Хүүхдийн зуслангийн үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зуслангийн үнэ нэмэгджээ

Хүүхдийн зуслангийн үнэ нэмэгджээ

Сурагчдын зуны амралт эхэлж, хүүхдүүд зуны амралтаа зугаатай, хөгжилтэй өнгөрүүлж, зуслангийн найзуудтай болохыг хүсч байгаа биз. Тэгвэл хүүхдийн зуслангууд нэгдүгээр ээлжийн амрагчдаа хүлээн авахад хэдийнэ бэлэн болжээ. Ингээд нийслэл дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа хэдийнээс эхлэх, төлбөр мөнгө нь нэмэгдсэн эсэх талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Очоос тодрууллаа.


-Хүүхдүүд зуны амралтаа зусланд өнгөрүүлэх дуртай болжээ. Энэ жил хэчнээн хүүхдийн зуслан ажиллаж, амрагчдаа хүлээн авах вэ?

-Нийслэлийн ногоон бүсэд нийт 30 гаруй хүүхдийн зуслан бий. Эдгээрээс сүүлийн таван жил тогтмол үйл ажиллагаа явуулж буй 21 зуслан байдаг. Хүүхдийн зуслангууд одоо нэгдүгээр ээлжийн амрагчдаа хүлээн авахад бэлэн болоод байгаа. Хамгийн түрүүнд Олон улсын хүүхдийн “Найрамдал" зуслан зургадугаар сарын 3-наас эхлэн амрагчдаа хүлээн авлаа. Бусад хүүхдийн зуслангууд зургадугаар сарын 7-10-ны өдрүүдэд үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөөд байна.

-Ер нь хүүхдийн зуслангуудад ямар хяналт, шалгалтыг хийдэг талаар танилцуулбал?

-Нийслэл дэх хүүхдийн зуслангуудаар шалгалт хийхээр өнөөдөр /2019.06.04/ ажлын хэсэг гарах гэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, чиг үүргийн таван байгууллага хамтран жилд хоёр удаа хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Үүнд нийслэлийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамаарах юм. Одоо хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхийн өмнөх шалгалтыг хийх гэж байна.

-Энэ жил шинээр хүүхдийн зуслан нээгдэж байгаа юу?

-Манай байгууллагад одоогийн байдлаар бүртгүүлсэн, мэдээлсэн шинэ хүүхдийн зуслан байхгүй. Ганц нэг тохиолдолд хувь хүн гэр, байшин барьчихаад 14 хоног, сарын хугацаанд хүүхдүүдийг амраадаг. Манай байгууллагаас эдгээр газруудыг судалж байгаа.  Харин Баянгол дүүргээс хүүхдийн зуслан байгуулж,  энэ жил тус дүүргийн хүүхдийн зуслан ашиглалтад орохоор засвараа хийж, долдугаар сард амжвал амрагчдаа хүлээж авна гэдгийг хэлсэн.

-Хүүхдийн зусланд амрах үнэ тариф нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн 2018 онд хүүхдийн зусланд амрах тариф өдрийн 28-30 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ жил үнийн өсөлттэй холбоотойгоор хүүхдийн зуслангийн төлбөр нэмэгдсэн байгаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын үндэсний зуслангуудын холбоотой хамтран хүүхдийн зуслангийн захирлуудтай уулзалт хийдэг. Энэ уулзалтаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар хүүхдийн зуслангийн үнэ тарифыг баталдаг юм.

Энэ жил хүүхдийн зусланд амрах өдрийн төлбөр 30-35 мянган төгрөг, гадаад амрагч хүүхдүүд 30-35 ам.долларын үнэтэй байна.

Тухайн зуслангийн ээлж хэд хоногтой гэдгээс хамаарч, харилцан адилгүй төлбөр төлнө. Гэхдээ ихэнх зуслангууд хоногийн 31, 32 мянган төгрөгөөр амрагчдаа хүлээн авч байна лээ. Ойролцоогоор долоо хоногийн 210-240 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үг.

-Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт олгож эхэлсэнтэй холбоотойгоор амрагчдын тоо эрс нэмэгдсэн гэж сонссон. Өнгөрсөн жилд хэчнээн хүүхэд зусланд амарч, үйлчлүүлсэн бэ?

-Өнгөрсөн жилийн хувьд хүүхдийн зусланд давхардсан тоогоор 23 мянга гаруй хүүхэд амарсан. Энэ тоог өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт гарч байгаа юм. Тодруулбал 2016, 2017 онуудад 17 мянга гаруй амрагчид хүүхдийн зусланд амарч байсан бол 2018 онд 23 мянга болж өссөн байна. Учир нь өнгөрсөн 2018 онд төрөөс хүүхдийн зуслангуудад хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтийг өгч эхэлсэн. Улсын хэмжээнд 40 гаруй хүүхдийн зуслан байдгаас 28 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Үүний 21 хүүхдийн зуслан нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт санхүүжилт олгосноор амрагч хүүхдүүдэд зөвхөн хоол унд өгч, амраах бус хөгжүүлэх олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болсон. Жишээлбэл спортын нэг төрөл тэмцээн уралдаан зохион байгуулдаг байсан бол 2-3 төрөл болж нэмэгдэх жишээтэй. Төсвийн хувьд манай дээд агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нийт 180 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн. Өнгөрсөн жил 15 зуслан 80 орчим сая төгрөгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилт авч, зарцуулсан.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж