"Forbes" сэтгүүл жил бүр дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулдаг билээ. Энэхүү жагсаалтад Америк рэппер Jay-Z багтаж анхны тэрбумтан хип хоп уран бүтээлч болсон байна.
"Forbes" сэтгүүлийн судалгаагаар Jay-Z-гийн Armand de Brignac шампэйн дарс, D’Usse коньякны бизнест эзэмшдэг хөрөнгийг нь $410 сая гэж тооцсон бол бэлэн мөнгө болон Uber зэрэг компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг нь $220 сая, Tidal хөгжмийн стриминг бизнесийн үнэлгээг $100 сая, Roc Nation энтертайнмэнт компанийн үнэлгээг нь $75 сая, хөгжмийн каталогийг нь $75 сая, урлагийн бүтээлийн цуглуулгыг нь $70 сая, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нь $50 сая гэж үнэлсэн байна.
Шон Картер буюу Jay-Z анх Брүүклиний гудамжинд хар тамхи зарж бизнесийн замналаа эхлүүлж байсан гэлцдэг. Харин 1996 онд “Reasonable Doubt” нэртэй анхны цомгоо гаргаж, дуу хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан юм. Түүний гаргасан 14 цомог Billboard жагсаалтад тэргүүлж, Грэммийн шагналыг 22 удаа хүртсэн төдийгүй Дуу бүтээгчдийн Алдрын Танхимд мөнхөлсөн уран бүтээлч билээ. Хожим өөрөө продюсераар нь ажилладаг байсан залуу дуучин Бейонсетай гэр бүл болж, эхнэртэйгээ хамтран уран бүтээл хийх болсноор түүний болон тэдний гэр бүлийн нэр хүнд улам л өсөөр байна. Бейонсе болон Jay-Z нарын хамтын хөрөнгө 2017 онд л тэрбумын босгыг давсан аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ