Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зургадугаар сарын 6-нд буюу Пүрэв гаригт УИХ-д өргөн барихаар болжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг сүүлийн хэдэн парламент дамнаж байгаа ч энэ удаагийн парламент илүү их ач холбогдол өгч, бүх намуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ч байгуулсан. Өнгөрсөн парламентуудад бэлтгэгдэж, боловсруулагдсан байсан нэмэлт, өөрчлөлтүүдийг сорчилж, илүү их бодит өөрчлөлт хийнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй. Гэхдээ эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцэгдэж буй.
Өөрөөр хэлбэл, төд өөрсөддөө зориулж Дэгийн хуулиа өөрчлөөд Үндсэн хуулиа хэлэлцэнэ гэсэн үг.
Эрх баригчдын зүгээс хэд хэдэн чуулганыг нээхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж зарлаж, хэлэлцэх асуудлын дараалалд оруулж байсан ч энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёстой, бидэнд ухрам зам байхгүй гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байв. Тиймдээ ч өчигдөр УИХ-ын дарга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ажлын хэсэг, намуудын төлөөлөл зэрэгтэй уулзаж, Пүрэв гаригт төслийг өргөн барих болсон гэдгийг ярилцжээ.
Эрх баригчид 2017 оны дөрөвдүгээр сараас хойш Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ. Нэгэнт өргөн барих нь тодорхой болсон учир энэ бүх ажил эцэслэгдсэн гэсэн үг.
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг тойрсон санал шүүмжлэл өнгөрсөн хугацаанд багагүй яригдсан ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэх өөрчлөлт улс төрийн хүрээнд анхаарлын төвд буй. МАН-ын боловсруулсан хуулийн төсөлд Ерөнхий сайдад эрх мэдлийг өгч, харин Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарласан заалтууд орсон гэх боловч төсөл боловсруулагдахад ийм заалт ороогүй гэж эрх баригчид онцолж буй.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдлаа гэхэд 2021 оноос хэрэгжиж эхлэх учраас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтууд хэнд "халтай" вэ гэдэг нь таашгүй асуудал биз ээ.
Одоогоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бүрэн эхээрээ олонд дэлгэгдээгүй. Мөн хэлэлцүүлгийн явцад гишүүд ямар ч горимын санал гаргаж болохыг энд тодотгоё. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шинэ Дэгийн хуульд ч горимын санал гаргах, санал хураах процессыг илүү тодорхой болгож, гурав хүртэл удаа санал хурааж болох заалтыг оруулсан. Тэгэхээр МАН-ынхны хүсч буй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт хэлэлцүүлгийн дундаас яаж ч өөрчлөгдөж орж ирэх боломжтой юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ УИХ-ын чуулганаар өөр ямар ч асуудал хэлэлцэхгүй байх дэгтэй. Гэвч сүүлд өргөн барьж, одоо хэлэлцэгдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэх Дэгийн тухай хуульд шаардлагатай тохиолдолд өөр асуудал хэлэлцэх боломжтой гэж тусгажээ.
241.7.Хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно.
Ямартай ч эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барих нь. Энэ бүхнээс урьтаж Үндсэн хуулийн өөрчлөлт дээр эрх баригчид төдийгүй ҮАБЗ, улс төрийн намууд санал нэгдэж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл жинхнээсээ яригдаж эхлэх бололтой.
Ш.ЧИМЭГ