээр даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөх үү?

-Өртэй ажил олгогч, байгууллагуудын цаана 160 гаруй мянган даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг. Нийгмийн даатгалын ерөнхий газраас үзүүлэх 30 төрлийн үйлчилгээнээс тодорхой хэсэг нь хязгаарлагдах эрсдэлтэй. Тухайлбал, жирэмсэн амарсны тэтгэмжээ авах, ажилгүйдлийн тэтгэмж авах, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан тэтгэмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хөнгөлөлт, тэтгэврийн хэмжээ буурч, өндөр настны тэтгэвэр тогтоолгох эрх, арилжааны банкнаас зээл авах эрх, гадаад улс руу зорчиход виз мэдүүлэх зэрэг эрхүүд зөрчигдөж, эдгээр үйлчилгээг авахад эрсдэл үүсч, эрх нь хязгаарлагдана. Ийм эрсдэл байгаа учраас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор өртэй ажил олгогч байгууллагуудын мэдээллийг зургадугаар сарын 20-ны өдрөөс Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан"-д хүргүүлэхээр холбогдох мэдээллийг ажил олгогч байгууллагуудад мэдэгдээд байна.

-Тэгэхээр өртэй ажил олгогчдын мэдээлэл Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхээр ажилчид арилжааны банкнаас хэрэглээний зээл авах, жирэмсэн амарсны тэтгэмж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хөнгөлөлт зэргийг авах эрх хэрхэн шийдэгдэх вэ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу. Даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?

– Ажил олгогч байгууллага ажилтан, даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд шилжүүлээгүйгээс хамаарч,  даатгуулагчдынхаа нийгмийн баталгааг алдагдуулж, даатгалын үйлчилгээг авах боломжийг хааж байна. Тиймээс даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс өртэй байгууллагуудын мэдээллийг Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлж байгаа болохоос тухайн байгууллагад ажиллаж буй иргэн даатгуулагчдын эрх ашгийг хязгаарлахгүй. Харин даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, ирээдүйд гарах эрсдэлийг хаах үүднээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн өртэй ажил олгогч байгууллагын мэдээллийн “Зээлийн мэдээллийн сан”-д хүргүүлж байна гэж ойлгож болно.

Өртэй ажил олгогч байгууллагын нэрсийг Монгол банкны “Зээлийн нэгдсэн сан”-д бүртгүүлснээр иргэн даатгуулагч хохирно гэсэн ойлголт байхгүй.

-Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д тухайн өртэй аж ахуйн нэгж байгууллагын нэр бүртгэгдсэнээр хар жагсаалтад орж байна гэж ойлгож болох уу. Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө  барагдуулснаар энэ жагсаалтаас гарах боломжтой юу?

-Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-гийн мэдээллийг ашигладаг 600 орчим байгууллага байдаг. Тэр байгууллагууд шимтгэлийн өртэй ажил олгогчийн мэдээллийг хараад, хуулийн хүрээнд ашиглах боломж нээгдэнэ. Тэдгээр байгууллагууд мэдээллийг ашиглаж, шийдвэрээ гаргах юм. Түүнээс бид байгууллагуудын эрх ашгийг хязгаарлаад,  хаах гэсэн зүйл байхгүй.

Олон нийтийн дунд өртэй байгууллагуудын мэдээллийг Монгол банканд хүргүүлснээр хар жагсаалтад орно гэсэн ойлголт байгаа нь ташаа юм. Энэ тухай мэдээллийг Монгол банканд хүргүүлж байгаа болохоос тухайн ажил олгогч байгууллагын эрхийг хааж, боосон зүйл байхгүй.

Манай байгууллагын зүгээс ажил олгогч байгууллага иргэн, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс шат дараалсан дараах арга хэмжээнүүдийг авдаг. Үүнд: – сануулах, өрөө төлөх тухай мэдэгдэх, – албан шаардлага хүргүүлэх, – арилжааны банк дахь харилцах дансыг нь хаалгах, -тодорхой төлөх хугацаатай гэрээ байгуулах, – шүүхийн байгууллагад шилжүүлэх байдлаар шийдвэрлэдэг.

-Ажил олгогч байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж байгаа эсэхийг иргэд мэдэх боломжтой юу?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтан, даатгуулагчдаас хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй.  Тухайн иргэн, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөж байна уу үгүй юу гэдгийг хянах бүрэн боломжтой.

Даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэрт нь харьяа дүүргийн нийгмийн даатгалын байцаагчаар тамга даруулж баталгаажуулсан эсэхээр хянах. Хэрэв нийгмийн даатгалын дэвтэрт төлсөн шимтгэлийг тамга даруулж баталгаажуулаагүй бол ажил олгогч байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байх магадлалтай. Хоёрдугаарт, ТҮЦ машинаас лавлагаа авах. Гуравдугаарт, даатгуулагчдад зориулсан веб программ бий. Эндээс эрх авч бүртгүүлснээр өөрийнхөө мэдээллийг харж болно. Дөрөвдүгээрт,  Нийгмийн даатгал” гар утасны апплейкшнийг татан суулгаж, сар бүр хяналт тавьж болно.

Гэтэл цаг тухайд нь хянаж яваагүйгээс хамаараад дээрх дурдсан эрхүүд хязгаарлагдах эрсдэлтэй. Иймд эдгээр боломжуудыг ашиглаж иргэд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах хэрэгтэй.

-Нийгмийн даатгалын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэсэн заалт бий. Энэ зүйл заалт бодит амьдрал дээр хэрэгжиж байна уу?

-Энэ хуулийн заалтад маш тодорхой зааж өгсөн байгаа. Ажил олгогчийн буруугаас болж даатгуулагчийн учирсан хохирлыг ажил олгогч төлнө гэсэн нийгмийн даатгалын хуулийг тайлбар тухай Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 47 тоот тогтоол байдаг.  Энэ хүрээнд тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж буй аж ахуй нэгж байгууллага байгаа. Хуулийн холбогдох заалтуудыг сурталчлан таниулах үүднээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажил олгогч байгууллагуудад мэдээлэл өгч ажилладаг учраас тус хуулийн заалтыг иргэн даатгуулагч мэдэж байгаа байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж