Монгол улсын Ерөнхийлөгч 2019-2020 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр хүүхдэд тулгамдаж буй олон асуудлын гарц шийдлийг хамтдаа хайж, эрүүл аюулгүй орчныг бий болгохын тулд бодит оролцоог хангах зорилгоор МИГ даатгал буюу Монголын иншуртек группийн зүгээс “Хамгаалагдсан ирээдүй” төслийн уралдааныг улс орон даяар эхлүүлжээ. Энэ уралдаанд хэн оролцох болоод ямар үр дүн гарах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар төслийн удирдагч Б.Цацралтай ярилцлаа.
– МИГ даатгал хүүхдэд чиглэсэн шинэ төсөл эхлүүлж байгаа юм байна. Уг төслийн санаачилга, гол санаа яагаад гарах болов?
– Монгол улсын хүн амын 38 хувийг 0-19 насны хүүхэд эзэлдэг. Манай орныг залуусын орон гэж нэрлэдэг нь ч ийм учиртай. Харамсалтай нь сүүлийн таван жил хүүхдийн гэнэтийн осолд өртөж буй тоо хурдтай нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 52 мянган хүүхэд гэнэтийн осолд өртөж, 375 хүүхэд осол гэмтлийн улмаас нас барсан эмгэнэлтэй тоо бий. Энэ өсөлтийг хазаарлаж, ослын шалтгааныг бууруулахгүй бол хоёрхон жилийн дараа эрүүл мэндийн сан эмнэлэг, эмчилгээний зардлаа дааж чадахааргүй нөхцөлд хүрэхээр байна. Иймд Миг даатгал компани хүүхдийн гэнэтийн ослыг бууруулах, болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалъя гэсэн эмзэглэл дор “Хамгаалагдсан Ирээдүй” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.
– Өнөөдөр Монголд хүүхдийн эрүүл, аюулгүй аж төрөх эрх нэлээд хөндөгдөж байна. Эцэг эхчүүд бүгд л санаа зовнисон байдалтай байдаг болж. Тэгэхээр Монголын хувьд хамгийн ихээр яг ямар эрсдэл тулгарч байна вэ?
– Хүүхдэд тохиолдож буй эрсдэлүүдийн хамгийн өндөр хувийг зам тээврийн осол, түлэгдэлт, өндрөөс унаж бэртэх, насны ангиллаас хамаараад хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд эзэлж байна.
2019 оны эхний 4 сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн 219 хүүхэд бүртгэгдэж, 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 2 дахин, гэмтсэн хүүхэд 93.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн бид дэлхийн хэмжээнд хүүхдэд хэр ээлтэй орчин бүрдүүлсэн бэ гэдэг судалгаагаар 170 орны 71-т бичигджээ. Өвөлдөө утаатай, хавартаа шороотой, зундаа тоглох талбайгүй газар л бид ирээдүйгээ амьдруулж байна даа.
– Энэ төслөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
– Төслийн эхний шатанд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх шилдэг төслийн саналуудыг шалгаруулах 15 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байгаа. Асуудал байгаа бол түүнийг шийдэхэд иргэдийн оролцоо маш чухал. Ер нь өөрт болон эргэн тойронд тулгарч буй асуудлыг хэн нэгэн дарга, хэн нэгэн шидтэн ирж шийдвэрлэнэ гэдэгт найдах нь боломжгүй шүү дээ. Тиймээс хэрэв та ирээдүй илүү гэрэлтэй байна гэдэгт итгэж байгаа бол ирээдүйг бүтээлцэхэд гар бие оролцоорой гэж уриалж байгаа юм. Шилдэг төслийн саналыг 6 дугаар сарын 7 хүртэл бүртгэнэ. Шалгарсан төслүүдийг жилийн турш “Хамгаалагдсан Ирээдүй” төслөөс санхүүжүүлж хамтран хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 100,000 хүүхдийг “Индиго” даатгалын хамгаалалтад авч төслийн санг бүрдүүлэх юм. Ингэснээр “Хамгаалагдсан ирээдүй” төслийн сан хуримтлагдаж тэндээсээ даатгалын нөхөн төлбөр олгох, эрсдэлийг бууруулах төслүүдээ санхүүжүүлэх зарчмаар явах юм. Энэ сангийн зарцуулалт нь ил байх бөгөөд Indigo.mn сайтаар төслийн талаарх бүх мэдээллийг авч болно.
– Даатгалын компани өөрсдөө тодорхой асуудал дээр ийнхүү нухацтай олон талын байр сууринаас харсан төсөл эхлүүлж байгаа нь маш сайхан санагдаж байна. Цаашид үр дүнгээ ашиглан ямар ажлуудад зорьж байна?
– Даатгал гэхээс илүүтэй төсөл үр өгөөжтэй, олон талын хамтын ажиллагааг хангасан урт настай байх нь чухал. Бид мэргэжлийн төвшинд эрсдэлийг удирдаж, төслийн сангийн үйл ажиллагааг хянана. Олон талын оролцоо нэмэгдэх тусам төслийн хамрах хүрээ тэлнэ. Тиймээс хүүхдийн төлөө гэсэн ямар ч байгууллага, хувь хүнд “Хамгаалагдсан Ирээдүй” төсөл нээлттэй. Бидний зорилго том учраас зөв үйлд нэгдэх боломжийг бусдад нээж өгье, үр дүнд нь үр хүүхдүүдээ хамгаалъя гэсэн л санаатай.
– Энэ жилийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Тиймээс танай төсөлтэй хамтран ажиллах оролцогчид олон болох боломж харагдаж байна?
– Тэгэлгүй яах вэ. Томоохон байгууллагууд нийгмийн хариуцлагатай ажил хийхээр төлөвлөн түүндээ төсөв гарган ажилладаг болсон. Нийгэм олон хүний бүрдэл учраас бусадтайгаа хуваалцаж илүү сайхан ирээдүйн төлөө ажилладаг болсон цагт бид амьдарч байна. Дараа жилээс топ-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа нийгмийн хариуцлагын оноо өгдөг болох юм билээ. МХАҮТ-тай “Хамгаалагдсан Ирээдүй” төсөл хамтран ажиллана. Тиймээс өргөн цар хүрээтэй, үр дүнтэй хамтын ажиллагаа бий болгоё гэж бизнесийнхнийг уриалж байна.
– Хүүхдэд зориулагдсан “Индиго” даатгалын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
– Улсын эрүүл мэндийн даатгалаас хүүхдийн эмчилгээг бүрэн хариуцна гэдэг ч нарийн оношилгоо, эмчилгээг авахад зайлшгүй хувийн эмнэлэгт хандах тохиолдол гардаг. Гэтэл санхүүгийн боломжгүйгээс үүдэн хүүхэд шаардлагатай эмчилгээ авч чадахгүйд хүрэх нь ч бий. Тиймээс хүүхэд бүрт эрүүл мэндийн үйлчилгээ саадгүй хүрээсэй гэж Индиго хамгаалалтыг гаргасан. Индиго хүүхдэд гэнэтийн осол гэмтэл болоход 10 хүртэлх сая төгрөгийн бодит хамгаалалт олгох бүтээгдэхүүн юм. Бид хүүхэдтэй илүү ойр байлгахын тулд гэнэтийн осол гэхээс илүү даатгалын бүтээгдэхүүн гэж нэрлэн Индиготой нөхөрлөж, хамгаалалттай болсон гэдэг утгаар хүмүүст таниулах зорилготой. Учир нь бид хүүхдийн осол гэдэг үгийг хэлэхээс ч цэрвэдэг шүү дээ. Мөн одоо байгаа бүх төрлийн даатгалаас хамгийн бага хураамжтай хамгийн өндөр хамгаалалттай бүтээгдэхүүн болоод байна.