"Тэсрэх бөмбөгөө" бэлдсэн монголчууд

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

"Тэсрэх бөмбөгөө" бэлдсэн монголчууд

"Тэсрэх бөмбөгөө" бэлдсэн монголчууд

“Монголд террористын хэрэг алга. Монголчууд өөрсдийгөө хөнөөх тэсрэг бөмбөг бэлдсээр байна” гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга анхааруулсаар ирсэн ч төр өнөөг болтол аюултай хог хаягдлыг булшлах тусгай цэгийг байгуулж чадсангүй. Иргэдэд ч аюултай хог хаягдал гэж юуг хэлдэг, тэр нь ямар хор хөнөөлтэй талаар мэдээлэл алга.

Засгийн газраас өнгөрсөн онд аюултай хог хаягдлын жагсаалтыг шинэчлэн баталснаар 450 гаруй нэр төрлийн “бүтээгдэхүүн”-ийг энэ жагсаалтад багтаажээ. Түүнд орсон аюултай хог хаягдлын нэг нь автомашины аккумлятор болж хувираад байна.

Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн тоо нэг сая руу дөхсөн. Хоёр жил болоод авто машины аккумляторыг шинээр тавих шаардлага үүсдэг гэж тооцвол хэчнээн хэмжээний аюултай хог хаягдал бий болж байна вэ гэдгийг илэрхийлэх бас нэг үзүүлэлт юм. Гэтэл Улаанбаатар хотоор нэг байрлах “Хоёрдогч түүхий эд худалдан авах” цэгүүдэд ашиглагдахаа больсон аккумлятор хураалттай байх бол айл өрхүүдийн хашаанд шингэн нь урссан аккумлятор хог болж “хэвтдэг”. Автомашины сэлбэг хэрэгсэл худалдаалдаг захуудад ч хэзээ мөдгүй ашиглалтаас гарах нь ойртсон аккумлятор хэдэн зуугаараа өрөөтэй байх нь бий. Хуучин аккумлятор шинээсээ үнэ хямд тул борлуулалт ч сайтай. Харин ашиглалтаас гарахад хаана очдог нь тодорхойгүй. Хогийн цэг дээр л очдог болов уу гэсэн бүдүүн тойм ойлголттой.

Уг нь төр хэдэн жилийн өмнө нийслэлийн Баянзүрх дүүрэгт хаягдал аккумлятор задлан хайлуулах гар ажиллагаатай үйлдвэр байгуулах зөвшөөрлийг “Заламт гол” ХХК-д олгожээ. Гэвч тус үйлдвэр аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж чадалгүй ирсэн байдаг. Иргэдийн гомдлоор мэргэжлийн байгууллагууд  2017 онд тус компанийн ажлын байр, ойр орчимд шалгалт хийхэд  хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байжээ.

Хуучирч муудсан аккумлятораас ялгарах шингэн нь хүн, мал, амьтан ургамлыг хордуулдаг асар их хөнөөлтэй тул улс орнууд маш аюултай хог хаягдалд багтаан, тусгай цэгт төвлөрүүлж, түүнийг аюулгүй болгох арга хэмжээ авдаг. Харин манайд энэ асуудал олон жил хөндөгдөж ирсэн ч хийсэн ажил үгүй. Иргэд нь хаа дуртай газраа аккумляторыг хаяж, өөрсдийгөө хөнөөх тэсрэх бөмбөг бэлддэг бол төр аюултай хог хаягдлыг хадгалах газар хайж ухандах хооронд хор нь агаар, хөрсөнд нэвчин, хүн, малыг, байгальтай нь чимээгүй хордуулсаар… Энэ янзаараа бол нийтээрээ хордож эхлэхэд сэхээрэл авах уу, үгүй юу гэмээр л тоомжиргүй хандацгааж байна.

Тухайлбал, нийслэлээс аюултай хог хаягдлыг хадгалах газраар Цагаан давааны хогийн цэг, Багануур, Налайх, Багахангай, Төв аймгийн тодорхой хэсэг газар гэсэн таван байршлыг сонгосон боловч НИТХ-аас “Боломжгүй газрууд” гэж тодорхойлжээ. Шалтгаан нь нийслэлийн суурьшлын бүс, ундны усны эх үүсвэрт ойр, салхины дээр чиглэлтэй гэсэн үндэслэлүүдээр газрын асуудал гацаанд орсон аж.

Гэтэл энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой аюул болж хувирч байгааг учир мэдэх хүмүүс анхааруулсаар байна.

Үүнээс гадна авто тээврийн үйлчилгээ болон бусад үйлчилгээний газруудаас гарсан шингэн болон хатуу хог хаягдал хур тунадасны усаар дамжин газрын хэвлий даган хонхор, хотгор газар, гуу жалга дамжин ойр орчмын газрыг бохирдуулдаг болохыг байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд анхааруулж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл газрын тосны бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхэлж буй 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 21 агуулах, 174 шатахуун түгээх газар, шингэрүүлсэн шатдаг хий цэнэглэх дөрвөн станц, автомашиныг хийгээр цэнэглэх зургаан станц, хий борлуулах 12 цэг үйл ажиллагаа эрхэлж байна. Тэр бүгд аюултай хог хаягдлыг стандартынх нь дагуу хадгалах арга хэмжээ авч чаддаг уу гэвэл эрсдэлтэй мэдээлэл дагуулах аж.

Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй 600 мянга гаруй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын асуудал хөндөхөд л зөвхөн татвар авах үзэмжээр л асуудал шийдэгддэг тогтолцоо хэрэгжиж ирсэн зэрэг нь бодлогоо ч дагуулаад өөрчлөх шаардлага тулгарч буй нь эндээс харагдана. Аюултай хог хаягдалтай холбоотойгоор хөндөх бас нэг асуудал нь хүн бүрийн хэрэглээнд нэвтэрсэн гар утас, батерей зэрэг юм. Зөвхөн хурууны хэмжээтэй нэг ширхэг батерей нь нэг метр кв талбайг, ойролцоох 8000 литр усыг бохирдуулах хүчин чадалтай. Гэвч монголчууд хор хөнөөлийг нь мэддэггүйгээс хаа дуртай газраа батерейг хаяж, ирээдүй үеэ уух ус, амьдрах орчингүй болгож, тэсрэх бөмбөг бэлтгэсээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж