Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцлоо

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун өнөөдөр (2019.06.04) НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон, олон улсын хуулийн зөвлөх Раушан Зазюкбаява нарыг хүлээн авч уулзав.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах асуудлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын таримал ургамлын үрийн шинэ сортыг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд дээрх хуулийн төсөлд техникийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм байна.

Таримал ургамлын үр, сорттой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх зорилгоор Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийг салбарын яамнаас боловсруулж, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг Байнгын хорооны дарга Х.Болорчулуун уулзалтын үеэр тэмдэглэсэн. Хуулийн төсөл нь үрийн салбарын хөгжил, ургамлын сорт хамгааллын оюуны өмчийн асуудлыг тусгасан үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа аж.

Ургамлын шинэ сорт бүтээх ажил хамгийн багадаа 15-20 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болдог бөгөөд цаг хугацаа, хүн хүч, мэдлэг, хөрөнгө шаарддаг. Тэр бүр амжилт олохгүй, олон удаагийн оролдлогын үр дүнгээр нэг сорт бүтдэг. Шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих гол хэрэгсэл нь шинэ сортын зохиогчийн эрхийг хамгаалах нь чухал болохыг мэргэжилтнүүд онцолсон.

Таримал ургамлын үрийн чанар, хангамж, хүрэлцээ болон үрийн нөөц бүрдүүлэлт, таримал ургамлын шинэ сортын бүртгэл, баталгаажуулалт зэрэг асуудлыг зохицуулж, хэрэгжилтийг хангадаг бүтэц, тогтолцоо дутмаг.  Үр, сортын бодлогыг хэрэгжүүлэгч байгууллагыг байгуулах, түүний чиг үүрэг, хариуцлагыг тодорхой болгож хуульчлах зэрэг эрх зүйн зохицуулалт шаардлагатай асуудал тулгамдаж байгаа ч салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон “Үр, сортын бодлогоо нэгтгэж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, үр, сортын баталгаажуулалт, бүртгэлжүүлэлт, талбайн хянан баталгаа, үр үйлдвэрлэл, шинэ сортын хамгаалалт зэрэг асуудлыг эрх зүйн зохицуулалтад оруулж тодорхой болгох нь зүйтэй” гээд олон улсын туршлагаас хуваалцаж, өөрийн саналыг хэлсэн юм.

Байнгын хорооны дарга Х.Болорчулуун таримал ургамлын үр сортын чанарыг сайжруулах, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж буй мэргэжилтнүүдэд талархал илэрхийлээд тэдний саналыг хуулийн төсөлд тусгаж ажиллана гэв.

Өөрийн орны онцлогт тохирсон, нутагшсан сайн сортын үрээр тариалалт хийснээр га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэж, эдийн засагт сайнаар нөлөөлнө. Таримал, ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлэхэд шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний судалгаанд суурилсан бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэллээ.

Уулзалтад УИХ-ын БОХХААБХ-ны ажлын албаны зөвлөхүүд болон  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Б.Уранчимэг, НҮБ-ын ХХААБ-ын төслийн менежер Б.Алтанцэцэг, төслийн ажилтан Х.Мөнх-Оргил нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж