Л.Ариунаа: Банк, финтек компаниуд хамтарснаар чанартай цахим үйлчилгээ үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.06.04-нд нийтлэгдсэн

Л.Ариунаа: Банк, финтек компаниуд хамтарснаар чанартай цахим үйлчилгээ үзүүлнэ

Л.Ариунаа: Банк, финтек компаниуд хамтарснаар чанартай цахим үйлчилгээ үзүүлнэ

-Монголын банк санхүүгийн салбарын хөгжил ямар түвшинд байна вэ? Энэхүү хөгжлийн түвшингөөр харвал Капитрон банк салбартаа ямар үүрэг оролцоотой явж байна гэж та хэлэх вэ?

-Монгол Улсын банк санхүүгийн салбар нь хүртээмжийн үзүүлэлтээрээ бусад ижил төстэй хөгжиж буй орнуудын банкны салбараас илүү өндөр хөгжиж чадсан. Монгол Улсдаа банк, санхүүгийн салбар бусад салбараа олон чиглэлээр манлайлдаг. Тухайлбал, дижитал шилжилт, хүний нөөцийн удирдлага, компанийн засаглал гэх мэт. Капитрон банк өнөөдөр 425 ажилтантай, нийт 45 салбар нэгжээрээ дамжуулан 40 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа хүргэж байна. Манай нийт актив сүүлийн 3 жилд огцом өсч, өнөөдрийн байдлаар 900 тэрбум, дүрмийн сан 75 тэрбум төгрөгт тус тус хүрч, зээлийн хүүг даруй 2.4-3.6 нэгж хувиар бууруулж, зээл олголтыг идэвхтэй хийж байна. Капитрон банк Монгол Улсын Топ 100 аж ахуйн нэгжээр гурав дахь удаагаа дараалан шалгарч, амжилтаа ахиулсаар байна.

Капитрон банкны зүгээс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах чиглэлээр “ЖиМобайл” ХХК-д мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүллээ. Энэхүү үйл явдал нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээлийн боломжийг нээсэн, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц үйл явдал боллоо гэж харж байна. Өнөөдрийг хүртэл дотоодын санхүүгийн зах зээлд зөвхөн Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны урт хугацаат зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “МИК ОССК” ХХК орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас гаргасан байдаг бөгөөд “ЖиМобайл” ХХК-ийн гаргаж буй үнэт цаасны эргэн төлөлт нь дараа төлбөрт дугаарын үйлчилгээний төлбөрөөр баталгаажсан, дан ганц хувийн хэвшлүүдийн хооронд бизнесийн зарчмаар явагдаж буйгаараа онцлог юм.

-Аж үйлдвэрийн IV хувьсгал гэж салбар бүрт ярьж байгаа энэ үeд Капитрон банк ямар шинэчлэлүүдийг хийж байна вэ?

-Аж үйлдвэрийн 4-р хувьсгал хамгийн хурдтай явагдаж байгаа салбар бол банк, санхүүгийн салбар юм. Банкны хувьд үйлчилгээгээ хурдан шуурхай, тасралтгүй, найдвартай хүргэх асуудал хамгийн чухал асуудал байдаг хэдий ч өнөөгийн дижитал шилжилтийн үед харилцагчид технологийн дэвшилтэд бүтээгдэхүүн үйлчилгээг хүсч байна. Тиймээс Капитрон банк цахим бүтээгдэхүүнээ хөгжүүлэх чиглэлд түлхүү хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал энэ жил кредит скоринг хийж, онлайн зээл олгох, дижитал салбар нээх, АТМ дээр NFC карт, QR код болон гар утсаар гүйлгээ хийх, орлого зарлагын АТМ-ын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж байна. Гэхдээ банк, санхүүгийн технологийг банк өөрөө дангаараа хөгжүүлнэ гэдэг явцуу ойлголт болсон. Өдөр тутам финтек стартап шинэ компаниуд гарч ирж байна. Капитрон банкны баримтлах зарчмын нэг бол тэдгээр компаниудтай хамтарч ажиллахад нээлттэй байж хамтдаа санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Ингэснээр банк болон финтек компаниуд нөөц бололцоогоо илүү үр дүнтэй хамтран зохион байгуулж харилцагчдадаа өндөр чанартай цахим үйлчилгээг өгөх нөхцөл бүрдэх юм.

-Санхүүгийн хямрал тохиох талаар ярих боллоо. Монголын банкууд үүнд хэрхэн бэлтгэлтэй байх вэ. Ийм хямрал тохиолоо гэхэд Монголын банкууд даван туулахад хэр бэлтгэлтэй байна гэж та үзэж байна вэ?

-2019 оны эхний улиралд ДНБ-ний өсөлт 8.6%, инфляци 7.0%, харин нийт зээл 2018 онд сэргэж 26.5 хувийн өсөлт үзүүлсэн бол 2019 оны 4-р сарын байдлаар өсөлт саарч 22.1 хувь болсон байна. Түүнчлэн томоохон төслүүдийн гүйцэтгэл, уул уурхайн олборлолт тогтвортой, ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа байгаа нь эдийн засгийн идэвхжил сайн гэж хэлж болохоор байна. Харин ирэх жил сонгууль болж, 2021 оноос бондуудын төлбөр эхэлж, эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүсч болзошгүй юм.

Монголын арилжааны банкууд сүүлийн жилүүдэд эдийн засаг, зах зээлийн орчны нарийвчилсан судалгаа, нөхцөл байдлын дүн шинжилгээг тогтмол хийж эдийн засгийн хэвийн болон сөрөг шокийн орчинд банкууд хэрхэн ажиллах талаар бизнес төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа нь тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байгааг харуулж буй. Мөн олон улсын хөндлөнгийн аудитын компани Активын чанарын үнэлгээг нийт банкуудад хийсэн явдал нь хяналт шалгалтын тогтолцоог илүү боловсронгуй болгож байна. Түүнчлэн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн нь банкуудын эрсдэл даах чадварыг сайжруулсан.

Капитрон банкны хувьд гадаад, дотоод орчны нарийвчилсан судалгаа шинжилгээг тогтмол хийж эдийн засгийн хэвийн, хямралын үеийн шок дарамт нөлөөллийг урьдчилан тооцоолж хянаж, төлөвлөж явдаг. Төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг улирал тутам хянаж, зах зээлийн орчны нөлөөллийг тусгасан Капитрон банкны эрүүл мэндийн индексийн судалгааг тогтмол шинэчлэн, бодлогын хэмжээний шийдвэрүүдийг гарган ажилладаг. Манай банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт хангалттай сайн байгаа бөгөөд Монголбанкнаас тавьдаг шаардлагаас даруй +2 хувиар буфер тооцож явдаг. Бас эдийн засгийн сөрөг шокууд ирэх тохиолдолд “Хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр боловсруулан бэлтгэсэн. Капитрон банк макро орчны өөрчлөлтөд тулгуурласан, эрсдэлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтын тогтолцоог бий болгож олон улсын чиг хандлагатай хөл нийцүүлэхийг зорин ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье!

Эх сурвалж: “MONGOLIAN ECONOMY” сэтгүүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж