"Уяачид наадмаар эрлийз биш монгол морь уралдуулна"

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

"Уяачид наадмаар эрлийз биш монгол морь уралдуулна"

"Уяачид наадмаар эрлийз биш монгол морь уралдуулна"

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр /2019.06.04/ уяачдын зөвлөлийн хурлыг хуралдуулж, хэвлэл мэдээлэлд мэдээлэл өглөө. Уг хурлаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар болон өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн юм. Өнөөдрийн хуралд тус холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав болон М.Ариунболд, Ц.Дуламсүрэн, С.Амартайван нарын гишүүд оролцлоо.

Үндэсний баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдсан бөгөөд 2005 онд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Засгийн газрын тогтоолоор монгол адуунаас эрлийз адууг ялгахдаа үүлдэр байдлыг нь ялгаж уралдуулна гэсэн дүрэм хэвээрээ байгаа аж. Энэ дүрэм энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хэрэгжих юм байна.

“Үндэсний их баяр наадмын төлөө бид энэ холбоог байгуулсан юм. Саяхан ажлаар Өвөрхангай аймагт ажлаар яваад ирлээ. Үнэхээр монгол адуу уралдах юм бол бид очиж уралдана гэсэн уяачид их байна. Хэрвээ эрлийз морьд уралдахгүй бол бид итгэл дүүрэн улсынхаа наадамд очиж уралдана гэсэн түмэн олон байна. Энэ хүслийг биелүүлэхийн төлөө манай холбооны гол зорилго оршиж байгаа. Монголын морин спорт, уяачдын холбооны долдугаар их хурал дээр санал тавьж байсан. Аймаг, сумандаа хурдалсан хурдан буянуудыг шилж аваад улсынхаа наадамд уралдуулах болохгүй юу гэсэн саналыг тавьж байсан. Өнөөдөр төр ажлаа хийж байгаа нь сайшаалтай. Монгол морьдоо наадмаас өмнө бүртгээд чиптэй болгоно гэж яриахад өмнө нь хэн ч итгэхгүй байдаг байлаа. Энэ ажил одоо шийдвэрлэх шатандаа явж байгаад баяртай байна. Манай холбооны зорилго бол Монголын баруун, өмнөд хээр талд малаа маллаад өөрийн хэдэн монгол адуугаа хайрлаж өсгөөд түүнийгээ уралдуулахыг хүсдэг эгэл жирийн иргэдийн төлөө чиглэгдэн ажиллах болно. Үүнийг төр засаг мэргэн оюундаа багтааж хуулийн дагуу ямар нэгэн өөрчлөлт орохгүйгээр зургаан насны морио уралдуулдаг монгол наадам энэ жил болно гэдэгт итгэлтэй байна.” гэж “Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн, яруу найрагч С.Амартайван хэллээ.

“Сүүлийн үед наадам сэтгэл зүрхэнд хүрэхээ байсан. Яагаад гэвэл монгол адуу уралдаад хоцордогийг хардаг боллоо. Энэ үнэхээр эмзэглэмээр асуудал байна. Аль ч улсад үйлдвэрийн адууг хольж уралдуулдаггүй. Гэтэл зарим уяачид эрлийз адуугаа монгол адуутай хамт уралдуулдаг болжээ. Энэ нь уяачдыг эмзэглүүлж байна. Нөгөөтэйгүүр улсын наадамдаа цэвэр монгол адуугаа уяж ирсэн уяачид хоцорч үлдэж байгаа нь харамсалтай санагддаг. Монгол адуу дэлхийн адууны өв юм. Олон улсын хурлаар үүнийг тодорхойлсон байдаг юм билээ. Монголчууд мориор дэлхийн талыг эзэлж байсан сүлдэндээ залж залбирч явдаг. Гэтэл монгол адуугаа унах нь багасаж, уралдуулахад ашиглаж байна. Гэхдээ наадамдаа уралдсан ч эрлийз адууг гүйцэхээ больсоныг хараад өрөвддөг. Тиймээс монгол адуугаа аваръя гэдэг үндсэн дээр бид нэгдэж энэ холбоог байгуулсан юм. Үүнийг эртхэн зогсоох шаардлагатай гэдэг үүднээс манай холбооны гол зорилго оршиж байна. Цаашдаа наадмаар монгол адуугаар уралдуулах талаар тууштай тэмцэнэ” гэж Я.Батсуурь хэллээ.

“Энэ бол Монголын уяачид, малчдын хөндөж буй асуудал. Биднийг малчдаа төлөөлж ярьж байна гэж ойлгох хэрэгтэй. Монголчууд бүхэлдээ малчин, энгийн иргэдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл үүнийг ойлгох ёстой юм. Үндэснийхээ баяр наадмаа Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж болно. Зөвхөн монгол адуугаараа уралдана. Харин бусад уралдаанд эрлийз адууг хорьсон зүйл байхгүй шүү дээ. Морин спорт, уяачдын холбоонд ямар нэгэн яриа хийсэн зүйл байхгүй.” гэж Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж