Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.06.03/ УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьснаа спикер Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлжээ. Энэ нь түүний нэг асуудалд тавьж буй хоёр дахь хориг бөгөөд товчхондоо Татварын багц хуулийн шинэчлэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын боловсруулснаар УИХ баталсан нь Ерөнхийлөгчид таалагдсангүй, тэрбээр угсраа "цохиолт" хийсэн нь Сангийн сайдад мөн таалагдсангүй, нүүр номоороо дамжуулж, байр сууриа илэрхийлж.
Ямартай ч МАН засгийн эрхийг авахдаа Татварын багц хуулийг өөрчилж, эдийн засагт томоохон реформ хийх амлалт өгсөн бөгөөд уг гэрийн даалгаварыг хийх үүрэг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт оногдсон. Харин түүний хийсэн "гэрийн даалгавар"-т Ерөнхийлөгч хоёр удаа муу "дүн" тавьж байна.
Ингэх шалтгаанаа "Татварын багц хуульд хуулийг хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй, олон улсын татвартай холбоотой зохицуулалтууд нь ашгийг гадагш шилжүүлж татварын суурийг гажуудуулах явдал /БЭПС/-ын эсрэг арга хэмжээнүүдийн утга агуулгыг дордуулсан, олон улсын татварын эрх зүйн актуудад заасан хэм хэмжээнд бүрэн нийцээгүй, дотоодын татварын орлогын суурийг бодитойгоор бэхжүүлэн нэмэгдүүлэх үр дүнд хүрэхээргүй шинэ нэр томьёолол төдий, улмаар хууль үл хэрэгжих нөхцөлд хүргэхүйц сөрөг үр дагавартай, засаж сайжруулбал зохих олон асуудал тусгагдсан байгаагийн зэрэгцээ улс орны эрх ашигт хохиролтой, татварын хүрээн дэх авлигын нөхцөл байдлыг улам хүндрүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуультай зөрчилдсөн, хүлээн зөвшөөрөх боломжгүй дараах агуулга бүхий зохицуулалтууд тусгагдаад байна" хэмээн эхлээд тайлбарлаж байсан бол өнөөдөр УИХ-ын даргад явуулсан албан бичигтээ "Улсын Их Хурлын гишүүн, Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн гаргасан “зарим гишүүд орж ирээгүй байсан” гэх хууль зүйн үндэслэлгүй “горимын санал”-аар санал хураалтын дүнг хүчингүй болгон, дахин санал хураалт явуулж, төрийн эрх барих дээд байгууллагын болон ард түмний элч болох Улсын Их Хурлын гишүүдийн хууль ёсны шийдвэрийг хууль бусаар өөрчилсөн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй, бүдүүлэг, эрх зүйт төрийн ёсонд огт нийцэхгүй үйлдэл гэж үзэж болно" гэжээ.
Өөрөөр хэлбэл, Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэхдээ Үндсэн хуулийг зөрчсөн, гишүүдийн шийдвэрт хуулт бусаар нөлөөлсөн нь парламентын засаглалын нэр хүндэд нэн сэвтэй болохыг анхааруулж.
Сангийн сайдын томилгооноос эхэлсэн Ерөнхийлөгчийн "харшил", ерөнхийдөө голдуу Ч.Хүрэлбаатарын боловсруулсан төсөл, бодлого дээр илэрдэг ч түүний дараалсан хоригуудаас УИХ нэгийг ч хүлээж аваагүй юм. Гэвч, Ерөнхийлөгч бууж өгөхгүй байгаа!
У.Хүрэлсүхийн Засгийн газрын эдийн засгийн реформт тавьсан Ерөнхийлөгчийн "үнэлгээ", улс төрийнх нь угсраа цохилтуудаас харвал мөнөөх л улс төр дэх мөнхийн найз үгүй, мөнхийн эрх ашиг байдаг гэх алдарт үгийг санагдуулах. Ямартай ч тосоо гартал тэврэлдэж байсан шинэ МАНАН тун удахгүй цусаа гартал зодолдож мэдэх дур зураг харагдаж эхэлсэн. Тэгээд ч "Нэг тэнгэрт хоёр нар манддагүй" гэж Тэмүүжин анддаа Жамухын хэлсэн байдаг.
Б.БАТ
Холбоотой мэдээ