Б.Энхбилэг: Хүүхдийнхээ сэтгэлгээг хайрцаглахгүйн тулд өрөөг нь цайвар өнгөөр тохижуулаарай

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Б.Энхбилэг: Хүүхдийнхээ сэтгэлгээг хайрцаглахгүйн тулд өрөөг нь цайвар өнгөөр тохижуулаарай

Б.Энхбилэг: Хүүхдийнхээ сэтгэлгээг хайрцаглахгүйн тулд өрөөг нь цайвар өнгөөр тохижуулаарай

Дулааны улирал эхэлж, гэртээ засвар хийхээр зэхэж буй танд зориулан “Интерекс дизайн ХХК”-ийн үүсгэн байгуулагч Б.Энхбилэгтэй орчин үеийн интерьер дизайны чиг хандлага, гэрээ хэрхэн гэр бүлдээ ээлтэйгээр тохижуулах талаар цөөн хором ярилцлаа. Тус компани нь  2014 он хүртэл “Монгол HD” телевизтэй хамтран “Таны мөрөөдлийн дизайн” шоу нэвтрүүлэг хийж, хоёр жилийн хугацаанд  80 орчим айлын интерьер дизайныг нь үнэ төлбөргүй хийжээ.


АЙЛУУД НҮСЭР ТАВИЛГЫГ СОНГОДОГ БАЙСАН БОЛ ОДОО ЗАЙ ТАЛБАЙГАА ЗӨВ АШИГЛАХ ХУВИЛБАРЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛСОН

-2019 оны интерьер дизайны чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?

-Энэ жилийн хувьд модерн классик хэв маяг зонхилж, хана болон таазандаа хуучны элемент түлхүү ашиглаж байна. Өмнө нь айлууд нүсэр тавилга сэлтийг сонгодог байсан бол одоо зай талбайгаа зөв ашиглах хувилбарыг илүүд үзэх болсон. Өөрөөр хэлбэл илүү энгийн, минимал мөртлөө хуучны классик элементийг зарим нэг хэсэгтээ оруулж өгсөн шийдлийг сонирхож байна.  Тавилгын хувьд Скандинав стиль буюу энгийн сонгодог хэв маяг давамгайлж байна.

-Хүмүүс гэрийнхээ интерьерийг шийдэхдээ хамгийн түрүүнд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Миний бодлоор хүмүүс юун түрүүнд хэрэгцээгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал, маш завгүй ажилладаг ганц бие хүнд илүү минимал шийдэл буюу бүх зүйл нь нүдэнд ил харагдаж байх, босоо душтэй интерьер зохимжтой. Нялх хүүхэдтэй айлд бол хурц өнцөгтэй шийдэл, тавилгаас зайлсхийх хэрэгтэй. Уран бүтээлч хүний сонголт, хэрэгцээ бас нэг өөр.

-Өнгөний сонголтын хувьд?

-Ерөнхийдөө цайвар, цагаан өнгө зонхилж байна. Үүн дээр цэнхэр, алтлаг шаргал хар өнгийн деталь элементүүд нэмэгдэнэ. Мөн бусад аксесуар нь тод байх жишээтэй.

-Сүүлийн үед хүмүүс чулуун, эсвэл цементэн хана, таазаас илүүтэй байгальд ээлтэй дизайн руу тэмүүлж байгаа нь анзаарагдсан. Гэрийнхээ дизайны шийдэлдээ модыг ашиглах нь түгээмэл болжээ?

-Манай ихэнх захиалагч тавилгаа Испани, Итали, Солонгос, Гуанжу зэрэг далайн эргийн  чийглэг уур амьсгалтай орноос авдаг. Гэтэл манайх шиг хуурай уур амьсгалтай газар ирсэн модон тавилгууд гурав, дөрвөн сар эсвэл жилийн дараа хагарч цуурах нь бий. Мод ч бай, бусад шийдэл ч бай дотоод орчноо чийглэг байлгах нь хамгийн чухал. Тиймээс гэртээ ургамал тарих хэрэгтэй. Энэ нь  байгальд ойр мэт мэдрэмж төрүүлэхээс гадна тавилгын насжилтыг уртасгаж, танд таатай мэдрэмж төрүүлнэ.

-Хүмүүс гэрээ тохижуулахдаа ихэвчлэн юун дээр алддаг вэ?

-Манайхан гоё гэхээр үнэтэй, тансаг гэхээр том тавилгыг сонгодог. Хааны ордны мэт нүсэр тавилга сэлт шоурүүмд л гоё харагдана. Дундаж айлын 30 мкв талбайтай зочны өрөөнд тэр том буйданг тавиад, 90-ээд оны сүүлээр мода болж байсан зурагтын том стенк байршуулаад, дотор нь хундага өрсөн байх нь олонтаа. Өрөө дүүрэн тавилга байлаа ч танд чөлөөтэй, тухтай мэдрэмж өгөх нь чухал. Гэтэл дэлхий нийтээрээ үүнээс татгалзаж байна.

ЭРДЭНЭТ ХИВСНИЙ ЦАГААН, ЦАЙВАР ШАРГАЛ СУУРЬ ӨНГӨ ДЭЭР БУДАГ ЦАЦЧИХСАН ЮМ ШИГ АБСТРАКТ ШИЙДЭЛТЭЙ ХИВСНҮҮД ИХ ТААЛАГДСАН

-Тэгвэл интерьерийн ямар шийдэл гэрийг зай ихтэй харагдуулдаг вэ?

-Миний бодлоор залуу гэр бүлд маш энгийн загвар хамгийн зохимжтой. Гаднын залуучуудаас нүсэр зүйл рүү тэмүүлэхээс илүүтэй Ikea руу ороод л өөрсдийн хэрэгцээ, төсөвтөө таарсан тавилгыг сонгочихдог. Өнгөний хувьд хэт бараан өнгөнөөс зайлсхийх хэрэгтэй. Бараан өнгө хүнийг стресстүүлж, ядраах талтай. Та гэрээ цэлгэр, орон зайтай, гэгээлэг харагдахуйцаар  тохижуулбал таны сэтгэл зүй, гэр бүлийн харилцаанд эергээр нөлөөлөх боломжтой. Тиймээс аль болох өнгөлөг, хөнгөн шийдлийг сонгоорой.

-Интерьерийн хувьд хивс дэвсэхийн ач холбогдол юу вэ?

-Манайх шиг сэрүүн оронд өглөө сэрээд хүйтэн шал эсвэл дулаан хивсэн дээр гишгэхэд мэдээж өөр мэдрэмж төрүүлнэ. Хамгийн гол нь  хивс их дулаахан шаллагааны материал. Орчин үед хивсийг өрөөний уур амьсгалыг зөөлрүүлэх, чимэглэлийн зориулалтаар ашиглах болсон. Чулуун эсвэл хурц өнцөгтэй тавилгатай өрөө лоббид байгаа мэт уур амьсгал төрүүлдэг бол хивс дэвссэн өрөө арай дулаан, тухтай мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн цуурайг намжаадаг.

-Тэгвэл хивсний өнгөний сонголт дээр юуг зөвлөх вэ?

-Хивсээ аль болох ханынхаа өнгөнөөс зөрүүлж сонгох  хэрэгтэй. Цэнхэр ханын цаастай өрөөнд цэнхэр хивс дэвсэх нь зохимжгүй. Ерөнхийдөө цайвар өнгөтэй хивс орон зайг томсгож харагдуулахаас гадна ямар ч интерьерийн шийдэлд хамгийн уян хатан сонголт. Хуучных шиг шар, улаан, эсвэл хүрээтэй, элдэв хээ хуартай хивс орчин үед төдийлөн онц биш. Эрдэнэт хивсний цагаан, цайвар шаргал суурь өнгө дээр будаг цацчихсан юм шиг Aquarella коллекц хивснүүд надад их таалагдсан. 25-45 насны залуу гэр бүлүүдэд иймэрхүү шинэлэг  хивсийг түлхүү сонгох болсон.

-Хүүхдийн өрөө болон зочны өрөөнд ямар өнгийн хивс сонговол зохимжтой вэ?

-Өрөөг ямар зориулалтаар ашиглахаас хамаарч хивсээ сонгоно. Завсрын өнгө нь зочны өрөө, албан газар, гал тогоонд тун давгүй сонголт. Харин тод өнгө нь хүүхдийн, тоглоомын өрөөнд илүүтэй зохино. Хэрэв уг өрөө хүний хөлд байнга дарагддаг бол хиртэж сэвтэх нь бага бараандуу өнгийг сонгох  хэрэгтэй.

-Хивсний өнгөө тавилгатайгаа хэрхэн уялдуулах вэ?

-Тавилга, хөшиг гэх мэт өрөөний ерөнхий тохижилттой хивснийхээ өнгийг уялдуулах хэрэгтэй. Хэрэв та буйдангийн өнгөө илүүтэй тодотгохыг хүсвэл завсрын өнгө сонгоно. Тухайлбал, буйдан нь улаан, шал нь саарал, бараан юм уу хар тавилгатай бол үнсэн саарал өнгийн хивс тохиромжтой. Өрөөндөө байнга өөрчлөлт хийдэг бол сэтгэлийн хөдөлгөөнөөр хивс бүү сонгоорой. Өөрөөр хэлбэл хэдхэн жил болоод тавилгаа сонгодог бол завсрын өнгийг зөвлөх байна.

УНТЛАГЫН ӨРӨӨНИЙ ГЭРЭЛ ДОР ХАЯЖ ГУРВАН ЯНЗААР УНТАРДАГ БАЙХ ЁСТОЙ

-Гэрлийн хувьд танайх ямар өнгийг санал болгодог вэ?

-Цайвар өнгө. Хамгийн тухтай мэдрэмж төрүүлдэг гэрэл бол 4500-5500 кельвиний гэрэл юм. Түүнээс дээш бол эмнэлгийн цагаан болоод явчихна. Хэт цагаан гэрэл гэрт тохиромжгүй.

-Унтлагын өрөөнд гэрэлтүүлэг их чухал санагддаг?

-Унтлагын өрөөний гэрэл дор хаяж гурван янзаар унтардаг байх ёстой. Тод асдаг гэрэл цэвэрлэгээ хийхэд эсвэл чемоданаа гаргаж тавьж байгаад аялалд бэлдэхэд тухтай. Хоёр, гурвыг нь унтраахад намуухан орчинг бүрдүүлэх ёстой. Мөн шөнө цагаа харах, ном уншихад  зориулагдсан орныхоо хажууд гэрэлтэй байх хэрэгтэй. Нэг л сонголттой тод гэрэл бол тийм ч сайн шийдэл биш. Иймд унтлагын өрөөгөө бүүдгэр гэрэлтэй байх боломжийг бүрдүүлээрэй.

-Хүүхдийн өрөөний интерьерийг шийдэхдээ юуг анхаарах вэ?

-Манай ээж, аав нарын алддаг зүйл нь эрээн өнгөөр хүүхдийнхээ өрөөг тохижуулдаг. Спайдармэн, маквин, эсвэл гүнжийн зурагтай ханын цаас, тавилга сонгох талтай. Хүүхэд өнөөдөр поророгийн фэн байсан бол хоёр жилийн дараа “Жаахан хүүхэд л пороро үздэг, би порород дургүй” гэх нь тодорхой. Хүүхдийнхээ сэтгэлгээг хайрцаглахгүй байхын тулд бид цайвар өнгийг санал болгодог. Хүүхдэдээ макиунтай ширээ аваад өгчихвөл ширээ лүүгээ хараад, анхаарал нь хичээлдээ төвлөрөхгүй байвал хэцүү шүү дээ. Хүүхэд хурдан өсдөг, түүнийгээ дагаад сонирхол нь  өөрчлөгддөг тул  пороротой, макиун, гүнжтэй ханын цаас наахаас зайлсхийгээрэй.

-Таныхаар хэдий хугацаанд гэртээ завсар хийх нь зохимжтой вэ?

-Мөн л хүмүүсийн хэрэгцээн дээр тулгуурлана. Хүн юунд дуртайгаа далд ухамсартаа мэддэг болохоор дизайны хувьд 10-20 жилээс нааш огцом шинэчилдэггүй. Харин тэрнээс наана хэв маягийн хувьд бага сага аксесуар нэмэх юмуу, шинэлэг элемент нэмж өөрчлөх боломжтой. 10 жилийн өмнө классикт дуртай хүн одоо модернд тэр бүр дуртай болохгүй л болов уу.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Хүнд элементээс л татгалзаарай гэж зөвлөе. Хааны ордон шиг тавилга сэлт авмаар байвал том байшин барьчхаад тохижуулбал зүгээр. Харин угсармалын хоёр өрөө байрны том өрөөг нүсэр тавилгаар тохижуулах нь утгагүй. Мөн хэт эрээн шийдлээс татгалзаарай. Засвараа хийхдээ нэг зураг сонгож аваад түүний дагуу хийчхээд, тавилгаа авахдаа тэс өөр шийдлийн тавилга сонговол хоорондоо зохицохгүй. Иймд гэртээ засвар хийх гэж байвал нэг л стиль, дүр зураг бариарай.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж