Эрх баригч нам бүхэн ирэх сонгуулийг урьтаж Сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтай хувилбараар өөрчилдөг жишиг бий болоод нэгэнт уджээ. Энэ удаа ч гэсэн эрх баригч МАН Сонгуулийн тухай хуульд "гар хүрэхээр" бэлтгэл ажилдаа хэдийнээ орсон. Намын бүлгийн өчигдөр /2019.06.03/-ийн хуралдаанаараа хуулийн төслийн явцын талаар сонсч ойрын өдрүүдэд өргөн барихаар зэхжээ. Энэ удаад МАН намаа бус ард түмнээ бодсон хуулийн өөрчлөлтийг хийнэ гэдгээ тодотгоод сонгуулийн нэг тойрогтой байх санал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, улс нэг тойрог гэж үзэн тухайн улс төрийн нам хамгийн дээд тал нь 76 хүнийг нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлах юм байна. Ингээд нийт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан эхний 76 хүн УИХ-д сонгогдох юм.
МАН-ынхны санаачилсан нэг тойрог гэх хувилбарыг парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд хэрхэн үзэж байгаа талаар байр суурийг нь тодрууллаа.
ХҮН НАМЫН ДАРГА Б.НАЙДАЛАА:
-Энэ систем бол дэвшил мөн. Зарчмын хувьд манай нам дэмжиж байна. Хуучин 76 жижиг тойрог болгоод тойргийг өмчилж авч мөнгө тарааж үл бүтэх нэгэн гардаг нь жижиг тойрогтой шууд холбоотой. Монгол Улс нэг тойрог болсноор үндсэн хөгжлийнхөө асуудлаа шийднэ. Ингэж чадвал бид эмч, багш нарын цалинг нэмэх, хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, зөв газар хөрөнгө оруулалт хийх зэрэг улсын хөгжлийг нийтээр нь сайн сайхан болгох эхлэл болно.
МОНГОЛЫН ХҮНИЙ ТӨЛӨӨ НАМЫН ДАРГА Х.БАТ-ЯЛАЛТ:
-Эрх баригч нам тулга тойрсон асуудлаар цаг үрж байна. Сонгуулийг янз бүрийн хэлбэрээрээ хийхээс илүүтэй сонгогдсон хүмүүсийг хянадаг хяналтын системийг бий болгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийг хэрхэн зохион байгуулах уу гэдэгт ач холбогдол өгөлгүйгээр сонгогдсон төрийн түшээдийг яаж шинжлэх ухаан ч байдлаар хууль тогтоомжид гар хүргэдэг болгох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Сонгуулийн тухай хуульд бид сонгогч хянагч буюу Иргэний эрх зүйн байдлын талаар тусгуулахаар ажиллаж байна.
МОНГОЛЫН НОГООН НАМ О.БУМ-ЯЛАГЧ:
-Үндсэн санаа нь 76 Ерөнхийлөгчийг сонгоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч улс нэг тойргоос сонгогддог шиг 76 Ерөнхийлөгчийг сонгохоор болж байна. Ингэснээр Монгол Улс 77 Ерөнхийлөгчтэй болно. Эрх мэдэл нь улам нэмэгдэнэ. Улс нэг тойргоор сонгуулийг зохион байгуулбал мөнгөтэй хүмүүс нэр дэвшинэ. МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэмжээний мөнгөтэй 76 хүн байна гэсэн үг. Угаасаа МАН-ын гишүүд хязгааргүй их мөнгөтэй хүмүүс. Улсын мөнгөнөөс 33 их наяд төгрөгийг идсэн гэж хүртэл ярьдаг. Мөнгөтэй хүмүүст зориулсан тогтолцоо учир манай нам дэмжихгүй. Сонгууль дөхөхөөр тухайн эрх баригч нам нь өөрсдөдөө зориулж хууль баталдаг. Хэрэв энэ тогтолцоо МАН-д ашиггүй байсан бол Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй шүү дээ. Өөрсдөд нь ашигтай болоод л өөрчлөх гэж байна. Манай намын хувьд хөдөө орон нутагт гэхээсээ илүү хот суурин газарт илүү танигдсан. Нийгмийн дунд давхаргынхан, боловсролтой хүмүүс манай намыг илүүд мэддэг. Тэгэхээр нэг тойргоор сонгуулийг зохион байгуулбал манай намын 76 нэр дэвшигч Монгол улсыг тойрно гэсэн үг. Улс төрийн 32 намын 76 хүн нийлээд нийт 2 мянган гаруй нэр дэвшигч Монгол Улсыг тойрч давхих нь. Уг нь бол мажоритар сонгуулийн тогтолцоогоор сонгогдсон нэр дэвшигчийг улс төрийн хэллэгээр "Элит улстөрч" гэж хэлдэг. Элит улстөрчийн онцлог нь намын бодлогыг чухалчлахаас илүүтэй ард түмэн юу гэж байна түүнийг нь дагадаг ийм онцлогтой. Дараагийн сонгуульд нам нь хамаагүй гэсэн үг.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Б.ЦОГТГЭРЭЛ:
-Нэлээн хэдэн хувилбар яригдаж байгаа юм билээ. Өмнө нь нам яаж ялах уу гэдэг тогтолцоог сонгодог байсан бол одоо эх орноо, ард түмнээ бодно гэдгийг эрх баригч нам хэлээд байгаа. Энэ үндэслэлээр улс нэг тойргийг сонгож байгаа гэж ойлгосон. Энэ тогтолцоо нь хуучин буюу бугшсан хэдэн улстөрчдөд ашигтай хэлбэр. Нэг ёсны одоогийн танигдсан УИХ-ын гишүүдэд илүү таатай тогтолцоо юм. Архангай аймгийг гурав хуваасан ч сонгуулийн сурталчилгааны хугацаанд багуудад хүрч ажиллаж чаддаггүй. Яахав, санаа нь бол зөв. Улс нэг байснаар жалга, дов гэж өөр өөрсдийнхөө тойрогт хязгаарлагдмал санхүүгийн нөөцийг хуваадгийг болиод улсын хэмжээний нэгдсэн бодлого болгох нь чухал.
ҮНЭН БА ЗӨВ НАМЫН ДАРГА А.ОТГОНБААТАР:
-Зөв гэж харж байна. Тойрог услахгүй, мөнгө цацахгүй болно. Сонгуулийн системийг нэг улсын бодлогоор харах цаг нь болсон. Өнөөдөр төсвийг хэдэн хэсэгт хуваагаад Монгол Улс хөгжсөн юм алга. Өнөөдөр жалга довын үзлээр төсвөөс авч ямар ч хэрэггүй бүтээн байгуулалтад зарцуулдаг. Одоо бол нэгдсэн төсөвтэй болж нэг замаар явах хэрэгтэй. Энэ тогтолцоог эсэргүүцэж байгаа намуудад зориулж хууль батална гэж байхгүй. Монголыг хөгжүүлэх сонгуулийн хууль батлах ёстой болохоос биш улстөрчдийг гаргадаг хууль батлах албагүй. Сонгогчид нэг л нэр дэвшигчийг сонгох нь маш зөв.
Холбоотой мэдээ