"Монголросцветмет” ТӨҮГ–ын захирал 4.5 сая төгрөгийн цалинтай

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

"Монголросцветмет” ТӨҮГ–ын захирал 4.5 сая төгрөгийн цалинтай

"Монголросцветмет” ТӨҮГ–ын захирал  4.5 сая төгрөгийн цалинтай

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2019.06.04/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд санал хураалт явуулахад гишүүдийн 50 хувь нь тус тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжээгүй тул хуулийн төслийг буцаав.

Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Энхболд, Х.Баделхан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Тэдний зүгээс Оросын тал  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын  Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болгосон уу. Энэ тухай мэдээлэл ирүүлсэн үү. Ер нь заавал тус соёрхон баталсан хуулийг хүчингүй болгох шаардлагатай юу  гэдгийг тодруулав.

ЗГХЭГ-ЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Н.МЯГМАР:

-Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу соёрхон баталсан хуулийг хүчингүй болгох шаардлагатай. ОХУ-ын зүгээс хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус тооцсон, албан ёсоор дипломат шугамаар мэдээлсэн эсэх асуудлыг ГХЯ-наас тодруулах хэрэгтэй. Ажлын хэсгийн зүгээс энэ талаар одоогоор мэдээлэл алга. Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хариулахдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын  Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд олон улсын хууль үйлчилж байгаа. Хоёр талын байгуулсан гэрээг хүчин байгуулах болон цуцлах, дуусгавар болгох асуудлыг олон улсын хуулиараа ОХУ-ын тал хүчин төгөлдөр бус болгох,  цуцлах актаа дотроо үйлдээд дуусгасан байхад манайх ямар процедур хийх нь бидний асуудал гэдгийг хэлэв.

Ингээд гишүүд хариулт авч, үг хэлж дууссаны дараа  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай хоёр улсын  Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болгохыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 12 гишүүний 91.7 хувиар дэмжигдэв. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалт сайд Х.Баделхан танилцуулахаар болов.

Үргэлжлүүлэн  Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Тус хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулсан юм.

 УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Хуулийг дэмжиж байна. Их мөнгөтэй төрийн өмчит компаниудын дарга, удирдлагуудын цалин хангамжтай холбоотой асуудал тасралтгүй гарах юм. Цалингийн талаарх мэдээллийг тодорхой хэлж өгөөч. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага 4.7 тэрбум төгрөгөөр хамгийн өндөр үнэтэй хотхонд пентхаус  худалдаж авсан тухай мэдээлэл гарлаа. Энэ төрлийн мэдээлэлд цаг тухайд нь хариултыг нь өгч баймаар байна. Мөн Засгийн газрын нэг сайд нь 10 сая ам.долларын авлига авсан гэх мэдээлэл гарсан нь өнөөг хүртэл таг чиг. Иргэдэд үнэн, бодит мэдээллийг өгч байх хэрэгтэй. Стандарт банкны өрийн асуудал юу болсон бэ. Миний ойлгосноор 40 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрээс гаргасан гэсэн. Энэ мөнгийг “Жаст”-ын Ш.Батхүүгээс авна гэдэг. Гэтэл Ш.Батхүү нь  бүрэн дампуурчихсан хоёр чихнээс нь өөр зүйлгүй хүнээс мөнгийг олж авна гэх юм. Энэ талаарх мэдээллийг өгөөч.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ГАНБАТ:

-“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын цалин хангамжийн, нийгмийн баталгаатай нь холбоотой асуудлаар тодруулчхаад эргэн танд мэдэгдье. Одоогоор надад мэдээлэл алга. Стандарт банктай холбоотой өр төлбөрийн асуудал хууль хяналтын байгууллагаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж буй учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Стандарт банктай холбоотой өр төлбөрийг 40 сая ам.долларын хэмжээнд эцэслэн шийдсэн. Энэ төлбөрийг нөхөн төлүүлэх асуудлыг эрчимтэй хөөцөлдөж байна. Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа Эрүүгийн хэрэг дээр хохирогч иргэний нэхэмжлэгчээр орж байгаа. Үүнд Эрдэнэт үйлдвэр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төлөөлөл орсон. Энэ төлөөллөөрөө дамжуулан 40 сая ам.долларыг нэн тэргүүнд барагдуулахаар эрчимтэй ажиллаж байна.

МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ–ЫН ЗАХИРАЛ Б.МӨНХБАТ:

-Ерөнхий захирал миний хувьд 4.5 сая төгрөгийн үндсэн цалинтай. Компанийн борлуулалт, ашгийн үйл ажиллагаанаас хамаарч нэмэгдэл цалин бий. Компанийн үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгье. “Монголросцветмет” ТӨҮГ 2012 оны жилийн эцсээр 18.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2013 оноос хойш жил дараалан алдагдалтай ажилласан. Тухайлбал 2013 оны жилийн эцсийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн, 2014 онд 10.6 тэрбум төгрөгийн, 2015 онд 19.4 тэрбум төгрөгийн, 2016 онд 33.8 тэрбум төгрөгийн, 2017 онд 17.6 тэрбум төгрөгийн, 2018 онд 11.3 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай ажилласан. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 10.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж хуримтлагдсан алдагдлыг 1.1 тэрбум болгож бууруулсан. Төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж байна. Жилийн эхний дөрвөн сарын байдлаар 15.6 тэрбум төгрөгийн ашигтай байна.

Ингээд тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэнээр байнгын хорооны хуралдааныг хаалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж