БНСУ-ын "Чосун илбо" сонинд “цаазлуулсан” хэмээн мэдээлэгдсэн Хойд Солонгосын дипломатч амьд, улмаар тус улсын түр хорих байранд хоригдож байгаа талаар нөхцөл байдалд ойр эх сурвалжууд мэдээлжээ. Үүний зэрэгцээ Чаган мужийн дахин хүмүүжүүлэх төв рүү илгээсэн хэмээн мэдээлж байсан, АНУ-тай хийж буй цөмийн хэлэлцээний гол төлөөлөгч асан Ким Ён Чоль өнгөрсөн ням гаригт БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны хамтаар урлагийн тоглолт үзэж сонирхсон талаар тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн юм. Энэхүү явдлын дараа “Чосун илбо” сониныг мэдээллийнхээ үнэн зөв байдлыг тодруулахыг мэргэжилтнүүд шаарджээ. Энэ талаар “CNN” сувгийн ажилтнууд “Чосун илбо” сониноос тодруулахад “Уг мэдээлэл буруу байсан” хэмээн хариулсан байна.
БНАСАУ-ын АНУ-ын талаар баримтлах бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хёк Чолийг Вьетнамын нийслэл Ханой хотноо өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт үр дүнгүй болсонтой холбогдуулан шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. БНСУ-ын “Чосун илбо” сонин өнгөрсөн баасан гаригт БНАСАУ-ын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан, АНУ-БНАСАУ-ын удирдагч нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсонтой холбогдуулан Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд жил гаруйн өмнө хэлэлцээний ширээнд суусан өндөр түвшний төлөөлөгчдийн нэг Ким Хёк Чолийг цаазалсан хэмээн мэдээлсэн билээ.
Түүнээс гадна Ким Жон Уны орчуулагч Син Хе Йонгийг хорьж, мөрдөн шалгаж буй аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ